ТББ-ууд төсвөө хаанаас бүрдүүлдэг вэ. 1990-ээд оноос ТББ-уудын 90 хувь нь гадаадын байгууллагуудын хөрөнгө оруулалтаар төсвөө бүрдүүлж ирсэн. Өдгөө УИХ-ын бараг бүх гишүүн, сайд, дэд сайд, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга, төрийн албан хаагчид өөрсдөө ТББ байгуулж, төрөөс санхүүжүүлдэг моод дэлгэрчээ. Дэлгэрэх нь бүү хэл байдал хэрээс хэтэрч, газар авсан тул ХЗДХЯ-наас Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төсөл санаачлан олон нийтээр хэлэлцүүлж, УИХ-д өргөн барихад бэлэн болжээ. Борооны дараах мөөг шиг олширсон ТББ-ууд, төрийн зарим ажлыг гүйцэтгэх үүрэг хүлээсэн атлаа үр дүн төдийлөн гаргадаггүйг олон нийт шүүмжилдэг. Шүүмжлэхээс ч аргагүйг ХЗДХЯ, “Нээлттэй нийгэм форум”, “Дефакто” институтээс хийсэн судалгаануудын үр дүнгээс хараарай.
ТББ олон нийтийнх. Олон нийтийн эрх ашгийг тээж, төрд шахалт үзүүлж, зөв шийдвэр гаргуулах, хийж чадахгүй зарим ажлыг нь гүйцэтгэж, төр, ард түмний гүүр болох учиртай байгууллага. Монголд үйл ажиллагаа явуулж буй 22 000 ТББ шуудхан хэлэхэд дээр дурдсан үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Энэ үүргээ гүйцэтгэж буй ТББ гарын таван хуруунд багтахаар цөөхөн.
“Их цааз, их эргэлт” хөдөлгөөний удирдах зөвлөлийн дарга Б.Батсайхан саяхан ТББ-уудын олон улсын хуралд оролцож, туршлага судалжээ. Тэрбээр “ХХ зуунд ашгийн төлөө байгууллага хүч түрэн гарч ирсэн. Тэр нь пүүс, компани, корпорац болж өргөжин, төрийн байгууллагатай ойртох болсон. Орчин үеийн төр ашгийн төлөө байгууллагыг дэмжсэн бодлогыг түлхүү хэрэгжүүлсэн гэдэг. Ард түмэн, төр хоёр холдож эхэлсэн. Тиймээс компани, төр хоёрын дундуур орж ард түмний эрх ашгийг хамгаалах төлөөлөл хэрэгтэй болсон. Энэ бол ТББ. Барууны төрийн бус байгууллагууд нийгмийн сайн сайхны төлөөх үүргээ сайн биелүүлдэг учраас маш их эрх дархтай, хүчтэй байдаг. Монголын ТББ төлөвшөөгүй. Төрийн сайд, төрийн байгууллагын ажилтан, албан хаагчид зохион байгуулалттайгаар ТББ байгуулдаг. Ашгийн бус хуулийн этгээд хэрнээ ашгийн төлөө улайрдаг. Яавал татвар төлөхгүй байх, яаж ашиг олох вэ гэх байдлаар ажилладаг” гэлээ.
Засгийн газар 1997 оны долдугаар сарын 2-нд 160 дугаар тогтоол гаргаж, нийгмийн хувьчлалын хүрээнд Санхүү, эдийн засгийн дээд сургууль (СЭЗДС)-ийг ашгийн төлөө бус байгууллага болгох ажлыг туршилтаар хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Улмаар дээрх сургуулийг ашгийн бус байгууллага болгох туршилт хийж, гурван жилийн дараа сургуулийн удирдах эрхийг СЭЗДС ТББ-д шилжүүлж, 30 жилийн хугацаатай гэрээ байгуулсан байна. Өдгөө Монголын хамгийн өндөр төлбөртэй сургуулиудын нэгт СЭЗДС зүй ёсоор ордог билээ.
Тус сургуулийг ТББ статустай болгосны дараахан 2002 онд их, дээд сургууль, эмнэлэг, урлаг, соёлын гээд 19 байгууллагыг хувьчлах туршилт хийжээ. Энэ мэтээр туршилт хийж төрийн өмчит сургууль, эмнэлгийг ашгийн бус, нийгэмд үйлчлэх, төрийн зарим ажлыг гүйцэтгэх, бие даасан байгууллага болгохоор төлөвлөсөн. Харамсалтай нь, дээрх 19 газрын дийлэнхийг дуудлага худалдаанд оруулж, хувийн хэвшилд бүрэн шилжүүлжээ. Хувийн хэвшилд шилжсэн зарим байгууллага өнөөдөр ч ТББ гэсэн нэрийн дор үйл ажиллагаа явуулж буй. Өөрөөр хэлбэл, ТББ-ууд нийгмийн салбарт үзүүлэх үйлчилгээний үнэ хямд, эмзэг хэсэгт хүртээмжтэй байх зорилгоосоо хазайсан.
Саяхан Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болж. Хэлэлцүүлэгт улстөрчдийн эхнэрүүд, гадаадаар аялж зургаа авхуулахаас өөрийг хийдэггүй зарим газрын дарга оролцсон хэмээн дургүйцэх хүнтэй ч таарсан юм. Энэ үеэр оролцогчид санхүүжилтийн асуудлаас үүдэн ширүүхэн маргасан сурагтай. ТББ-ууд дотоодоос санхүүжилт олох хэцүү. Тэд гадаадын доноруудаас санхүүжилт авч ирсэн. Гэтэл дээрх хуулийн төсөлд гадаадын санхүүжилтыг таслан зогсоох хувилбар орж ирсэн байна. Өөрөөр хэлбэл, гадаадаас санхүүжилт авдаг бол ашгийн төлөөх ТББ байна гэж тодорхойлсон нь маргах шалтаг болсон гэнэ. “Асуудлыг сайн судлахгүйгээр, захиалгын юм шиг хуулийн төсөл боловсрууллаа. Нийгмийн сайн сайхны төлөө ажилладаг болон ашгийн төлөө ТББ-ыг ялгах хэрэгтэй. Бор зүрхээрээ ажиллаж буй ТББ-уудыг төрийн халааснаас санхүүждэг байгууллагатай хольж эндүүрэх хэрэггүй” хэмээн хэлэлцүүлэгт оролцсон зарим төлөөлөл эгдүүцэж буй. Учир нь УИХ-ын ихэнх гишүүний үүсгэн байгуулсан, сургууль, эмнэлэг ТББ нэрээр үйл ажиллагаа явуулдаг аж.
Одоогийн хуулийн төсөл өмнөх хуулиа дордуулсан хэмээн үзэх нэгэн ч байсан. Учир нь энэ хуулийг санаачлагч нь ХЗДХЯ. Барууны ТББ-ын үзэл баримтлал нь төрийн байгууллагаа шахаж, хянах ажлыг нь сайжруулах. Монголд үйл ажиллагаа явуулж буй ТББ-уудын үүрэг ч ийм. Гэтэл тэдэнд зориулсан хуулийг төрийн байгууллага санаачлах нь зохимжгүй гэнэ. Тиймээс энэ хуулийг ТББ санаачлах ёстой гэсэн байр суурийг “Нээлттэй нийгэм форум”, “Дефакто” институтээс гаргасан. “Дефакто” институтээс Монголын ТББ-ыг Унгар, Польш улсынхтай харьцуулсан судалгаа хийсэн байна. Энэ судалгаанд дурдсанаар гадаадынхан Монголын ТББ ямар ч чадавхгүй, төрдөө нөлөөлөх чадваргүй хэмээн дүгнэжээ.
“Онги голынхон” хөдөлгөөнийхөн санхүүжилтээ хаанаас авдаг талаар сонирхлоо. Тус хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр “Орон нутгийн иргэдийн санаачилгаар байгуулсан хөдөлгөөн минь 18 жил болжээ. Эхний үед санхүүжилтээ үүсгэн байгуулагчдын халааснаас гаргасан. Энэ нь хаанаа ч хүрээгүй. Хоёрт, гишүүнчлэлийн татвар авсан. Бас үйл ажиллагаа явуулахад хүрэлцээгүй. Гуравт, гадаадын байгууллагаас дэмжлэг авч эхэлсэн. Олон улсын цөөнгүй байгууллагатай хамтарсан. Гэтэл ивээн тэтгэгч нэртэй олон улсын байгууллага Монголд нөлөөгөө тогтоох гэсэн ашиг сонирхлын зөрчил илт мэдэгдсэн. Тухайлбал, АНУ-ын Азийн сантай хамтарч ажиллалаа. 2007 оны сүүлчээс зөрчил үүссэн. Санхүүжилт өгөхдөө ямар зүйл хийхийг тулган шаарддаг болсон. Монголын ТББ-уудад санхүүжилт өгөхдөө хийх ажлын 40-өөс доошгүй хувь нь судалгаа байх ёстой гэж тулгасан. Монголын ТББ-ын идэвхтэй хэсгээр судалгаа хийлгэсэн. Гадаадынхан биднээр нарийвчилсан судалгаа хийгээд үүнийгээ тайлан хэмээн эх орон руугаа илгээдэг. Нэг ёсны тагнуул ч юм шиг. ТББ-уудаар бүх салбар чиглэлийг судлуулж эхэлсэн. Энэ нь таалагдаагүй. Мөн төлөвлөсөн ажлыг ийм, тийм аргаар хий гэж залахыг оролдсон. Бидний гаргасан тайланг цаашаа сая гаруй ам.доллароор үнэлж, өөрсдийн хийсэн ажил мэтээр бүртгүүлдэг. Тиймээс манай хөдөлгөөн санхүүжилтээс татгалзсан. Манай хөдөлгөөнийхөн, 2007 онд Дэлхийн байгаль орчны дээд шагналыг Ази тивээс авлаа. 125 000 ам.доллар дагалдаж ирсэн. Энэ мөнгөөрөө нэлээд хэдэн жил үйл ажиллагаа явуулсан. Татварын байгууллагад тайлангаа тавьдаг. Бидний хийсэн ажил далайцтай, ахицтай, ард түмэнд хэрэгтэй байсан. Тиймээс одоо ч олон улсын хараат бус байгууллагаас хамтран ажиллах санал ирдэг” хэмээн ярилаа. “Онги голынхон” хөдөлгөөнийхөн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль боловсруулах, батлуулах, батлуулсны дараа хэрэгжилтийг хангуулах ажлыг хийсэн. Мөн Байгальд орчны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг боловсруулж батлуулсан. Энэ мэтээр үүргээр хүлээсэн ажлаа жинхэнэ утгаар хэрэгжүүлж буй ТББ Монголд тун ховор. Байгаль орчны чиглэлээр орж ирсэн хандив, тусламж гэхэд жилд багадаа 100 гаруй сая ам.доллар болдог гэх. Үүнийг яамдын сайд, Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нар халаасны ТББ-аараа дамжуулан угаадаг гэсэн. Түүнчлэн ХНХЯ-тай хамтарч ажиллая хэмээн 1000 ТББ-аас санал ирсэн байдаг. Энэ олон байгууллагынхны алинтай нь хамтарч ажиллахаа мэдэхгүй тус яамныхан их л хүнд байдалд ордгоо хэлсэн.
П.САЙНЗОРИГ: ТББ-ЫН САЛБАРТ МӨНГӨ УГААХ ЭРСДЭЛ 62 ХУВЬТАЙ БАЙНА
ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзоригтой Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төслийн талаар ярилцлаа.
-ТББ-ын тухай хууль нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй нь гэх хүн олон байна.
-Одоо мөрдөж буй ТББ-ын тухай хуулийг 1997 онд баталсан. Хууль хэрэгжиж эхлэхэд 1075 ТББ байсан. Өдгөө энэ тоо 22 000 болж өсжээ. Өнгөрсөн хугацаанд нийгэм, эдийн засгийн амьдрал их өөрчлөгдсөн. Тиймээс хуулийг боловсронгуй болгох шаардлагатай гэж ХЗДХЯ-наас дүгнэсэн. Энэ зорилтын хүрээнд Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төслийг ХЗДХЯ боловсрууллаа. Хуулийн төслийг боловсруулахад иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оруулсан. Энэ чиглэлд ажилладаг судлаачид ажлын хэсгийн зөвлөхөөр ажилласан.
-Энэ хуулийг баталснаар ямар эерэг өөрчлөлт авчрах вэ?
-Нэгдүгээрт, энэ салбарт хууль, эрх зүйн хэт ерөнхий байдал буюу тодорхойгүй зөрчилтэй, хийдэлтэй байдал арилна. Иргэний нийгмийн салбар, тэр дундаа ашгийн төлөө бус байгууллагын хувьд эрсдэлтэй болсон. Цаашдаа, хууль, эрх зүйн орчныг сайжруулах ёстой. Өөрөөр хэлбэл, иргэний хуулийн суурь зохицуулалт, улсын бүртгэлийн багц хуультай уялдуулах асуудлыг авч үзэж буй. ТББ-ын санхүүгийн эх үүсвэр, хандив тусламжийн дүн, эргэн зарцуулалт тодорхой бус, хянагддаггүй, эрх зүйн орчин муу байгаагаас мөнгө угаах эрсдэл энэ салбарт 62 хувьтай байна. ФАТФ-аас танайх энэ салбараа сайжруулаарай хэмээн зөвлөж буй. Манайхан хуулийн төсөл боловсруулж буйг тэд сайшаасан.
-ТББ-уудаар төрийн зарим чиг үүргийг гүйцэтгүүлэх заалт одоогийн хуульд бий. Энэ заалт хэрэгждэг үү?
-Төрийн зарим чиг үүргийг ашгийн төлөө бус хуулийн этгээдээр хэрэгжүүлэх асуудлыг олон жил ярьж буй. Энэ ажил бодит байдал дээр сайн явдаггүй. Өнгөрсөн хугацаанд цөөхөн ТББ-д төрийн зарим чиг үүргийг шилжүүлсэн байдаг. Төдийлөн үр дүн гараагүй. Гол төлөв хуультай ТББ байдаг. Тодруулбал, Хуульчдын, Өмгөөлөгчдийн холбоо, нотариатчдын танхим, нягтлан бодох бүртгэлийн институт зэрэг хуультай мэргэжлийн холбоодууд энэ ажлыг хийж ирсэн. Гэхдээ зарим салбарын мэргэжлийн холбоод хоёр, гурав задраад, маргадаг. Үүнээсээ болоод олон улсын тэмцээнд эх орноо төлөөлж чадахгүй хэмжээнд очдог. Ямар сайндаа олон улсын холбооноос “Дотроо учраа олоод ир” гэж байх вэ дээ. Тиймээс хууль, эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай. Хууль, эрх зүй орчин нь тодорхойгүй байдлаас болж төрийн чиг үүргийг шилжүүлэх, иргэний нийгмийн оролцоог төрийн шийдвэр гаргахад оролцуулах асуудал орхигддог.
-Хуультай салбарууд цаашдаа бас ТББ хэвээр үлдэх үү?
-ТББ-ын нэрээр шашны үйл ажиллагаа явуулж буй нэлээдгүй байгууллага бий. Шашны байгууллагын асуудлыг төр шашны байгууллагын хуулиар зохицуулна. 1997 оны хуульд ч ингэж заасан. Гэвч ТББ, холбоодууд шашны үйл ажиллагаа явуулдаг. Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төслөөр ялгааг гаргасан. Мэргэжлийн байгууллагыг ТББ гэж үзэхгүй. Улс төрийн нам нь өөрсдийн, шашных нь шашны хуулиараа явна. Олон улсын чиг хандлагаар ТББ нь дөрвөн зүйлийг тайлагнадаг. Өөрөөр хэлбэл, хандив, гишүүдийн татвар хураамжаа хэрхэн зарцуулав гэдгээ мэдээлнэ. Мөн олон нийтэд болон татварын байгууллагад тайлангаа өгөх ёстой. Энэ бүгдийг хуулийн төсөлд тусгасан. Магадгүй төрийн зарим үүргийг шилжүүлж авсан, ашгийн төлөө бус хуулийн этгээд төрд дааж авсан ажлаа хэрхэн яаж хэрэгжүүлэв гэдгээ тухай бүрт тайлагнах байх.
-Олон нийтэд тустай байх үүргээ ТББ гүйцэтгэж чаддаг уу?
-ТББ ашгийн төлөө бус байх ёстой. Гэтэл ТББ нэрээр халхавчилж, бизнесийн ашиг олох үйл ажиллагаа дэндүү их байна. Ялангуяа, боловсрол, эмнэлгийн салбарт энэ байдал түлхүү бий болсон. ТББ хэлбэрээр сургууль, цэцэрлэг байгуулж, татвараас зугтааж байгааг судалгааны үр дүн харуулсан. Тэр байтугай банк, банк бус санхүүгийн байгууллага дэргэдээ ТББ нээчихсэн сургалт хийж, ашиг олдог болж. Энэ асуудлыг цэгцлэх ёстой. Яг аль байгууллага нь нийтэд тустай, нийгмийн сайн сайхны төлөө үйл хэрэг явуулж байна вэ гэдгийг ялгаж, салгахаар энэ хуулийн төслийг боловсруулсан. Хавтгайрсан татварын чөлөөлөлт нь ТББ-ын салбарт ашгийн төлөө байгууллага орж, тоглолт хийх нөхцөл бүрдүүлсэн.
-Ашиг олох зорилгоор л ТББ байгуулдаг болсон юм биш үү?
-Бизнесийн байгууллагуудын эрх зөрчигдөн, шүүх дээр маргаан үүсэж байна. Жишээ нь, ТББ нэрээр сургууль байгуулчихаад байтал үүсгэн байгуулагч нас бардаг. Хөрөнгийг нь үр хүүхэд нь өвлөх эрх хязгаарлагдаж, олон нийтийнх болдог. Энэ асуудлыг одоо л цэгцлэхгүй бол бид хаа хаанаа ойлголцохгүй, замбараагүй байдал газар авах нь. Асар олон их, дээд болон дунд сургууль, эмнэлэг ТББ нэрээр үйл ажиллагаа явуулдаг. Татвараас зайлсхийж, цэвэр ашиг олох зорилгоор явж байна. Үүний цаана ашиг хуваарилдаг. Үүнээс болж маргасан тохиолдол гарсан. ТББ-ынхан иргэд олон нийтэд хандаж, нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулна хэмээн их хэмжээний хандив авдаг. Үүнийгээ ашгийн төлөө байгууллага болгосон тохиолдол гарсан. Ийм асуудлыг цэгцэлж, хамрыг нь тас цохихоор тодорхой ажлууд хийж байна.
-Энэ замбараагүй байдлыг яаж цэгцлэх вэ?
-Хууль, эрх зүйн орчныг сайжруулна. ТББ дотоод засаглалын хувьд өөрсдийгөө бэхжүүлэх ёстой. Гишүүддээ үйл ажиллагаагаа тайлагнадаг, олон нийтэд үйлчлэх үүрэгтэй. Төрийн зарим ажлыг гүйцэтгэх боломжийг нь бүрдүүлэх гэж байна. Иргэний нийгмийн цаашдын хөгжилтэй энэ салбарын үйл ажиллагааг уялдуулах, төр, засгийн шийдвэрт дуу хоолойгоо хүргэх ёс зүйн төлөвшил, ерөнхий чадавхыг сайжруулна. Үүний тулд Иргэний нийгмийн зөвлөл байгуулахаар болсон. Гишүүдийг есөн чиглэлийн иргэний нийгмийн төлөөллөөс сонгоно. Иргэний нийгмийн зөвлөл ашгийн төлөө бус үйл ажиллагаа явуулж буй ТББ-уудын үйл ажиллагааг уялдуулах, төр, засагтай холбох, энэ чиглэлд ажиллах институт байх юм.