Боливын ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнг зарласны дараа тус улсын хэд хэдэн хотод эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөжээ. Зарим бүс нутагт үймээн самуун дэгдэж цагдаа нар нулимс асгаруулагч хий ашиглахад хүрсэн байна. Ар агентлагийн мэдээлснээр хэсэг хүмүүс сонгуульд ялалт байгуулж буй одоогийн Ерөнхийлөгч Эво Моралесыг дэмжин жагсаж байгаа бол нөгөө хэсэг нь сөрөг хүчнээс нэр дэвшигч Боливын өмнөх ерөнхийлөгч Карлос Мэсийг дэмжин сонгуулийн дүнг эсэргүүцэж байгаа аж. Боливын Дотоод хэргийн сайд Карлос Ромеро сөрөг хүчнийхэнд "хүчирхийлэл болон эмх замбараагүй байдалд хүргэсэн мэдэгдлийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстойг" анхааруулжээ. Өмнө нь Карлос Ромеро хоёрдугаар шатны сонгуулийг явуулахгүйн тулд “саналыг будлиантуулж” магадгүй гэж мэдэгдэн иргэдийг “өөрсдийн саналаа хамгаалахыг” уриалсан юм. Түүний үзэж буйгаар Эво Моралес хоёрдугаар шатанд нэгдсэн сөрөг хүчинд ялагдаж магадгүй тул албан тушаалтнууд ерөнхийлөгчид тал засан эл сонгуулийг явуулахгүй байх оролдлого хийсэн аж. Сонгуулийн хорооны мэдэгдсэн урьдчилсан дүнгээр одоогийн Ерөнхийлөгч Эвл Моралесын төлөө сонгогчдын 46,86% нь саналаа өгчээ. Түүний өрсөлдөгч Карлос Мес 37,73% санал авсан байна. Боливын хууль тогтоомжийн дагуу бол нэр дэвшигч өрсөлдөгчөөсөө 10% санал илүү авсан тохиолдолд хоёрдугаар шатны сонгууль явагдахгүй юм байна. Боливын ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуульд есөн улс төрч нэр дэвшжээ.