Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхитог Эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд оролцохоор өчигдөр Токио хотыг зорьсон. Түүнийг тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Төрийн хүндэтгэлийн ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Шинзо Абэ Япон Улсын зарим бүсийг дайрсан “Хагабис” хар шуурга, байгалийн гамшигтай холбогдуулан эмгэнэл илэрхийлж, хүмүүнлэгийн дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв. Мөн Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежментийн гэрээг талууд богино хугацаанд байгуулж, ирэх онд ашиглалтад оруулахаар эрчимтэй ажиллаж буйг тэмдэглэлээ. Шинзо Абэ мөн мөнгөний бодлогодоо зохистой өөрчлөлт оруулж, банк санхүүгийн зарим хүндрэлээ шийдсэний дараа Япон Улсын Засгийн газраас олгох хоёр дахь шатны төсвийн дэмжлэгийг үзүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлэв.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр улсын идэвхтэй, энх тайванч гадаад бодлого, Шинзо Абэгийн дэвшүүлсэн “Энэтхэг-Номхон далайн үзэл санаа”-г дэмжиж байгаагаа дахин уламжиллаа. Хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, түүний дотор хоёр улсын найрамдал, нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болохуйц эдийн засгийн хамтын ажиллагааны томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх хүсэлтэйгээ Ерөнхий сайд хэлсэн байна.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг уламжилсны хариуд Шинзо Абэ чин сэтгэлийн талархал илэрхийллээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр талын биеийн тамир, спортын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж, 2020 оны Токиогийн олимп, паралимпийг Япон Улс амжилттай зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна гэв. Талууд хоёр улсын найрсаг харилцааны үндэс суурь болсон ард иргэд хоорондын найрамдал, нөхөрлөлийг улам бүр бэхжүүлэхээ илэрхийлж, хоёр улсын харилцааг бүс нутаг, олон улсын тавцанд гүнзгийрүүлж ажиллахаа нотлов.