Баянгол дүүргийн VI хороонд байрладаг Үндэсний техникийн их сургууль нийтийн эзэмшлийн авто замыг хааж, хууль бусаар хашаа барьжээ. Ингэснээр тус замаар дамжин өнгөрдөг байсан хөдөлгөөн зогсож, машинууд тойрч явахаас өөр аргагүй болжээ. Мөн ойр орчмын замын ачааллыг нэмэгдүүлэн, түгжрэл үүсгэх болсон тул иргэд нэлээд бухимдаж байв. Уг замыг өнгөрсөн сард буюу хичээлийн шинэ жил эхлэх үеэр анх хаажээ. Түүнээс хойш Үндэсний техникийн их сургуулийнхан хашаагаа бэхжүүлж, сайжруулан, төмөр хаалт хийсэн аж. Нийтийн эзэмшлийн замыг яагаад хашсан талаар тус сургуулийн нягтлан бодогч Г.Гантуяагаас тодруулахад “Манай байранд ерөнхий боловсролын сургууль ч бий. Дулаан цагт хүүхдүүд гадаа хөөцөлдөж тоглох нь элбэг.
Тиймээс хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахын тулд сургуулийнхаа урд талбайд хашаа барьсан. Жишээ нь, хурдтай давхисан машинаар нэг сурагчийг дайрч зугтах үед school police-оор ажиллаж байсан хүн улсын дугаарыг амжиж харан, жолоочийг олсон тохиолдол бий. Энэ мэтчилэн сургуулийн урд тавьсан замаас болж хүүхдүүдийн аюулгүй байдал зөрчигдөж байна гэж сургуулийн зүгээс үзсэн” гэлээ. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат- Өлзий “Улаанбаатар хотын газрын мэдээллийн сангийн 2019 оны аравдугаар сарын 23-ны мэдээллээс шүүхэд тус сургууль барилгынхаа суурийн газрыг л эзэмших эрхтэй байна. Сургуулийн өмнөх нийтийн эзэмшлийн талбай болон замыг зөвшөөрөлгүйгээр хаах эрхгүй. Тэгэхээр нэгэнт хууль бусаар зам хааж хашаа барьсан учраас буулгах шаардлагыг холбогдох журмын дагуу хүргүүлнэ. Шаардлагыг биелүүлэхгүй бол хашааг албадан нураахаас өөр аргагүй” гэлээ.
Бэлтгэсэн: П.Сүрэн