Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Нийслэлийн алслагдсан Багануур дүүрэгт ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд Багануур дүүргийн шинэ байрны нээлтийн ажиллагаанд оролцлоо.Тус арга хэмжээнд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ЦЕГ-ын болон Багануур дүүргийн удирдлага, бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэс нь 41 жилийн өмнө байгуулагдсан цагаасаа эхлэн өөрийн гэсэн албаны байргүй, дүүргийн ЗДТГ-ын байрны өрөөг түрээслэн ажил үүргээ гүйцэтгэж ирсэн аж. Нийслэлийн 1 тэрбум 850 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, Багануур дүүргийн Засаг даргын дэмжлэгтэйгээр цагдаагийн хэлтсийн албаны зориулалтын байрны бүтээн байгуулалтын ажил өнгөрөгч оны 7 дугаар сараас эхэлж, жил гаруйн хугацаанд барьж байгуулан өнөөдөр ашиглалтад оруулж байна.
Хотын дарга С.Амарсайхан “Та бүхэнд шинэ орд өргөөтэй болж алба үүргээ амар тайван, ая тухтай орчинд гүйцэтгэх болсонд баяр хүргэе. Нийслэлийн алслагдсан дүүргүүд болох Багануур, Налайх, Багахангай дүүргүүдэд ямар нэгэн төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын ажлууд орхигдсоор ирсэн байдаг. Бид сүүлийн жилүүдэд төлөвлөсөн ажлуудынхаа ард гарч, цөөнгүй ажлуудыг эхнээсээ хэрэгжүүлж байна. Ард иргэдийн аюулгүй, амар тайван байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнч ажилладаг цагдаагийн байгууллагын ажилтнуудын ажиллах орчин, нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн төлөө хичээн ажиллах болно. Удахгүй та бүхний ажлын хэрэгцээнд нэн шаардлагатай туулах чадвар сайтай авто машины парк шинэчлэлийг удахгүй хийхээр төлөвлөж байна, та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье” гэлээ.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар, Багахангай дүүрэгт цагдаагийн хэлтсийн шинэ байрууд ашиглалтанд оруулахын дээр цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын албан тушаалын орон сууцыг барьж байгуулна гэдгийг энэ үеэр Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж салбарынхандаа хандаж хэлсэн юм.