Олон нийтийн дунд сайжруулсан түлшний найрлагад хортой бодис байна гэсэн сэжиг, таамаг, ам дамжсан яриа байсаар. Түлшний найрлагад лабораторийн шинжилгээ хийхэд хорт бодис илрээгүй гэсэн мэдээллийг тодруулж, дэлгэрэнгүй ярилцахаар ЭМЯ-ны Хор судлалын мэргэжлийн зөвлөлийн дарга, ерөнхий мэргэжилтэн, Хүний гавьяат эмч, анагаах ухааны доктор, профессор С.Юндэнг зорьж очсон юм.
-Хүмүүс хэд хэдээрээ угаартсан. Үүнийг сайжруулсан түлшнээс боллоо, найрлагад нь хорт бодис байна гэх нь байв. Одоо болтол хардаж, болгоомжилсон хэвээр. Энэ тухайд мэргэжилтний хувьд юу хэлэх вэ?
-Эмчийн хувьд хариулъя. Бид багаж, тоног төхөөрөмжөөр шинжилгээ хийгээд угаарын хийн хордлого гэдэг онош тавьсан. Нотолгоонд тулгуурласан анагаах ухааны үүднээс авч үзэхэд клиник шинж тэмдгээрээ ч ялгаагүй, лабораторийн шинжилгээгээр ч тэр өөр ямар нэгэн хор илрээгүй. Хордсон хүмүүсийг оношийн дагуу эмчилж байгаа. Хамгийн сүүлийн мэдээгээр эмнэлэгт хандсан хүний тоо 538 байна. Энэ нь хандалт буюу өртсөн хүмүүсийн тоо гэсэн үг. Өртөлт буюу эрсдэл, нөлөөлөл, өвчлөл гэсэн шат дараалсан гурван ангилал анагаах ухаанд бий. Хандсан буюу өртсөн хүмүүсээс эмнэл зүйн үзлэгээр мэдэгдэх юмгүй ч, толгой нь өвдөх зэрэг шинж тэмдэг илэрсэн, түргэн тусламж дуудаж үзүүлсэн, өөрөөр хэлбэл, нөлөөллийн гэж авч үзэх хүний тоо 480 болсон. Дараагийн хэсэг хүн нь онош тавьсны дараа хэвтэж эмчлүүлэгсэд юм. Аравдугаар сарын 17-ны байдлаар ийм хүний тоо 47 байна. Эдгээрээс Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтсэн хүүхэдтэй нийлүүлбэл арваад нь нэлээд хүнд байсан. Эмчилсний үр дүнд бүгдийнх нь бие сайжирсан. Өнөөдрийн байдлаар нэг хүний биеийн байдал хүнд байна. Тэр бол өчигдөр ирсэн. Мэдээлэл их ташаарах юм. Угаарын хийн хордлогод орж, эмнэлэгт ирээд нас барсан хүн байхгүй.
-Дөрвөн хүн нас барсан гэж шуугилаа шүү дээ.
-Эмнэлэгт нас барсан хүн үгүй. Эмнэлгийн байгууллагын гол үүргийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Цэргийн төв эмнэлгийн хордлогын төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв гэсэн гурван байгууллага гүйцэтгэдэг. Мөн дүүргийн болон өрхийн эмнэлгүүд ажилладаг. Хяналт тавьж, хүмүүсээ эргэж, үзлэг хийж байгаа. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын хувьд эрүүл мэндийн тогтолцооны байгууллагууд бүгд ажиллаж, анхаарлаа хандуулсаар байдаг. Одоо ч үүргийнхээ дагуу ажиллаж байна. Ойрын үед орон нутагт энэ чиглэлээр эмч нартай явуулах төлөвлөгөөтөй байна.
-Ингэж хэлсэн ч итгэхгүй шинж байна. Шахмал түлшний найрлагад асуудал бий дээ л гэх байх.
-Би түлш үйлдвэрлэлийн технологийн мэргэжилтэн биш болохоор сайн мэдэхгүй. Лабораторийн шинжилгээний хариу, дүгнэлтүүдийг үндэслэн ярьж байна. Дахиад хэлье, нийслэлчүүдийн одоо хэрэглэж байгаа сайжруулсан түлшний найрлагад хортой, аюултай бодис илэрсэн гэсэн мэдээлэл байхгүй. Шинжилгээг Монголдоо ч хийсэн, гадаадад ч бас хийлгэсэн. Манай улс энэ чиглэлийн шинжилгээг хангалттай сайн хийх хүчин чадалтай. Мэргэжилтнүүд ч сайтай. Өмнө нь төмөрлөгийн үйлдвэрт асуудал гарахад бид өөрсдөө л шинжилгээ хийж байсан.
-Ер нь угаарын хийн хордлого гэж юу вэ?
-Шаталт явагдаж байхад хангалттай хэмжээний хүчилтөрөгч байхгүй байх нь карбон монооксид буюу нүүрстөрөгчийн дутуу исэл гэдэг бодис үүсгэдэг юм. Үүнийг угаарын хий гэдэг. Угаартах нь мэр сэр байдаг болохоор эмнэлгийн байгууллага бэлэн байдалд үйл ажиллагааг явуулдаг. Одоогийн байдлаар дутагдаж, гачигдаад байгаа нь гайгүй. Юмыг яаж мэдэх вэ, ослын, гамшгийн байдал үүсэх юм бол хэрхэн ажиллах талд төлөвлөсөн зүйл бий.Угаарын хийд хордох нь сайжруулсан шахмал түлшний найрлага дахь бодисоос биш, харин галлагааны технологитой холбоотой байх.
-Нүүрс ч бай, мод ч бай ямар нэг түлш зууханд, пийшинд хийсэн л бол зуухны амсрыг сайн хаах, яндан хүхээгтээ гүйцэд сууж буй, эсэхийг шалган, аюулгүй байдлыг хангаж ирсэн өдөр тутмын амьдралын дэг, уламжлалтай. Сүүлийн үед хүмүүс аливаад хайнга ханддаг шигээ энэ мэт зүйлд алдаа гаргаснаас болж хордож байгаа юм биш биз гэсэн бодол байдаг.
-Үгүйсгэхгүй. Ер нь угаарын хийд хордох нь хаа нэг байсаар ирсэн л дээ.
-Таны мэргэшил сонирхолтой юм. Манай улсад хордлого судлаач олон уу?
-Бид цөөхүүл. Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хор, хордлого судлалын чиглэлд ажилладаг цөөн хэдэн эмч, химич, ганц нэгхэн биологич байдаг. Хор судлал, хордлого судлал өөр. Хор судлалын асуудлыг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнд хариуцаж ажилладаг. Орчныхоос авхуулаад бүх төрлийн хор судалдаг шинжлэх ухааны судалгаа, лаборатори хавсарсан байгууллага байдаг. Хордлого судлал гэдэг нь цэвэр эмнэлгийн байгууллагад хамаарна. Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төв гэж Цэргийн төв эмнэлэгт байдаг, эмнэлийн тусламж үзүүлдэг байгууллага бий. Энэ хоёрыг нийлүүлээд ЭМЯ-ны ерөнхий мэргэжилтэн зөвлөн ажилладаг. Одоогоор би ажиллаж байна. Хордлогын талын шинжлэх ухаан манай улсад хөгжиж эхлээд 20-иод жил л болж байна.
-Тун залуу салбар юм.
-Тийм ээ, хордлого судлал бол манайд шинэ тутам хөгжиж байгаа цоо шинэ салбар. Цэргийн эмч нар санаачилж байгуулсан юм. Би цэргийн эмч. Хор, хордлого судлал нь цэргийн талдаа илүү ойрхон мэргэжил. Зэвсэгт ажиллагаа ч юм уу, гамшиг, осол болоход цэргийн байгууллага хордлого судлалын чиглэлээр үүрэг гүйцэтгэдэг учраас цэргийн эмнэлэг, цэргийн анагаах ухаан гэдэг салбарт багтдаг нэг том чиглэл юм. Нөгөө тал нь гэмтэл. Хордлого судлалд химийн хор, цацраг идэвхт бодис, биологийн хор гэсэн гурван чиглэл хамаардаг. Хоолны, могой, зөгийд хатгуулах, далайн амьтны гэх зэрэг олон төрлийн хордлого байна. Мөөг, ургамлын, мөн мөөгөнцрийн асар хүчтэй хор байдаг.
-Мөөгөнцрийн хор гэж юу вэ?
-Монголд элбэг. Ганцхан жишээ татахад, хатаасан загасны завсарт афлотоксин гэх хор их хэмжээгээр үрждэг. Мэдэхгүй хүмүүс идээд сүйд болж байсан тохиолдол бий. Ингээд аваад үзэхэд биологийн хор гэдэг мөн л цэргийн салбарынхны сонирхох, судлах сэдэв байдаг. Хордлого судлал дэлхийд өндөр түвшинд хөгжсөн. Манай улсад төдийлөн явахгүй байгаа. XX, XXI зуун бол химийн зуун. Хүлэмжийн хий, цэвэр ус, агаарын нөөц, озоны цоорхой, нарны цацрагийн идэвхжил, хөрс, усны бохирдол, цөлжилт зэрэг дэлхий даяар болж байгаа экологийн бохирдол, дэлхийн чанартай гэж хэлэх үзэгдэл Монгол орны байдалд нөлөөлж байгаа шүү дээ.
Түүнээс гадна дотооддоо бий болгож байгаа үндэсний чанартай асуудлууд бас бий. Уул уурхайн олборлолттой холбоотой, цианид натрий, мөнгөн ус зэргээс үүдэлтэй хөрсний бохирдол байна. Байгалийн, өөрөөр хэлбэл, уул уурхайн олборлолт хийхэд газар доор байгаа хүнд металлуудыг хөрсөн дээр гаргахад нарны цацрагаар идэвхжээд хүний биед нөлөөтэй, цацраг идэвхт хордлого үүсгэх аюултай. Вольфрам, хром гээд зэс дагаж гарч ирдэг газрын ховор элементүүд ч гэсэн нарны цацрагаар идэвхжээд цацраг идэвхт хор үүсгэж л байдаг. Уурхай дагасан асуудал янз янзаараа гарах юм. Орчинд нь мал үхлээ л гэдэг. Мал үхүүлээд байгаа хор нь магадгүй геологи хайгуул, олборлолт явуулж буй технологитой нь холбоотой биш ч байж болох юм. Сая хэлсэнчлэн газрын хөрсөн доор байдаг селень, хүнцэл зэрэг ховор элемент дээшээ гараад ирчихсэн, тэр нь бороо, усаар дамжаад мал хордуулаад байж болох юм. Үүнийг огт судлахгүй байна. Хөрөнгө мөнгөний гачигдал байдаг биз. Уул уурхайн компаниуд хүн амын эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ гэж хийлгэж байх ёстой. Гэтэл энэ талаар яриа төдий эхлэл ч байхгүй.
-Монгол Улс хордлого судлалын талын асуудалд анхаарахаар их тааруу гэж ойлголоо. Манай улс уг нь энэ чиглэлийн ДЭМБ болон олон улсын бүхий л конвенцод нэгдсэн. Гэтэл үүргээ биелүүлэхээр тааруу. Хуулиар бол хүн оршин суудаг газраас 500 метрт химийн бодис байх ёсгүй. Гэтэл өнөөдөр химийн бүхий л үйлдвэр, аж ахуйн газрууд нь нийслэлдээ байна шүү дээ. Үүнд анхаарах нь бүү хэл, хүн амын өдөр тутмын хүнсэнд хор байгааг анхаарахгүй байна.
-Ямар хүнсэнд хор агуулагддаг вэ?
-Монголд түгээмэл нь шоколад тэргүүтэй чихэрлэг хүнс, даршилсан хүнс, жимс. Найрлагад нь тогтворжуулагч, бэхжүүлэгч, өнгө будаг гээд химийн маш олон бодис ордог. Тус бүртээ химийн томьёотой. Жишээ нь, хүнсний химийн олон улсын стандартын 303 дугаарт бодис нь хорт хавдар үүсгэгч, Европт хориглосон хүнс манай улсад орж ирсээр байна. Тэнд хориглосон учраас маш хямд өртгөөр бүтээгээд, буурай орнууд руу илгээдэг. Манайхан, хүүхдүүд маань гял цал савлагаатай хорыг өдөр тутам долоосоор л байна.
-Хоригломоор юм байна даа.
-Мэргэжилтнүүдээс асуудаггүй. Эрдэмтэд хуралддаг, хэлэлцдэг, хэрэндээ дуугардаг, зөвлөмж хүргүүлдэг, эрх мэдэлтнүүд сонсдоггүй. УИХ-д сонгогдсон л бол хэн ч байсан, бүхнийг мэдэгч болчихдог, бусдыг сонсдоггүй. Амьдралын ийм гашуун үнэн бий болоод байна. Өнөөдөр эрдэмтдээсээ асууж хэрэгжүүлэх зүйл Монголд маш их байна. Монгол хүний архидалт хэрээс хэтэрсэн, үндэсний хэмжээний аюул боллоо. Архи бол маш аюултай хор юм. Үйлдвэр, аж ахуйн газар, эм, ахуйн хэрэглээний болон гоо сайхны бүтээгдэхүүн, ариутгал цэвэрлэгээний бодис гээд хими ороогүй, хоргүй юм алга. Улс бодох, арга хэмжээ авах цаг нь болсон.