Найз хүүхэн маань гадаадаас эх орноо зорин ирж, намрын сарын билэгт сайн өдөр хайртай хүүдээ насных нь хань болох сайхан монгол бүсгүйг ёс жудагтайгаар бэрээ болгох зан үйл үйлдэхээр худ болох айлдаа очсон юм. Олон жил гадаадад амьдарсан ч Монголоо гэдэг, жил бүр зун ирж, хүүхдүүдээ хөдөө явуулж, мал ахуйд ойр байлгаад буцдаг ухаалаг эмэгтэй. Тэр чанараараа бэр гуйх зан үйлд ёс алдахгүй, хариуцлагатай байхыг хичээсэн. Ахмадууд, мэдэх хүмүүсээс зөвлөгөө авч, товлосон өдөр, цагтаа бэрийнхээ аав, ээжийнд очсон юм. Өглөө эртлэн босож, сайн цагт худ болох айлынхаа босгоор алхсан.
Буцаж ирэхэд нь сонин сайхан сонсох санаатай хүлээтэл байдаггүй ээ. Үдээс хойш боллоо, оройн харуй бүрийтэй золголоо. Айлд байгааг нь мэдсээр байж утасдаад байхыг хүсээгүй юм. Маргааш нь залгатал дуу муутай гэж жигтэйхэн. Бие нь мууджээ. Хоолны хордлого болоо юу гэхэд “Үгүй байх аа. Шартсан л юм шиг байна. Ийм тохиолдолд түргэн тусламж дуудвал яах бол” гэхээр нь хурдхан очлоо. Царай нь цонхийж, байдгаараа бөгтийжээ. Хөл дээрээ зогсохоор тааруу. Ийм хүн харсаар байж арга хэмжээ авахгүй бол оройтно биз дээ. Шууд эмнэлэг рүү аваад явлаа. Эмч нар цөсний хурц үрэвсэл болсон гэж оношлоод, маргааш өглөө нь гэхэд мэс засалд оруулаад цөсийг нь авчихдаг юм байна. Найзын маань бэр гуйх ёслолын төгсгөл иймэрхүү болов.
Бэр гуйхаар хамт очсон хоёр эр эмнэлгийн тусламж авахдаа тулаагүй ч тус бүртээ тун хүнд байдалд орсон тул хэн хэн нь ажилдаа яваагүй байлаа. Найз хүүхний ах “Би тэр айлаас яаж гарснаа санахгүй байна. Нэг мэдэхэд гэртээ, толгой маш их өвдсөн байдалтай сэрсэн. Бөөлжсөнөөс болоод ходоод, гэдэс эргэчих шиг боллоо. Ийм ёстой юм, согтоож гаргана гээд архиар шахаад алах шахлаа” гэж байлаа. Түүний ярихыг сонсоход л дотор хачин болох шиг. Хатуу сархад, шимийн архи, айргийг ар, араас нь маш их хэмжээгээр уусан гээд бод доо.
Бас нэг тохиолдлыг жишээ болгоё. Гурван жилийн өмнө юм. Бэр гуйхаар айлд очсон хүмүүсийн нэг нь орой чухал ажилтайгаа хэлж, учирлаад ёсыг бодож гурван хундага архи уугаад гарсан юм билээ л дээ. Гэтэл өнөөх айлын гэргий хүүхдүүдийнхээ хуримын үеэр өнөө хүнд “Одоо бол татгалзахгүй биз дээ” гээд, занаж байсан мэт архийг шилээр нь цутгах мэт уулгаж санаагаа амраажээ. Орчин үеийн залуусын ярьдгаар гоё дээрээ тавиад хуримд очсон хүн, үйл ажиллагаа дундаа ороогүй байхад “тас үсэрч” хоёр талаасаа залуусаар түшүүлэн гэртээ харьж. Хуримлагч бүсгүй эмч, нөхөр нь банкны эдийн засагч. Бүсгүйн аав, ээж социализмын үеийн хөдөлмөрийн сайчууд бөгөөд өдгөө хүнсний дэлгүүр ажиллуулах зэргээр бизнес хийдэг. Ээж нь дэлгүүрээ ашигтай ажиллуулдаг, аливаа хүний ая эвийг оломтгой, шаардлага гарвал хаанахын хэнийг ч урдаа оруулахгүй “хэл, амтай” гэдэг имижтэй. Тэр дүрдээ хэт итгэсэн, хүнд бууж өгдөггүй гэдгээ батлах гэсэн мэт гэрт нь согттолоо архи уулгүй гарсан хүнийг хуримын үеэр буулгаж авсандаа сэтгэл нь тун чиг ханасан байх даа.
Энд татсан хоёр бол найр, хуримын намар цагт гэлтгүй жилийн дөрвөн улиралд шахам Монгол даяар таардаг жишээ.
Монголчууд эртнээс нааш мөрдөж ирсэн өв, соёлын уламжлалтай. Шинэ гэр барих, бэр гуйх, хуримлах зан үйл зэрэг нь өөр өөрийн ёс, дэг жаягтай, хэлэх үг, тавих ерөөл нь ч тус тусдаа. Нэгэнт монгол ёс заншлаа дагаж зан үйл үйлдэж байгаа бол уламжлалыг хүндэтгэн дагаж, ерөөлийг оршоож гүйцэлдүүлбэл сая сэтгэлд сэвгүй, явдалд тустай сан. Манайхан монголчлохдоо гаргуун. Энэ нь хэрэг гарсан тухайн үед амь аргацаах төдий гэсэн утга болохоос бус, бахархаад, гайхуулаад байх зүйл биш юм. Аливааг мэргэжлийн бусаар шийдэж, түр зуур торгоохыг голдуу монголчлох гэж хэлээд байдаг шиг. Үүнтэй адил уламжлалт ёс жаягийг “орчин үежүүлэх” гэж гажуудуулдаг болсны жишээ бол бэр гуйх ёсон.
Бэр гуйх уламжлалт ёсыг сайтар судалбал, хүүгийн талынхан сарын сайныг саатан, өдрийн сайныг өнжин хүлээж, товлосон цагтаа сонгосон элч төлөөлөгчдөө мордуулан, үгийн сайныг хэлж, ерөөлийн сайхныг тавин бэрийг нь гуйгаад, хүүтэй нь насан турш хамт амьдрахыг нь зөвшөөрүүлээд ирэхийг хүсдэг. Үүний сацуу худ болох айлын талынхны амьдрал, ар гэрийн байдлыг ажин, хурим хийхийн цагт бэлтгэлийг аль хэр түвшинд хангахыг тандаж, үндсэндээ мэдээлэл цуглуулах зорилгоор элч төлөөлөгчдөө илгээдэг болохыг ч мэдэж болно. Бэр гуйх хүмүүсийн ахлагчаар хүүгийн талын, ах, дүү, хамаатан садан дундаа нэр хүндтэй, ажил үйлс сайтай авга болон нагац нарын төлөөллийг сонгож ирсэн уламжлалтай. Тэр хүмүүсийг бэр болон бэрийн талынхан мэддэг, таньдаг бол сайн. Хүндэтгэн хүлээж авч, яриа хөөрөөг чөлөөтэй, чин сэтгэлээсээ өрнүүлж, илэн далангүй харилцахад тустай.
Бэр гуйх хүмүүс айлд тавгийн идээтэй очдог. Хэлэх үгээ бэлтгэдэг. Хос залуусын хэн нь хэн болохыг товч дурдаад, дүү залуу нь тухайн айлын охиныг гэргийгээ болгохыг хүсэж байгаа, охин ч дүүтэй нь ханилж, заяа холбох хүсэлтэй байгааг илэрхийлсэн үгсийг эвийг нь олж, зөвшөөрөл хүсэх маягтай хэлээд, бурханд нь, эсвэл хойморт нь хадаг тавина. Эсвэл бэрийн аав, үгүй бол түүнийг төлөөлөн суугаа эрэгтэй хүнд барина. Бэрийн талынхан хадгийг эелдгээр хүлээж аваад, хариуд нь мөн үг хэлж, хүндэтгэл үзүүлдэг. Хүлээн авч буй айл зочдын авч очсон идээ, тавгийг ширээнд зохих ёсоор байршуулахын зэрэгцээ өөрсдийн бэлтгэсэн хоол ундаар ирсэн хүмүүсийг дайлж, тухайн цаг үеийн байдлын талаар болон хүүхдүүдийнхээ тухай даруухнаар харилцан ярилцаж, бие биеийнхээ тавьсан асуултад хариулан санал бодлоо солилцдог. Хоол идэнгээ идээний дээж сархад хүртэцгээнэ. Зочид бэлэг сэлттэй очсон бол гэрт байгаа хүмүүст барина. Бэрийн талынхан зочдыг үдэн гаргахын өмнө мөн бэлэг өгч болдог. Энэ бүхэнд хоёроос гурван цаг зарцуулдаг болох нь сарны хуанли мөрдөж, ажил хэргээ бүтээдэг байсан үеийн уламжлалаас харагдаж байгаа юм. Гэтэл өдгөө бэр гуйхаар очсон зочдоо “нохой гурав харагдтал” согтоохоос нааш гаргахгүй гэж архи, айраг ээлжлэн шахсаар шөнө дүл болтол хамтдаа хөлчүүрч хавтгайрах болсон нь өнөөх л монголчлох буюу аливааг мэргэжлийн бус болгож завхруулдгийн жишээ болов.
Шинэ оны эхний өдөр, Шинийн 1-ний өглөө ч тэр айл гэр амгалан тайван, аз жаргалтай байгаа, эсэхээр тухайн гэр бүлийн тэр жилийн амьдралын өнгийг урьдчилан харж болно ч гэдэг. Бэр гуйх гэдгийг насан турш ханилан амьдрахаар шийдэж буй сэтгэлт хосын талынхан буюу худ ургийн барилдлага үүсгэж буй гэр бүлүүдийн хувьд бие биетэйгээ танилцаж, хүүхдүүдийнхээ цаашдын хамтын амьдрал, хувь заяаны өнгийг “тавьж өгөх” анхны гараа гэж ойлгож болох мэт. Энэ чухал, тэмдэглэлт өдөр хүүгийн талаас бэр гуйхаар ирсэн зочдыг архиар шахаж хуйгаар нь согтоож гаргахаас нааш санаа амрахгүй байх нь бурангуй ёс, бусармаг явдал бус уу. Дээхнэ үед бол бэр гуйхад ийм явдал огтоос болж байгаагүй аж. Бэр гуйх ёслол бүү хэл хурим, найрыг ч нар жаргахаас өмнө өндөрлүүлж, хэн хэн нь арын ажилдаа яардаг байсан уламжлал, соёлтой.
1990-ээд онд бэр гуйх ёсыг дөнгөж сэргээж байх үед ч ийм байгаагүй. Анзаарахад түүний дараагийн арван жилд ойр зуурын наймаа хийж хөл дээрээ боссон, өөрөөр хэлбэл, мөнгө төгрөгөөр тэр бүр гачигдахаа байсан, шууд хэлэхэд нэг дор цуглаж архидах шалтгаан хайж яддаг боловсрол нимгэн ганзагачдын эхлүүлсэн ядруухан дүрэм юм. Үнэнийг хэлэхэд одоо ч хуучны сэхээтнүүд, тэдний гэр бүл, үр удмынханд энэ мэт шалтгаанаар нийлж архиддаг хүмүүс байхгүй.
Монголчууд ардчилсан нийгмийн хаалга татсанаар язгуур өв соёлоо дээдлэн, сэргээж эхэлсэн нь сайшаалтай ч өнгөрсөн 30 жилийн хугацаанд бэр гуйх мэтийн эгэл даруу, ёс төртэйгөөр үйлдвэл зохих ёс, жаягийг бие биедээ бэл бэнчингээ гайхуулах, идэх уухаар элбэг дэлбэгээ харуулах, хундага тавилгүй архи ууж, хутга тавилгүй мах идэх уралдаан, худын талынхны анхаарлыг татах, материаллаг байдлаар давуу гэдгээ үзүүлэх өрсөлдөөн болгож орхисон нь бүдүүлэг юм. Сэтгэлгээний хоцрогдол ч юм.