Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдын санаачлагаар Хан-Уул дүүргийн 250 гаруй ажилтан, албан хаагчид гурван цагийн дотор 3070 шуудай 76750 кг шахмал түлш савлаж, ажлын хөлсөөрөө дүүргийн ганц бие хэвтрийн хөгшид, өрх толгойлсон олон хүүхэдтэй эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг зорилтот бүлгийн 20 гаруй өрхүүдэд сайжруулсан шахмал түлш хандивлажээ. Үүгээр ч зогсохгүй дүүргийн Төр, хувийн хэвшлийн байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг утааны эсрэг нэгдэхийг уриалсан “Эко дүүрэг – Утаагүй орчин” аяныг эхлүүлсэн байна.
Тус сайн үйлсийн аянд сайн дураараа Хан-Уул дүүрэг дэх ОСНААУГ-ын “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-10” буюу бидний ярьж заншсанаар орон сууцны конторын 50 ажилтнууд дүүргийн 6 дугаар хороонд байрлаж буй “Таван толгой түлш” ХХК-ийн шахмал түлшний дундын агуулах дээр гурван цагийн турш ажиллаж, 800 шуудай 20000 тн шахмал түлш савлаж, ажлын хөлсөөрөө дүүргийн зорилтот бүлгийн айл өрхүүдэд савласан шахмал түлшийг хандивлалаа.
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүгээс дүүргийн ажилтан, албан хаагчид сайн дураараа нэгдэн сайжруулсан түлшний нөөц бүрдүүлэх ажилд хувь нэмрээ оруулж, ажлын хөлсөөрөө зорилтот бүлгийн иргэдэд түлшээр тусламж өгч бусдыгаа уриалан дуудаж байгаад компанийн зүгээс талархал илэрхийлж, нийслэлийн дүүргүүдийн албан хаагчдыг нэгдэхийг уриаллаа.
Эко дүүрэг уриатай Хан-Уул дүүргийн төрийн албан хаагчид дүүргийн Төр, хувийн хэвшлийн байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг “Эко дүүрэг – Утаагүй орчин” утааны эсрэг аянд хамтдаа тэмцэхийг уриалан дуудсаар байна. Бодит үр дүнтэй санаачлагатай ажил хэрэгжүүлж буй дүүргийн удирдлагууд, албан хаагчдад иргэд баярлаж, талархсанаа илэрхийлэв.