Мягмар гараг Сочи хотод Турк ОХУ-ын дээд хэмжээний уулзалт болов. Хоёр улсын ерөнхийлөгч нар зургаан цаг ярилцсаны дараа Сирийн хойд хэсгийн асуудлаар хэд хэдэн тохиролцоонд хүрчээ. Уг тохиролцоог ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Сири-Туркийн хил дээр үүсээд байгаа нөхцөл байдлыг зохицуулах чухал шийдвэр гаргалаа” гэж тодорхойлсон бол Туркийн удирдагч Р.Эрдоган “Сири улсын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хангах, дүрвэгчдийг буцаах түүхэн санамж бичигт ерөнхийлөгч Путин бид хоёр гарын үсэг зурлаа” гэж мэдэгджээ. Санамж бичигт дурдсанаар, хоёр улсын Ерөнхийлөгч нар Сирийн эв нэгдэл, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хадгалахын зэрэгцээ Туркийн үндэсний аюулгүй байдлыг хангана гэдгээ нотолж, Аданы гэрээг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. АНУ, Туркийн тохиролцсон гал зогсоох 120 цагийн хугацаа өчигдөр дууссан юм. Тэгвэл өнөөдрөөс эхлэн ОХУ, Туркийн тохиролцсон гал зогсоох 150 цагийн хугацаа эхэлж байгаа аж. Сирийн цэргүүд болон Оросын цэргийн цагдаа нарыг Туркийн явуулж буй ажиллагаанаас гадна орших бүсэд нэвтрүүлэхээр тохиролцсон бөгөөд тэд курдийн зэвсэгт бүлэглэлийг хилээс 30 км зайд гаргах ажиллагаанд оролцох бөгөөд энэ ажиллагааг дээрх 150 цагийн дотор дуусгах ёстой аж. Үүний дараа Турк, Оросын цэргүүд хилээс 10 км дотор хамтарсан эргүүл ажиллуулахаар тохиролцсон байна. Үүнээс гадна санамж бичигт Москва болон Анкара террористуудыг Сири-Туркийн хилээр нэвтрэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, дүрвэгсдийг аюулгүй, сайн дураараа нутаг буцахад дэмжлэг үзүүлнэ гэж заажээ. Уулзалтын үр дүнд Сири дэх Туркийн байлдааны ажиллагаа зогсож байгааг ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгджээ.