Энэ он гарснаас хойш улсын хэмжээнд ахуйн гал түймэр 3645 удаа гарч, 42 иргэн амиа алджээ. Тэдний 26 нь том хүн, 15 нь хүүхэд байсан аж. Мөн 32 хүн галд түлэгдэж, гэмтжээ. Ахуйн гал гарах гол шалтгаан нь айлуудын пийшин, зуух нь эвдэрхий, эсвэл цогтой үнс нурам ил задгай асган, хараа хяналтгүй орхиж байгаатай холбоотойг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв. Бас бага насны хүүхэд, иргэдийн болгоомжгүй үйлдэл, цахилгааны зориулалтын бус утас ашигласан зэрэг үйлдэл ч гал гарах шалтгаан болдог гэнэ. Иймд тус газраас иргэдэд зориулан, болзошгүй галын аюулаас сэргийлэх зөвлөмж өгчээ. Уг зөвлөгөөг хүргэе.
- Яндан цонож, халахаас хамгаалъя
Пийшин, зуухны яндангийн хамгаалалтыг галд тэсвэртэй материалаар хийх шаардлагатай юм байна. Яндангийн ил гарсан хэсэг нь гэр, байшингийн дээврээс 60-80 см-ээр өндөр байх шаардлагатай аж.
- Үнс нурмаа ил задгай асгахгүй байя
Ахуйн галын шалтгааны 36.5 хувь нь цогтой үнс нурмыг ил задгай асгаснаас шалтгаалдаг аж. Тиймээс халуун үнсийг тагтай саванд хийж хэвших ёстой гэнэ.
- Эвдэрч гэмтсэн цахилгаан хэрэгсэл ашиглах хэрэггүй
Бүрэн бүтэн байдал нь алдагдсан, шалбарсан, зарим хэсэг нь халж, хайлсан, залгуур, унтраалга нь эвдэрсэн цахилгаан хэрэгслийг бүү ашигла.
- Бензин болон бусад шатах, тослох материал гэртээ хадгалах ёсгүй
Хялбар гал гаргах асаагуур, чүдэнзийг хүртэл хүүхдийн гар хүрэхээргүй газарт нуух ёстой. Гэртээ утаа мэдрэгч суурилуулж, гал унтраагууртай болоорой.