Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2019 он гарснаас хойш 110.5 тэрбум төгрөгөөр буурчээ. Ингэснээр зах зээлийн нийт үнэлгээ одоогоор 2.39 их наяд төгрөгт хүрээд байна. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ хувьцаануудын ханш доошилсноос шалтгаалж үүнээс ч өндөр дүнгээр унах байсан гэнэ. Харин энэ онд Монголын хөрөнгийн биржид шинээр бүртгүүлсэн хувьцааны ханш өссөн нь уналтыг саармагжуулсан гэж шинжээчид дүгнэж байна. Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 85 компанийн хувьцааны ханш хямдарч, зах зээлийн үнэлгээ нь буурчээ. Үүнээс нэгдүгээр ангилалд бүртгэлтэй компаниудын зах зээлийн үнэлгээ хамгийн өндөр дүнгээр унасан үзүүлэлт гарсан аж. Тухайлбал, АПУ компанийн зах зээлийн үнэлгээ 151.25, “Говь”-ийнх 59.48, “МИК холдинг”-ийнх 52.39, “Тавантолгой”-нх 51.88, “ЛэндМН ББСБ”- ынх 21.22 тэрбум төгрөгөөр буурчээ.