Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцсэн бөгөөд хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг даргалав.
Хуралдааны эхэнд Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн.
Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан танилцуулсан.
Улсын Их Хурлаас 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Баяжуулсан хүнсний тухай хуулийг баталсантай холбогдуулан “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар тогтоолын 1 дэх заалтын 3 дахь дэд заалтад “холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох тухай хуулийн төслийг боловсруулж 2019 оны 01 дүгээр сарын 01-ний дотор Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх”-ийг Засгийн газарт даалгасан байна.
Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийн зохицуулалт нь Баяжуулсан хүнсний тухай хуулийн зохицуулалттай давхардал үүсгэсэн тул хуулийн төслийг боловсруулсан байна.
Түүнчлэн уг хуулийн төсөл нь иргэн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөхгүй гэж төсөл санаачлагчид үзжээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат нар асуулт асууж, хариулт авсны дараа Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжсэн. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон.
Үргэлжлүүлэн Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэв. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа ахлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд мэдээлэл хийлээ
Хуралдааны төгсгөлд “Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар” Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд мэдээлэл хийж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Дэд сайд Ж.Сауле, Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр нар болон холбогдох албан тушаалтнууд оролцов.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцтай газар дээр нь танилцах, тогтоолын биелэлтийг шалгах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх үүрэг бүхий дөрвөн ажлын хэсгийг томилж, зуншлага тааруу байсан, бэлчээрийн даац хэтрэлттэй, анхаарал татаж байгаа Өмнөговь, Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Архангай аймгуудад ажиллуулсан. Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц Баян-Өлгий, Хөвсгөл, Ховд, Дархан-Уул, Хэнтий аймгуудад 89-100 хувьтай байгаа бол Булган, Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс аймгуудын өвс, тэжээлийн бэлтгэл 50-иас дээш хувьтай байна. Гэхдээ аймаг, сумын аюулгүйн нөөцийн өвсийг Сэлэнгэ, Булган, Сүхбаатар аймгаас, тэжээлийг тэжээлийн үйлдвэрүүдээс худалдан авч байгаа талаар аймаг, орон нутгаас мэдээ ирж байна. Дорноговь, Өмнөговь аймгууд аюулгүйн нөөцийн өвс, тэжээл худалдан авах хөрөнгөө дансандаа бүрэн төвлөрүүлсэн байна. Нөөцийн өвс, тэжээл бэлтгэсэн үр дүнг 10 дугаар сарын 25-ны байдлаар нэгтгэн үзэхэд бүдүүн тэжээл 915.3 мянган тн, сүрэл 200 тн, хүчит тэжээл 27.4 тн, дарш 3240.7 тн, давс, хужир шүү 40,0 мянган тн-ыг нөөцөлсөн нь 70.0 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Малчдын түвшинд бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн 62.4 хувийг бэлтгэжээ. Харин Булган, Говьсүмбэр, Дорноговь, Завхан, Сэлэнгэ, Төв аймаг өвс, тэжээл бэлтгэлийн мэдээг бүрэн гаргаагүй байна. Энэ жилийн ургац хураалтын урьдчилсан дүн мэдээгээр бий болсон нөхцөл байдлаас шалтгаалан болц гүйцээгүй нэлээд үр тариа ногоон тэжээлд шилжээд байгааг салбарын сайд танилцуулгадаа онцолсон.
Ус цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2019-2020 оны өвөл, хаврын улирлын бэлчээрийн даац тодорхойлсон судалгаагаар нийт нутгийн 60 гаруй хувьд нь өвөл-хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй, 40 шахам хувьд хэтэрч байгаа дүн гарлаа. Тухайлбал, Өвөрхангай, Дундговь, Архангай, Говь-Алтай, Ховд аймгуудын ихэнхи нутагт өвөл, хаврын улирлын бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрсэн ба эдгээр аймгуудад нийт өвөлжих малын 32.0 хувь нь ноогдож байна. Иймд дээрх аймгуудад малаа эдийн засгийн эргэлтэд түлхүү оруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх чиглэл өгч, хамтран ажиллаж байна.
Өнгөрсөн 08 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар тэмээ 541.5 мянга, адуу 4.5 сая, үхэр 5.4, хонь 39.6, ямаа 34.5 сая нийт 84.2 сая малыг 169.7 мянган малчин өрх маллаж, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж байна. Аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газраас бэлчээрийн даацтай уялдуулан авч үзэхэд 67.7 сая толгой мал өвөлжих тооцоо гараад байгаа учир энэ оны үлдэж байгаа хугацаанд 16.5 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй хэрэгцээ шаардлага үүсээд байна.
Нийслэл, аймгийн төвүүд, төв суурин газрын оршин суугчдын хэрэгцээнд бэлтгэх махны хэмжээг нэмэгдүүлэх, аюулгүйн нөөц бүрдүүлэх, мах махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх ажлыг нэгдсэн зохицуулалт, уялдаатайгаар зохион байгуулахад анхаарч байна. Бэлчээрийн даацаас хэтэрсэн 16.5 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэнд оруулах ажлыг оновчтой зохион байгуулах нь олон талын ач холбогдолтой төдийгүй учирч болох байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ. Олон улсын цаг агаарын судалгааны байгууллагуудын мэдээлэл таамаглал, мал аж ахуйд ихээхэн хохирол учруулсан зудын давтамж 10 жилээр тохиож буй сургамж, хаврын сар эхлэх хугацаа ирэх оны 2 дугаар сарын сүүлээр тохиож буй зэргээс үзэхэд амаргүй сорилттой тулгарч болзошгүй байна. Учир иймд мал сүрэгтээ ангилан ялгалт, заазлалт сайн хийх, мал тарга тэвээрэг авсан энэ үед нь түлхүү хэрэгцээлэх, махны нөөц бэлтгэхэд аймаг, орон нутаг онцгой анхаарах нь зүйтэй байгааг Ч.Улаан сайд танилцуулгадаа дурдсан.
Түүнчлэн тэрбээр, Мал өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг сайтар хангахын тулд аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газраас отроор өвөлжих малын судалгааг авч нэгтгэн үзэхэд, өөр аймгийн нутагт 3748 өрхийн 3.0 сая толгой малыг отроор өвөлжүүлэх, Өвөрхангай аймгийн 988 өрхийн 817 мянган мал отор нүүдэл хийхээс, Булган аймагт 494 өрхийн 408 мянга, Төв аймагт 247 өрхийн 204 мянга, Архангай аймагт 148 өрхийн 122 мянга, Баянхонгор аймагт 59 өрхийн 49 мянга, Өмнөговь аймагт 40 өрхийн 32 мянган толгой мал өвөлжих төлөвтэй байна. Улсын тусгай хамгаалалттай газарт Архангай, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Сүхбаатар, Увс, Ховд нийт 7 аймгийн 2766 өрхийн 2.2 сая толгой мал отроор өвөлжүүлэх, хилийн зурвас газарт Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Сүхбаатар, Увс, Ховд, Хэнтий нийт 7 аймгийн 2190 өрхийн 1.3 сая толгой мал отроор өвөлжүүлэх, улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Увс, Төв, Ховд, Хэнтий нийт 13 аймгаас 1529 өрхийн 1.8 сая толгой мал отроор өвөлжүүлэх санал гарсан. Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутгуудийн орон тооны бус зөвлөлийн хурлыг зохион байгуулж, отроор малаа өвөлжүүлэх аймгуудын ХХААГ-т малын тооны хязгаарыг тогтоон өгч гэрээ байгуулан бэлчээрийн даацад тохирсон 600.0 орчим мянган хонин толгой малыг өвөлжүүлэх зохион байгуулалт хийж байна гэж байлаа.
Монгол Улсын нийт мал сүрэгт эрүүл мэндийн үзлэгийг бүх аймаг, сумын Мал эмнэлгийн газар, тасаг, нэгжээр дамжуулан 2019 оны 08-р сараас зохион байгуулж байна. Мал сүргийн эрүүл мэндийн үзлэгийн арга 66,0 сая толгой мал сүргийг хамруулж, 99,3 хувийн гүйцэтгэлтэй байна. Малын гадна шимэгчтэх өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх угаалгын арга хэмжээнд улсын хэмжээнд нийт 55,0 сая толгой мал сүргийг хамруулахаар төлөвлөснөөс 2019 оны 10-р сарын 18-ны байдлаар 45,4 сая толгой мал сүргийг хамруулаад байгаа нь 86,9 хувийн гүйцэтгэлтэй байна. Улсын хэмжээнд орчны цэвэрлэгээ, сэг, зэм, ариутгал, халдваргүйтгэлийн шуурхай арга хэмжээ зохион байгуулах зорилгоор Мал эмнэлгийн ерөнхий газрын мэргэжилтнүүд оролцсон ажлын хэсгийг бүх аймгуудад томилон ажиллуулж байна. Мал, эмнэлгийн урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт вакцинжуулалтын арга хэмжээнд 19 нэрийн вакцинжуулалтад 23.1 сая толгой мал хамруулахаас 19,89 сая толгой малыг хамруулж, 83,7 хувьтай хэрэгжиж байна.
2018 оны 06-р сараас хойш өнөөдрийг хүртэл гоц халварт өвчин гараагүй, хорио цээрийн арга хэмжээ хэрэгжүүлж байгаа аймаг, сум байхгүй тайван байгааг салбарын сайд танилцуулгадаа онцолсон.
Түүэчлэн мал аж ахуйн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг 11 дүгээр сард багтаан бүрэн хийж гүйцэтгэх төлөвлөгөөтэй ажиллаж байгааг дурдлаа.
Сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат, Д.Тэрбишдагва, Б.Саранчимэг, Д.Эрдэнэбат, Д.Мурат нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн.
Гишүүдийн зүгээс өвөлжилтийн бэлтгэл ажил хэр хангагдаж байгаа талаар тодруулахын зэрэгцээ малаа гоц халдварт өвчнөөс сэргийлж, вакцинжуулсан эсэхийг тодруулав. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад Засгийн газар онцгойлон анхаарч тусгай ажлын хэсэг байгуулахад анхаарах, нөөцийн мах бэлтгэхэд салбарын яам Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг холбогдох байгууллагатай хамтран ажлын хэсэг байгуулан, хяналт тавьж ажиллах шаардлагатай гэсэн саналуудыг хэлж байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Д.Эрдэнэбат нар хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн талаар цогц бодлого боловсруулж, улстөржилгүйгээр Байнгын хороо, УИХ-аар хэлэлцээд цаашид тодорхой бодлого гарган ажиллах цаг нь болсон гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Улсын Их Хурлын гишүүн С.Батзориг, улсын төсвийн дэмжлэггүйгээр хөдөө аж ахуйн салбар хөгжихгүй гэдгийг тодотгоод тусгай сангуудын үйл ажиллагааг зоригтой дэмжиж, малын гаралтай бүтээгдэхүүнийг экспортод гаргаж, малчдын орлогыг нэмэгдүүлэхэд салбарын яам онцгойлон анхаарч ажиллах шаардлагатай гэсэн саналыг хэлж байлаа.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуйн яаманд ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд энэ асуудалд тусгайлан зарцуулах төсөв хөрөнгө мөнгө хуваарилаагүй тул яамны төсвийн хүрээнд аймаг, орон нутгийн ажлыг уялдуулах чиглэлээр асуудлыг шийдэж байгааг Ч.Улаан сайд хариултдаа онцлов. Мөн тэрбээр, одоогоор аймаг, бүс нутаг отор хүлээн авахыг зөвшөөрсөн гэрээ хийсэн асуудал алга. Бидний хувьд отрыг аймагтаа хийх, бүс нутаг дамжуулж отор нүүдэл хийхгүй байх бодлого барьж байна. Гэсэн хэдий ч улсын хэмжээнд нийт найман сая мал аймгаасаа гарч оторлох шаардлагатай байна гэж байлаа.
Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Сауле хариултдаа, шүлхийн вакциныг 10,5 сая толгой малд хийх шаардлагатай байна. Гэхдээ баруун бүсэд шүлхийн вакцин хийгээгүй бөгөөд зүүн болон говийн аймгуудын малд буюу хилийн захаасаа дотогшоо түрсэн бодлогыг баримталж байна. Нэг дэх тунг бүрэн хийж дуусаад хоёр дахь тунг хийж эхлүүлээд байгаа бөгөөд одоогоор шүлхий дэгдсэн тохиолдол бүртгэгдээгүй байгааг дурдав.