Эрчим хүчний зохицуулах хороо, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Улаанбаатар дулааны сүлжээ” компани хамтран өвлийн бэлтгэлийг бүрэн хангасан тухай мэдээлэн, дулаан дамжуулах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй өнгөрсөн баасан гарагт уулзаж, хэлэлцүүлэг өрнүүлэв. “Улаанбаатар дулааны сүлжээ” компани нь “ДЦС-4”, “ДЦС-3”, “ДЦС-2” болон “Амгалан” дулааны станцад боловсруулсан дулаанаар нийслэлийг хангадаг. Тэд төвлөрсөн дулааны шугам сүлжээнд холбогдсон бүх хэрэглэгчийг буюу 2700 гаруй аж ахуйн нэгжийн гэрээтэй байгууллага, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа гурван түгээх, хэрэглэгчид үйлчлэх 16 төвийн 9000 барилга, объектын халаалт, хэрэглээний халуун усыг нийлүүлдэг байна.
...Тиймээс сүүлийн хоёр жилд шалгуур хангасан, хүн хүч, боловсон хүчний нөөц сайтай аж ахуйн нэгжүүдэд дулаан дамжуулах тусгай зөвшөөрөл олгож эхэлснээр энэ онд дээрх тоог 60 гаруйд хүргэсэн байна....
Сүүлийн таван жилд Улаанбаатарт барилга, байгууламжийг олноор барин, дулаан хангамжийн эрэлт тогтмол өссөнтэй холбоотойгоор жилд 200 гаруй шинэ хэрэглэгч дулаан авах хүсэлтээ холбогдох байгууллагуудад нь ирүүлжээ. Ингэснээр ачааллыг 5-8 хувь буюу 100-150 Гкал-аар өсгөх шаардлага үүсгэж буйг мэргэжилтнүүд дурдсан юм. Энэ өвлийн бэлтгэлийг хангах, засвар үйлчилгээ, техникийн шинэчлэлийн ажлуудаа “Улаанбаатар дулааны сүлжээ” компани бүрэн дуусгасан бөгөөд шинээр долоон байршилд дулааны төвлөрсөн хангамж сүлжээг оруулсан байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн VII хороо буюу 720 өрх, 3500 гаруй оршин суугчтай “Хилчин” хотхоны төвлөрсөн дулаан хангамжийг бүрэн шийдсэн гэнэ.
Тус хотхоныг халаахын тулд 10 гаруй жил ажиллан, нүүрс их хэмжээгээр зарцуулж байсан уурын зуухыг зогсоожээ. Ингэснээр агаарын бохирдлыг тодорхой хэмжээгээр бууруулахын зэрэгцээ хэрэглэгчдийг найдвартай, дулааны чанартай эх үүсвэрээр хангах нөхцөл бүрдүүлжээ. “Хилчин” хотхон руу төвлөрсөн дулааны шугам татсанаар Сонгинохайрхан дүүргийн 3-4 цэцэрлэг, ерөнхий боловсролын нэг сургууль, эрүүл мэндийн амбулаторийг дулаанд холбох боломж бүрдсэн бөгөөд эл ажлыг ирэх онд хийхээр төлөвлөсөн аж. Түүнчлэн нийслэлийн шинэ дэд төв болох “Баянхошуу”, “Сэлбэ”-д нийт 30 км-ийн урттай дулааны шугам татах ажил 55 орчим хувийн гүйцэтгэлтэй байгааг дурдсан юм.
“2-3 ЖИЛИЙН ДАРАА ДУЛААН ХАНГАМЖИЙН АСУУДАЛ ХҮНД БАЙДАЛД ОРНО”
“Улаанбаатар дулааны сүлжээ” компанийн хариуцдаг 250-1200 мм-ийн голчтой 370 орчим км урт дулаан дамжуулах болон бусад шугам байдаг аж. Тэдгээрийн 30 гаруй хувийнх нь насжилтын хугацаа дуусжээ. Одоогоор 170 км урт шугамыг бүрэн шинэчлэх шаардлага үүссэнийг тус компанийн Техникийн бодлогын хэлтсийн дарга Ш.Мөнхжаргал хэлэв. Тэрбээр “Сүүлийн жилүүдэд улсын болон нийслэлийн төсөв, компанийн хөрөнгөөр шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажлуудыг тодорхой хэмжээгээр хийж ирсэн. Гэхдээ бүрэн солих шаардлагатай шугамын урт нэмэгдсээр байгаа нь тухайн шугамуудыг суурилуулж, ашиглаж эхэлснээс хойш огт шинэчлээгүй, их болон урсгал засвар хийж, түр аргацааж ирсэнтэй холбоотой. Өвлийн улиралд дулаан хангамжийг бүрэн зогсоох боломжгүйгээс дулааны шугамд гэмтэл, саатал гарвал нэг удаагийн арга хэмжээ авч, засаж янзлаад хэвийн горимд шилжүүлдэг. Мөн жил ирэх бүр шинэ хэрэглэгчийн тоо нэмэгдэж буйтай холбоотойгоор дулааны эрэлт өсөж байгаа тул эх үүсвэрийн тоог олшруулах, чадлыг нэмэгдүүлэхгүй бол 2-3 жилийн дараа дулаан хангамжийн асуудал хүнд байдалд орно. Өөрөөр хэлбэл, улаанбаатарчуудыг дулаанаар хангах эх үүсвэрийн чадал хүрэлцэхгүй болж, дамжуулах шугам нь бүрэн элэгдэнэ гэсэн үг. Дулааны станц барихад 5-6 жилийн хугацаа шаардлагатай тул цаг алдалгүйгээр барих, эсэхээ шийдэн, ажлаа эхлүүлэх, дулааны станцуудын хүчин чадлыг үе шаттайгаар, тогтмол нэмэгдүүлэх хэрэгтэй. Энэ талаар мэргэжилтнүүд удаа дараа ярилцан, холбогдох байгууллагуудад нь албан бичиг хүргүүлж, хурал, зөвлөгөөний үеэр хөнддөг ч үр дүнгүй шахам байна” гэсэн юм.
Үйлдвэрлэгчдээс халуун усны температурыг өндөр буюу шаардлагатай түвшинд нийлүүлсэн ч хэрэглэгч аж ахуйн нэгж, айл өрхийг хангалттай дулаан байлгадаггүй тохиолдол цөөнгүй гардаг байна. Энэ нь дулаан дамжуулах тусгай зөвшөөрөл авсан байгууллагуудын үйлчилгээний чанараас хамаарч болдгийг дээрх хурал, хэлэлцүүлэгт оролцогчид дурдав. Дулаан дамжуулах үйлчилгээ эрхлэгчид буюу Орон сууц, нийтийн аж ахуйн конторууд нь (ОСНААК) хамарч буй хүрээ, хэрэглэгчийн тооноосоо шалтгаалж үйлчилгээ үзүүлсний төлбөрийг улсаас авдаг. Тиймээс нэг үе нийслэл дэх ОСНААК-уудын тоо 400 гарч, хэрэглэгчдээс ирүүлдэг санал гомдлын тоо ч нэлээд ихэсжээ. Үүнийг олон аж ахуйн нэгж байхын хэрээр шаардлагатай мэргэжилтэн, сангийн ажилтнууд хүрэлцэхгүй болж, үйлчилгээний чанар нь муудсан хэмээн тайлбарлаж болох юм байна. Тиймээс сүүлийн хоёр жилд шалгуур хангасан, хүн хүч, боловсон хүчний нөөц сайтай аж ахуйн нэгжүүдэд дулаан дамжуулах тусгай зөвшөөрөл олгож эхэлснээр энэ онд дээрх тоог 60 гаруйд хүргэсэн байна. ОСНААК-ынхон дулаан дамжуулж буй шугам сүлжээний бүрэн бүтэн байдалд анхаарч, хэрэглэгч, айл өрхүүдийн дулаан алдагдлын шалтгааныг тодорхойлж, шугам хоолой, халаагуурыг оношилж, засварлах, дулааныг үр ашигтай зарцуулах, өнтэй өвөлжихөд шаардлагатай зөвлөгөө, үйлчилгээг үзүүлэх ёстой гэнэ. ОСНААК-ын тоог цөөрүүлж, үйл ажиллагаанд нь тавих хяналтаа нэмэгдүүлснээр сүүлийн хоёр жилд “Халаалт муу байна” гэсэн гомдлын тоо буурсан талаар Эрчим хүчний зохицуулах хорооны Хэрэглэгч, орон нутгийн хэлтсийн мэргэжилтэн Э.Чинзориг дурдсан.
Эрчим хүчийг хэмнэх, дулааны алдагдлыг бууруулахад насжилт ихтэй барилга байгууламжийг дулаалах нь одоогоор зардал багатай, үр дүнтэй аргад тооцогдож буй гэнэ. Үүний хүрээнд энэ жил нийслэлийн зургаан дүүрэг дэх, угсармал 24 орон сууцыг дулаалж буй бөгөөд одоогоор ажлын явц нь 70-80 хувьтай байна. Барилгуудыг дулаалснаар дулааны алдагдал буурч, эрчим хүчээ 10-15 хувиар хэмнэх боломжтой гэнэ. Ер нь нийслэлд нийт 500 гаруй орон сууцыг дээвэр, барилгын заадас болон гадна фасаднаас нь дулаалах шаардлагатай, үүнд 430 гаруй тэрбум төгрөг зарцуулах тооцоо бий аж. Юутай ч холбогдох байгууллагуудаас нь энэ өвөл нийслэлчүүдийг дулаан, тохь тухтай өвөлжүүлэх бэлтгэлийг бүрэн хангаснаа мэдээлэв. Тэд гэнэтийн осол, гэмтлийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ тодорхойлон, хамтран ажилладаг байгууллагууддаа зөвлөгөө хүргүүлж, тулгамдаж буй асуудлаа хэлэлцлээ.