Хэд хоногийн өмнө “Цэцэг” төвийн автобусны буудалд зогсож байсан хүмүүсийг эрүүл, согтуу нь мэдэгдэхгүй нэгэн эр “бужигнуулав”. “Би хаана шээх вэ” гэж харсан хүн болгоноосоо чанга асуух түүний өөдөөс хөгшин, залуугүй мөрөө хавчаад нүүрээ буруулах. Тэгж явсаар хажууд минь ирсэн түүнд “Энэ шүдний эмнэлэг, эмийн сангийн аль нэг рүү ороод учраа хэлбэл зөвшөөрч магадгүй” гэснээр эзнээ тавгүйтүүлсэн “муу давсгийн хэргийг” шийдчихэв. Бие засах нь физиологийн гарцаагүй шаардлага, идэж, унтахтай адил нэн чухал үйл явц. Унтах, идэхийг хааяадаа тэвчиж, хойшлуулж болох ч биеэс гадагшлуулах ёстой өтгөн, шингэнийг харин хорьж, барих нь тэвчээр, тэсвэр, ухамсраас үл шалтгаалах хатуу үйл. Бие засах газар олдоогүйн улмаас сандарсандаа хүүхэд шиг хүн хүн царайчлан явсан тэр залуу байшингийн мухарт очоод “муу усаа” асгаж болох л байсан. Талархууштай нь тэгээгүй. Харин ухамсартай байсныхаа төлөөсөнд “Согтуу юу, солиотой юм уу” гэж хүмүүст адлуулсан.
XXI зууны Улаанбаатарт гудамж, талбайд морь харчихдаг асуудал байсаар байгаа нь нийтийн бие засах газар нүдний гэм шахам байгаатай тодорхой хэмжээгээр холбоотой. 2010 онд нийслэлийн Засаг даргын захирамжаар хүн амын хөдөлгөөн ихтэй төв хэсгүүдэд, ялангуяа үзвэр, үйлчилгээний байгууллага, автобусны буудлын оройлцоо гээд 22 байршилд нийтийн бие засах газар байгуулах болж, тус бүрийг нь 50 орчим сая төгрөгөөр төсөвлөсөн байдаг. Өнөөдөр хотын гудамж, талбайд хааяахан таарах “Сити тойлет” гэсэн хаягтай “нийтийн бие засах” газрууд бий болсон эхлэл ийм. Нийтийн бие засах газар гэдгийг хашилтад бичсэн учир нь тэдгээрийг ихэвчлэн хаалттай байлгадаг, эсвэл зүс царайг нь өөрчлөөд зориулалтын бусаар ашиглачихдаг.
Зөвхөн сүүлийн үед босгосон нийтэд зориулсан “00” гэлтгүй 1990-ээд оноос өмнө гадаадын хөрөнгө оруулалтаар байгуулсан үзэмжтэй, багтаамжтай нийтийн жорлонгуудыг ч хөрөнгө мөнгөтэй хүмүүст тавиад туучихсан юм билээ. Жишээ нь, нийслэлийн “Өргөө” амаржихын урд талд байрлах KFC түргэн хоолны газрын байр бол олон улсын стандартад нийцүүлэн барьсан нийтийн бие засах газар. Төв талбайн баруун талын “Бродвей” зоогийн газрын барилга ч олон нийтэд зориулсан жорлон байлаа. Өдгөө тэндхийн ихэнх талбайг зоогийн газар эзэлж, давчуухан хэсэгт нь хэдэн “00” бий. Хуучнаар Тээврийн товчоонд Монголдоо жишиг шахам нийтийн бие засах газар байсныг бас л нэр, нөлөөтэй нэгэн аваад хэсэг хугацаанд зориулалтаар нь ашиглаж, чамлахааргүй орлоготой ажилласан гэдэг. “Жорлонгоор” мөнгө олж болдгийг зарим овсгоотой нь түүнээс суралцсан болов уу. Энэ мэтээр “алга” болсон нийтийн бие засах газар цөөнгүй.
Сүүлийн жилүүдэд нийтийн бие засах газар барьж байна л гэдэг. Албаныхны хэлснээр, нийслэлд ийм газар 30 гаруй байгаа (Тэдгээрийн 19-ийг “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ, үлдсэнийг нь дүүргүүд хариуцдаг) гэх. Үнэндээ энэ бол 1.3 сая хүн амтай нь харьцуулахад дэндүү чамлалттай. Мянган хүний дунд ганц боорцог тавьчихаад “Цадтал идээрэй” гэснээс ялгаагүй цөөхөн “00”-ынх нь үйл ажиллагаа тогтмол бус, ажилладгаасаа хаалттай нь олон гээд зовлон зөндөө байхаар улаанбаатарчууд хааяадаа гудамжинд “авчихдаг”-ийг шүүмжлэх нь нэг талаараа утгагүй мэт. Тэвчихээ болиод гадаа “хөнгөрчихөөр” торгох нь ч зөв үү, буруу юу. Гудамжинд ил задгай бие засуулахгүй гэж байгаа бол нийтийн бие засах газраа ахиухан бариач ээ.
Албаны хүмүүсийн тайлбарласнаар, нийтийн бие засах газрууд өвөл ажиллах боломжгүй байдаг нь төвлөрсөн дулаан хангамжид холбоогүйгээс болдог гэнэ. Иргэдийн хувьд энэ талаар “Тийм асуудал байж болно. Гэхдээ дулааны улиралд ч ихэвчлэн хаалттай байдаг. Тэр ч бүү хэл, үсчин, оёдолчинд түрээсэлсэн нь ч олон ” гэж шүүмжилж байна. Түүнчлэн “Нийтийн бие засах газар хангалттай бус байхад үзвэр, үйлчилгээний байгууллагууд жорлонгоороо “боодгоо” болих хэрэгтэй” гэж гомдоллож байгааг холбогдох албаныхан анхаараасай. Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа уг нь ийм санаачилга гаргаж тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй цэнгээний газар, ресторан, үйлчилгээний байгууллагууд бие засах газраа иргэдэд нээлттэй байлгаж, үнэ төлбөргүй үйлчлэхийг уриалж, шийдвэр гаргаснаараа иргэдээс багагүй үнэлгээ авсан. Харамсалтай нь, хэрэгжилтэд нь хяналт тавиагүй, эргэх холбоогүй ажилласан, эсвэл “шоу” байсан уу ямартай ч өнөөдөр тус дүүрэгт тийм өгөөмөр байгууллага алга.
Нэг зүйл онцлоход, олон нийтэд үйлчилдэг худалдааны төвүүд нь бие засах газраа төлбөртэй байлгадаг улс Монголоос өөр байдаггүй л болов уу. Бүр болоогүй, “00”-ынхоо үүдэнд “манаачтай”, тэр нь ариун цэврийн цаасыг алгын чинээтэй таслаад зардаг гэж байгаа. Аль ч улс, хотын соёлын томоохон хэмжүүр нь нийтийн бие засах газар байдаг. Гэтэл бид нэг бүрийг нь 50-63 сая төгрөгөөр босгосон гэх “Сити тойлет”-д орох “эрхгүй”, дэлгүүрийн жорлонд мөнгө төлөөд, бас болоогүй загнуулан барин орж байна. Нэлээд хатуу, хурц үгтэй нэг танил маань ийм байдлыг шүүмжлэн “Мээрийн орлогч Ж.Батбаясгалангийн жишгээр байгууллагууд бүгд “хувийн” жорлонтой” гэж егөөдсөнийг дурдъя.
Эцэст нь хэлэхэд, Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журамд зааснаар бол худалдаа болон аливаа үйлчилгээ эрхэлж буй байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүн иргэд, үйлчлүүлэгчдэд бие засах газраар үнэ төлбөргүй үйлчлэх ёстой.
Нийслэлийн хот тохижилтын газрын дарга Б.Бямбадоржийн ярьснаар, “Сити тойлет”-ууд удахгүй дулаанаар хангагдахын зэрэгцээ гар утас, автобусны карт цэнэглэгч хэсэгтэй гэхчлэн дэлхийн стандартад нийцсэн олон талт үйлчилгээ үзүүлдэг боловсон газар болох юм гэсэн. Ингэж төлөвлөж байгаа нь талархууштай ч хийж, хэрэгжүүлэх нь чухал гэдгийг сануулахад илүүдэхгүй буй за.
Ташрамд дуулгахад, 1998 онд байгуулагдсан Олон улсын бие засах газрын холбоо жил бүр хуралдаж, энэ чиглэлийн үйлчилгээний дэвшлийн талаар хэлэлцдэг юм байна. Дэлхий нийт ийнхүү бие засах газрынхаа тохь тух, аюулгүй байдал, сонин, содон шийдэл зэргээрээ өрсөлдөж, туршлагаа хуваалцаж байхад бид хэдий болтол давсгаа “шийтгэж”, жорлон хайж гудамжаар харайлгах вэ.
Бэлтгэсэн: Ж.Эрдэнэ
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА
Нийтийн бие засах газар нийтэд хүрэлцэхгүй байна
Нийслэл хот өдрөөс өдөрт өргөжин тэлж, барилга байгууламж, соёл амралтын газар нэмэгдэж буй. Хүүхэд, залуучууд чөлөөт цагаа өнгөрөөх газар олширч, дагаад олон төрлийн үйлчилгээний байгууллага нээгдсэн. Сайны хажуугаар саар гэгчээр чих халууцуулж, нүүр улайлгах асуудал мундахгүй болсон нь бас үнэн. Дулааны улиралд нийслэлийн төв талбай, олон нийт цугладаг газарт тоглолт, урлагийн олон арга хэмжээ өрнөдөг билээ. Олон хүний хөлд дарагдахтай зэрэгцэн бидний хийж хэвшээгүй, ухамсартаа тогтоон барьж чадахгүй хэд хэдэн үйлдэл ил болдог. Эхнийх нь хог хаягдлаа таарсан газраа хаях. Удаах нь бие засах газар хангалтгүйгээс болж тэвчээрийн хязгаар алдагдахаас өмнө хүний нүднээс далд, байр, байшингийн булан, мод руу “морь харж” давсгаа суллана. Тэднийг буруутгах хэцүү. Олон нийт цуглардаг талбай, соёлын газар бусад улсынхтай харьцуулахад цөөн. Гэсэн хэдий ч нийтийн бие засах газар урлагийн арга хэмжээнд оролцож байгаад нь битгий хэл, алхаж яваа иргэдэд ч “тусалж” чадах хэмжээний хангалттай бус.
Сүхбаатарын талбай бол Улаанбаатар хотын төв цэг. Жуулчид хамгийн түрүүнд төв талбайд очдог. Зургаа авхуулах, Чингис хаан, Сүхбаатар жанжны хөшөөг сонирхоод өнгөрөх нэг хэрэг. Удаан саатаж, тоглолт үзэж, цаг өнгөрөөхөд хүндрэлтэй. Манай улсад хаяг, тэмдэг, тэмдэглэгээ байхгүйтэй адил. Хотын төвд нийтийн бие засах газар бүр байхгүй. Мэддэг хүмүүс нь очиж үйлчлүүлнэ, эсвэл азаар таарна. Жанжны хөшөөний чанх урд байдаг “Эко” гэх бие засах газар төвийн шугамтай холбогдоогүй, бие зассаны дараа гараа угаах ус байхгүй зэрэг хүндрэлтэй. Гэсэн хэдий ч ойр хавьд өөр сонголт үгүй болохоор аргагүйн эрхэнд орохоос өөр замгүй. Өөр нэг нийтийн бие засах газар Д.Нацагдоржийн хөшөөний өмнө байдаг ч ажилладаггүй. Олон хүн бужигнадаг энэ газарт гарын таван хуруунд хүрэхгүй бие засах газар байна гэдэг үнэхээр хангалтгүй.
ИРГЭД “АРГАЛДАГ” БОЛСОН
Нэгэнт л хотын төвд бие засах газар байхгүйгээс хойш иргэд ойролцоо байгаа үйлчилгээний газрын ариун цэврийн өрөөг царайчилдаг. Тухайлбал “CU” “Circlek” зэрэг түргэн хоолны сүлжээ газрын угаалгын өрөөг ашиглахын тулд заавал бараа худалдан авдаг юм билээ. Жанжны талбайгаар алхаж явсан иргэдээс энэ талаар асуухад “Нийтийн бие засах газар ховор учир гадуур ажлаар явахдаа үйлчилгээний байгууллагын ариун цэврийн өрөөгөөр ороод гардаг” гэв. Зарим үйлчилгээний байгууллагын ажилтан илт дургүйцэн, оруулахгүй гэдгийг ч нуусангүй. “Гаднын хүн орохыг хориглоно” гэсэн бичиг наасан үйлчилгээний байгууллагын ариун цэврийн өрөөгөөр мөнгө төлж үйлчлүүлэх нь бий. Төв цэнгэлдэх хүрээлэнд өнгөрсөн зургадугаар сард урлагийн тоглолт болоход бие засах газар хүрэлцээгүйгээс үзэгчид, бөх барилддаг талбайд “морь харж” байгаа зураг олон нийтийн сүлжээнд тарсан. Тэднийг өмөөрөх гээгүй ч өөр аргагүй болсон үед өмдөө норголтой нь биш, хэн хүнгүй л булан тохой, мод, бут хайхад хүрдэг.
ХЭРЭГЛЭХ УС БАЙХГҮЙ
Нийтийн бие засах газар түрээслэн ажиллуулдаг нэгэнтэй уулзахад “Бие зассаны дараа гараа угаах усгүйгээс ариутгагч байрлуулсан, бохирыг нь соруулдаг учир жаахан удвал орох аргагүй болдог. Үйлчлүүлэгчид тэрнээс болж ундууцдаг” хэмээж байв. Нийтийн бие засах газар жирийн өдрүүдэд 09.00-20.00 цаг хүртэл нээлттэй байдаг аж. Онцгой арга хэмжээ болбол хаадаггүй, ажилласан ч хүмүүсийн ачааллыг дийлдэггүй гэнэ. Хүйтний улиралд байдал илүү хүндрэх нь ойлгомжтой биз. Нийтийн ариун цэврийн өрөө ороход гэрэл муу, цэвэрлэгээ хийдэг, эсэх нь эргэлзээтэйг иргэд хэлж байлаа. Иргэд өөрсдөө бохир заваан, ашигладгаас улбаалан дараагийн хүн ороход хүндрэлтэй байдгийг түрээслэгчид учирласан.
Эрүүл ахуйн тухай хуулийн 7.5-д “Худалдаа, үйлчилгээний байгууллага нь эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангасан, үйлчлүүлэгч чөлөөтэй ашиглах боломжтой ариун цэврийн өрөө, гар угаах хэрэгсэлтэй байна” гэж заасан байдаг. Өдгөө нийтийн бие засах газар иргэдэд хүрэлцдэггүй хэвээр байна.
Бэлтгэсэн: Б.Мөнхбаатар
ТООН МЭДЭЭ
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
С.БАТБААТАР: Үйлчилгээг нь сайжруулахад жилд 500 сая төгрөг шаардлагатай
“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын орлогч дарга С.Бат-баатараас зарим зүйлийг тодрууллаа.
-Нийслэлд нийтийн бие засах газар хэд бий вэ. Хот тохижилтын газрынхан тэдгээрээс хэдийг нь хариуцан ажилладаг вэ?
-Улаанбаатарт нийтийн бие засах газар 30 гаруй бий. Тэдгээрээс 19-ийнх нь ашиглалт, цэвэрлэгээ, үйлчилгээг манай байгууллага 2016 оноос хариуцан ажиллаж байна. Тухайлбал, Сүхбаатарын талбайн урд, 100 айлд, хуучнаар Хүүхдийн 100- гийн орчимд, Саппорогийн автобусны буудлын дэргэдэх бие засах газар манайд харьяалагддаг.
-Дийлэнхийг нь танайх хариуцдаг юм байна. Тэдгээрийн тохижилт, үйлчилгээнийх нь чанар ямар байгаа вэ?
-Бие засах газруудын 12 нь дулааны төвийн шугамд холбогдсон. Нэмж нэгийг энэ онд холбохоор ажиллаж байна. Бие засах газруудыг бүгдийг нь дулааны төвийн шугамд холбуулахаар энэ жил манай байгууллага 600 сая төгрөгийн тендер зарлан, сонгон шалгаруулалтаа хийсэн. Ер нь өөрсдийн хүн хүч, төсвийн хэмжээнд боломжийн үйлчилгээ үзүүлдэг гэж боддог.
-Бие засах газруудыг ажиллуулахаар төсвөөс хөрөнгө авдаг уу. Үйлчилгээний хураамжаас сард дунджаар хэдэн төгрөгийн орлого олдог вэ?
-2016-2019 онд нийслэлийн төсвөөс жилд 127 сая төгрөг авсан. Үүгээр тухайн газруудын цахилгаан, дулаан, усны төлбөрийг хийдэг. Бие засах газар бүр өөр буюу өдөрт 1-3 сая төгрөгийн орлоготой. Нэг үйлчлүүлэгчээс хураасан 300 төгрөгөөр ариун цэврийн цаас, цэвэрлэгээ, угаалгын бодис аваад таардаг. Үйлчлэгчдийн цалинг манай байгууллагын төсвөөс гаргадаг. Бойлуураар халаадаг буюу төвийн шугамд холбоогүй бие засах газруудын зардал их. Нэг бие засах газрын цахилгааны зардал гэхэд сард 0.9-1 сая төгрөг хүрдэг. Ер нь ариун цэврийн бүх газрын үйлчилгээг сайжруулж, тохь тухтай болгоход жилд 500 сая төгрөг шаардлагатай гэж манай байгууллагынхан тооцсон. Ирэх оны төсөвт 500 сая төгрөг суулгуулах хүсэлт хүргүүлсэн.
-Ийм хэмжээний хөрөнгийг төсвөөс гаргавал үйлчилгээ нь хэр сайжрах бол?
-Хүн оронгуут тухтай мэдрэмж төрүүлэхүйц тохижуулж, агааржуулалтын чанартай систем суурилуулж, одоо байгаагаас нь өнгө төрхийг нь дээрдүүлж болно гэж үзсэн.
-Нийтийн бие засах газрууд иргэдэд үнэгүй үйлчлэх боломжтой юу?
-Одоохондоо үгүй л болов уу. Төсвөөс өгдөг зардал нь ашиглалтын өртөгт хүрэхтэй, үгүйтэй. Магадгүй төсвийг нь өсгөсний дараа үнэгүй болгох, эсэхийг шийдэх байх.
-Төчнөөн хүний дунд нэг бие засах газар байх ёстой гэсэн стандарт бий юү?
-Яг тийм стандарт байдаг, эсэхийг мэдэхгүй байна. Өнгөрсөн жил нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 20 гаруй байршилд шинээр бие засах газар барих тухай захирамж өгсөн. Одоогоор хэрэгжсэн ажил байхгүй. Улаанбаатарт нийтийн бие засах газрын тоо цөөн, нэмэх шаардлагатай нь үнэн ч хотын төв, хүн ам их төвлөрсөн хэсэгт инженерийн шугам сүлжээнд ойрхон ариун цэврийн өрөө байгуулахад тохиромжтой зай талбай олддоггүй бэрхшээлтэйг газрын албаныхан хэлдэг. Ер нь шинээр нийтийн бие засах газар барих, эсэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба мэднэ. Манайх тухайн газрыг ажиллуулж, иргэдэд үйлчлэх нөхцөл бүрдүүлэх үүрэгтэй.
Ташрамд дурдахад, С.Батбаатарын хэлсэнчлэн дүүргүүдэд бүртгэлтэй нийтийн ариун цэврийн газрын талаар тодруулахаар Сүхбаатар, Баянгол дүүргийн байгаль орчин, орчны бохирдолтой тэмцэх газрынхантай холбогдоход тэдэнд харьяалалтай нийтийн бие засах газар байхгүй гэсэн юм.
Бэлтгэсэн: С.Цэрэндулам
ДЭЛХИЙН ЖИШИГ
“Жам ёсны хэрэгцээ нь задгай зоосгүйн улмаас хязгаарлагдахад хүний эрх зөрчигддөг”
НҮБ-аас зарласан, 2030 он гэхэд хэрэгжүүлсэн байх ёстой Мянган хөгжлийн зорилтын цэвэр ус, ариун цэврийн тухай зургаа дахь заалтыг дэлхийн нийтээр биелүүлж хараахан чадаагүй байна. Тухайлбал, манай гаргийн 4.5 тэрбум оршин суугч ариун цэврийн шаардлага хангахгүй орчинд аж төрж буй бол 892 сая нь өнөө болтол задгай бие засаж буй тухай НҮБ-аас мэдээлжээ. Хүний өдөр тутмын хэрэглээ, олон улсад тулгамдсан эл асуудалд хүн төрөлхтний анхаарлыг хандуулахын тулд Дэлхийн бие засах газрын байгууллага үйл ажиллагаа явуулж, Дэлхийн жорлонгийн өдрийг жил бүр тэмдэглэж байна.
Хүн олноор цугладаг болон зорчдог газар бүр тодорхой талбай бүхий нийтийн бие засах газартай байх ёстой. Тийм газарт өдөр, орой харагдах тусгай таних тэмдэгтэй, байгууламжид бол муу ус зайлуулах хоолойтой, хөдөө газар бол ус нэвтрэхгүй нүхтэй, ариун цэврийн хэрэгслүүд тухайлбал, том хүн, хүүхдэд зориулсан суултуур, тосгуур, хувин, сойзтой, хаалттай, байгалийн болон хиймэл гэрэлтүүлэгтэй, агааржуулагч, дулаантай байх зэрэг шаардлага тавьдаг. Мөн саван, цахилгаан хатаагуур, эсвэл цаасан алчуур, ариун цэврийн цаастай, хувцасны өлгүүр, хогийн сав зайлшгүй шаардлагатай. Хана, шал нь ариутгаж, угааж болох материалаар хийгдсэн, гадна орчин нь ус зайлуулах хэвгийтэй, ногоон байгууламжтай байх ёстой. Цонх нь зуны цагт ялааны тортой байна.
Европт ерөнхийдөө мянган хүн тутамд нэг, галт тэрэгний буудлуудын ойролцоо 500 хүнд мөн нэг бие засах газар байхаар төлөвлөдөг. Эдгээрт төлбөртэй үйлчилгээ үзүүлнэ. Төлбөр нь тоног төхөөрөмжийн эдэлгээний зардал аж. Тухайлбал, Францын нийслэлийн гудамж, метроны өртөө зоосон мөнгө хийж ордог, өөрөө цэвэрлэгддэг хучлагатай. Зарим шатахуун түгээгүүрийн газар бие засах өрөөгөөр нь үйлчлүүлэгчдэд купон олгодог ба түүгээр шатахуун, эсвэл тухайн компанийн сүлжээ дэлгүүрүүдэд хөнгөлөлт эдлэх эрхийн бичиг болдог аж. Харин АНУ-д төлбөртэй бие засах газар байдаггүй. Эл асуудлыг 1980 онд шийджээ. Үүнээс 10 жилийн өмнө тус улс нийтийн бие засах 50 мянга орчим газартай, тэдгээр нь жилд 30 сая ам.долларын орлого оруулдаг байв. Тэр үед ахлах ангийн ах, дүү хоёр төлбөртэй бие засах газрын эсрэг хөдөлгөөн өрнүүлж, “Эрэгтэй, эсвэл эмэгтэй хүний биеийн жам ёсны үүрэг задгай зоосгүйн улмаас хязгаарлагдахад хүний эрх зөрчигддөг” гэсэн уриа дэвшүүлснээр АНУ төлбөртэй бие засах газаргүй болжээ. Тус улсын аль ч албан газар, кафе, рестораны ариун цэврийн өрөө олон нийтэд нээлттэй. Үүнээс хүндлэл эхэлдэг гэж үздэг. Аргентинд олон нийтийн газар дахь ариун цэврийн өрөө төлбөргүй. Гэхдээ гадна нь суугаа хүнд цайны мөнгө өгдөг заншилтай. Энэ нь тэр хүний цалин болдог. Тайванийн зарим хэсэг, голдуу метроны бие засах газар төлбөргүй ч ариун цэврийн цаасгүй. Манай урд хөрш нийтийн бие засах газрын хувьсгал хийж, гурван жилд 57 мянган тийм газар байгуулж буй бөгөөд зөвхөн 2000-ыг нь автомат төлбөрийн машинтай болгоход 173 сая ам.доллар зарцуулж байна.
Бэлтгэсэн: З.Гал
“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ
-Нийслэл дэх нийтийн бие засах газраар үйлчлүүлж үзсэн үү. Тохижилт, үйлчилгээнийх нь чанарын талаар юу хэлэх вэ. Зарим зах, үйлчилгээний газрын ариун цэврийн өрөөнд ороход төлбөр авдаг нь зөв үү?
Хүйтэн, бохир санагддаг
С.АЛТАНЦЭЦЭГ (Чингэлтэй дүүргийн иргэн)
-Улаанбаатарт нийтийн бие засах газар цөөн байдгийг бүгд мэднэ. Байдаг ганц хоёрт нь ороход өвөл хүйтэн, зун маш халуун, тохигүй, агааржуулалтгүй. Чанар муутай ариун цэврийн цаас өгч, хайхрамжгүй үйлчилдэг. Ер нь нийтийн бие засах газруудыг түрээслүүлчихдэг юм биш үү. Ажиллуулдаг хүмүүс нь түрээсийн төлбөрөө олж л байвал, сайн үйлчилгээ үзүүлэх, эсэх талаар ойлголтгүй байх. Нийтийн бие засах газрын тоог нэмж, үнэ төлбөргүй болгох хэрэгтэй.
Сарын 400 000 төгрөгөөр түрээсэлдэг
Х.ГАНЧӨДӨР (Сүхбаатарын талбайн баруун талд нийтийн бие засах газар түрээслэгч)
-Уг газрыг түрээслэн ажиллуулаад жил гаруй болж байна. Сарын түрээс нь 300 000-400 000 төгрөг. Манайх цэвэр, бохир ус, дулааны төвийн шугамд холбогдсон тул өвөл хүйтэн байх, усны хязгаарлалтад өртөх хүндрэл гардаггүй. Гэхдээ үйлчлүүлэгч цөөн байвал түрээсийн төлбөрөө өгөх, ялангуяа зуны улиралд мөнгө олоход бэрхшээлтэй. Ер нь зах, үйлчилгээний төвүүдийн бие засах газар төлбөртэй байхад буруу зүйл байхгүй.
Үнэгүй үйлчилнэ гэдэгт итгэхгүй байна
Ж.УУГАНЖАРГАЛ (“Алтжин бөмбөгөр” худалдааны төвд лангуу түрээслэгч)
-“Алтжин бөмбөгөр” худалдааны төвд одоогоор ганцхан ариун цэврийн өрөө ажиллуулдаг. Уг нь гурав байсан ч түрээсийн төлбөрөө олж чадахгүйд хүрсэн тул ажиллуулахаа больсон гэсэн. Сарын түрээс нь өндөр буюу хоёр сая гаруй төгрөг байдаг тул иргэд ажиллуулж чадахгүй байгаа юм. Бие засах өрөөнд ороход “Алтжин бөмбөгөр”-т лангуу түрээслэгчид 150, худалдан авагчид 300 төгрөг төлдөг. Одоогоос 10 орчим хоногийн өмнө ариун цэврийн өрөөг үнэгүй хэрэглүүлэхээр боллоо гээд нэг өдөр төлбөр аваагүй. Тэр үед цэвэрлэх хүнгүй болж маш их бохирдон, үнэр танар нь дийлдэхээ байсан. Бие засах газрын цэвэрлэгээг түрээсэлж буй хүн нь хариуцдаг тул эзэнгүй болбол бүтэхгүй юм билээ. Хэрэв тухайн байгууллага ариун цэврийн өрөөгөө үнэгүй болгон, нэг хүн томилон ажиллуулбал болохгүй зүйлгүй. Гэхдээ хэн ч хүн цалинжуулахын зэрэгцээ түрээсийн орлогоо алдахыг хүсэхгүй болохоор зах, үйлчилгээний төвүүдийн бие засах газарт үнэгүй үйлчлүүлнэ гэдэг бүтэхгүй биз.
Хаана байдгийг нь мэдэхгүй
Б.МӨНХДОРЖ (Баянзүрх дүүргийн иргэн)
-Би такси үйлчилгээнд явдаг ч Улаанбаатарт нийтийн бие засах газар хаана байдгийг төдийлөн мэдэхгүй, орж үзээгүй. Үйлчилгээнд явж байгаад шаардлага гарвал ойролцоох зоогийн газар, худалдааны төв, зочид буудлын бие засах өрөөнд төлбөр төлж ордог. Зарим томоохон дэлгүүр, үйлчилгээний төвийн нойл нь үнэгүй учир амар байдаг. Ер нь нийтийн бие засах газрын тоог олшруулах, энд, тэнд байдгийг нь нэг стандартаар, хүнд харагдахуйц байдлаар хаягжуулах ёстой байх. Мөн бие засах газруудыг үнэгүй болгох шаардлагагүй болов уу. Хүн үйлчилгээ авсан бол мөнгөө төлөх л хэрэгтэй.