Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан анх удаа “Ulaanbaatar International Day 2019” олон улсын өдөрлөгийг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид, Монгол Улс дахь Элчин сайдын яамд, олон улсын байгууллага, Улаанбаатар хоттой ах, дүү найрамдалт харилцаат зургаан орны 16 хотын 60 гаруй төлөөлөгч оролцов.
“Ulaanbaatar International Day 2019” олон улсын өдөрлөгийн үеэр харилцан туршлага солилцох зорилгоор “Монгол Улсын нийслэлийн түүх Уламжлал ба шинэчлэл” сэдвийн хүрээнд Монгол улсын түүхчид, хотын хөгжлийн судлаачид илтгэл тавьж хэлэлцүүлэг хийлээ. Тодруулбал,
- Монголын хот суурины түүхэн уламжлал ба эртний нийслэл Хархорум хотын талаар Монгол Улсын их сургуулийн багш доктор, профессор У.Эрдэнэбат илтгэл тавилаа.
- Улаанбаатар хотын хөгжил ба төлөвлөлтийн асуудлаар нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын орлогч дарга Ц.Тулга илтгэл хэлэлцүүллээ.
- Монгол Улсын хөгжилд Улаанбаатар хотын эзлэх байр суурь болон нийслэл Улаанбаатар хотын гадаад харилцаа ах дүү хотуудын хамтын ажиллагааг жишээ болгох нь зэрэг сэдвүүдээр илтгэл сонсч хэлэлцсэн юм.
Мөн “Хотуудын өмнө тулгамдаж байгаа асуудал ба гарц шийдэл, цаашдын хамтын ажиллагаа” сэдвийн дор 12 орны төлөөлөл илтгэл тавьж, нийт оролцогчид санал асуулга өрнүүлсэн юм. Тухайлбал,
- “Улаанбаатар хотын Захиргаа болон Азийн Хөгжлийн Банкны урт хугацааны тогтвортой, ногоон, иж бүрэн түншлэл” сэдвээр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн Арнауд Хэкманн,
- Мияконожо хотын хөгжлийн бодлого болон хог хаягдлыг боловсруулах талаар Мияконожо хотын орлогч дарга Ивасаки Торү,
- Чөндүү хот дэлхийд алдартай аялал жуулчлал, үзэсгэлэн худалдааны төв болох сэдвээр Чөндү хотын орлогч дарга Ню Чинбао болон “Иргэдийн оролцоотой аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” сэдвээр Бангкок хотын Соёл, аялал жуулчлалын хэлтсийн дарга Синг Лимпират нарын илтгэлийг сонссон юм.