Уул уурхайн салбар энэ оны есдүгээр сарын эцсийн дүнгээр улсын төсөвт 1.9 их наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлснийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Тус салбар сүүлийн жилүүдэд Монгол Улсын төсвийн орлогын 25 орчим хувийг бүрдүүлж байгаа билээ. Улсын төсөвт алтнаас 30, нүүрснээс 933, цайраас 57.7, зэсээс 803.9, төмрийн хүдрээс 18.8, жоншны баяжмалаас 24.2, бусад эрдэс бүтээгдэхүүнээс 55 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.
Төсөвт төвлөрүүлсэн орлогыг өнгөрсөн оны есдүгээр сарынхтай харьцуулахад 360.6 тэрбум төгрөг буюу 23.1 хувиар өссөн аж. Үүнд нүүрсний орлого 280.9, зэсийнх 87.4, төмрийн хүдрийнх 5.4, жоншны баяжмалынх 11.8, бусад эрдэс бүтээгдэхүүнийх 0.7 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Харин алтны орлого 21.1 тэрбум төгрөг буюу 40.9, цайрынх 4.5 тэрбум буюу 7.3 хувиар буурсан гэнэ.
Бэлтгэсэн: Т.Бат