“Тогтвортой хөгжлийн төлөөх нутгийн захиргааны байгууллагуудын зөвлөл ICLEI” болон Сөүл хотын захиргаанаас Seoul Mayors Forum буюу Хотын дарга нарын форумыг БНСУ-ын Сөүл хотноо зохион байгууллаа. Тус форумын “Уур амьсгал болон олон улсын эрчим хүчний хөгжилд чиглэсэн үйл ажиллагааны ач холбогдол” сэдэвтэй дээд төвшний хэлэлцүүлэгт Улаанбаатар хотыг төлөөлөн Нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал “Уур амьсгалын өөрчлөлт, агаарын чанар болон барилга байгууламжийн дулаан, эрчим хүчний хэмнэлтийн ач холбогдол” сэдвээр илтгэл тавьж оролцлоо.
Уг илтгэлд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход Монгол улсын баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, тодруулбал Монгол Улсын “Ногоон хөгжлийн бодлого”, “Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр”, Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах Монгол Улсын зорилтот хувь нэмэр (ЗХН)-ийн үзэл баримтлал болон уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Улаанбаатар хотын оруулах хувь нэмрийн талаар танилцуулж, Улаанбаатар хотын агаарын чанар, барилга байгууламжийн дулаан алдагдал болон эрчим хүчний хэмнэлтийн талаар авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар тодорхой мэдээлэл өглөө. Гишүүн хотуудын илтгэлээс гадна тус өдөр Сөүл хот Дэлхийн хотын захирагчдын гэрээнд нэгдсэнээ тэмдэглэн албан ёсоор гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа болов.
Арга хэмжээний хоёр дахь өдөр “RexCom”-ын Гишүүд “ICLEI-ийн үйл ажиллагааг Зүүн Азийн бүсэд хөгжүүлэн тэлэхэд өөрсдийн оруулсан хувь нэмрийн талаар танилцуулж, 2018 оны 5 дугаар сараас 2019 оны 9 дүгээр сар хүртэл хийсэн ажлуудаа тайлагнав. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын хийж гүйцэтгэсэн ажлуудын гүйцэтгэлийн тайланг нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал танилцуулсан байна.
Нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал Киото хотын Байгаль орчны бодлогын товчооны Байгаль орчин, эрчим хүчний газрын дарга Ноён Такеши Шимотцуматай уулзсан байна. Уулзалтаар Киото болон Улаанбаатар хотын хамтран ажиллах болон цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар ярилцсан байна.