Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXVIII хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-ыг дэмжих тухай асуудлыг хэлэлцэв. Уг асуудлыг хэлэлцэх явцад төлөөлөгчдийн зүгээс саналуудаа тусгуулах шаардлагатай хэмээн үзсэн тул НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор ажлын хэсэг гарсан байдаг. “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-ыг боловсруулах ажилд санал, дүгнэлт өгөх үүрэг бүхий ажлын хэсгийн санал дүгнэлтийг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан танилцуулав.
Танилцуулга, мэдээлэлтэй холбогдуулан төлөөлөгчид саналаа хэлсэн юм. Тодруулбал, Төлөөлөгчид ерөнхий төлөвлөгөөний концепцыг дэмжиж буйгаа илэрхийлэв. Ингээд ажлын хэсгийн саналыг дэмжиж, “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал”-ыг дэмжиж тогтоол гаргалаа.
Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг сонсов
Хуралдааны төгсгөлд төлөөлөгч Д.Баттулгын гаргасан саналын дагуу Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилт, сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар мэдээлэл сонсов.
Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан дээрх асуудлаар мэдээлэл хийсэн бөгөөд “Нийслэлийн Онцгой комисс өнгөрсөн хугацаанд нийтдээ таван удаа хуралдаж, холбогдох мэргэжлийн байгууллага, албан тушаалтнуудын мэдээллийг сонсож, шуурхай арга хэмжээ авч ажилласан. Нийслэлийн Засаг дарга “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” захирамж гаргаж, энэ сарын 5-ны өдрөөс эхлэн шуурхай штабыг байгуулан ажиллаж байна” гэв.
Аравдугаар сарын 2-24-ний өдрүүдэд угаарын хийн хордлогын улмаас 247 удаагийн дуудлагаар 580 иргэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлжээ. Тэдний 250 нь хүүхэд, 330 нь насанд хүрсэн иргэн байсан аж. Одоогийн байдлаар хоёр том хүн, нэг хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Засгийн газрын 62 тогтоолын хэрэгжилтийн явцын мэдээллийг сонсож, төлөөлөгчид зарим зүйлсийг тодруулж асуув. Төлөөлөгч Ц.Баатархүү “Сайжруулсан шахмал түлшний хүрэлцээ тааруу байна гэсэн мэдээлэл иргэдээс ирүүлж байна. Хэдий хэмжээний түлш нөөцлөөд байна вэ. Түлшний дээжийг олон улсын лабораторид явуулсан гэсэн мэдээлэл бий. Хаашаа явуулсан бэ? гэсэн асуултад Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Түүхий нүүрс хориглох шийдвэр гарснаас хойш түүхий нүүрсний хэрэглээг судалсан. Өнгөрсөн есдүгээр сард 26.6 мянган тонн сайжруулсан түлш хэрэглэх тооцоо гаргасан. Түлшний хүрэлцээ, хангамжид санаа зовохгүй байж болно. Түлшний дээжийг нийтдээ дөрвөн улс руу шинжилгээнд явуулсан. Олон нийтийн эргэлзээ байгаа учраас гадаадын шилжилгээнд явуулж, иргэдэд итгэл төрүүлэх учиртай. Барьцалдуулагч материал нь цэвэр эко бүтээгдэхүүн байгаа. Ямар нэгэн хортой зүйл бол байхгүй” гэсэн тайлбарыг өглөө.
-Төлөөлөгч Н.Батсүмбэрэл “Утаа буурч байгааг харж, мэдэрч байна. Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлоос үүдэн маш олон ураг эндсэн, өсөлтгүй болсон, амьсгалын замын өвчнөөр өвчилсөн гээд асуудал олон байсан. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй. Тэгвэл өнөөдөр бодит үр дүн харагдаж байна. Харин түгээлтийн цэгүүдийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай байна. Мөн иргэдийг мэдээллээр хангахад анхаарч ажиллах хэрэгтэй.
- Төлөөлөгч Л.Нарантуяа “Түгээлт, борлуулалтын асуудалд анхаарахыг байнга ярьж байгаа. Гэтэл ажил, хэрэг болгох тал дээр тааруу байна. Тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд нийслэл түлшний борлуулалт, түгээлтийг хариуцах ёстой. Харин түлшний чанартай холбоотой асуудлын хариуцлагыг Засгийн газар хариуцах ёстой”.
-Төлөөлөгч Д.Баттулга “Хийхэд хэцүү, шүүмжлэхэд амархан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэдэгдэл гаргаад “Энержи ресурс” компани хог хаягдлаа нааш нь шахаж байна гэсэн. “Энержи ресурс” болохоор “Бид Засгийн газрын өгсөн үүрэг чиглэлийг хэрэгжүүлж байна. Тийм зүйл байхгүй” гэсэн. Арванхоёрдугаар сар, нэгдүгээр сард сайжруулсан түлшний хомсдол үүсэх үү. Байгальд байсан нүүрсийг барьцалдуулсан юм чинь ямар юмны хор байх юм бэ. Бид асалтын зөв бурууг л ярих ёстой. Мод түлсэн ч угаартдаг шүү дээ. Сайжруулсан түлшийг төслийн зууханд л түлэх ёстой гэдгийг анхааралдаа авах ёстой шүү” гэсэн саналуудыг хэлсэн юм.
Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын явцын талаар, сайжруулсан шахмал түлшний түгээлт, борлуулалт, нөөцлөлтийн асуудлаар хэлэлцсэний эцэст НИТХ-аас Тэмдэглэлээр үүрэг өгч, гарсан саналуудыг холбогдох газарт хүргүүлэхээр боллоо.