УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөл болон Монгол Улс мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны “саарал жагсаалт”-д орсон талаар хэлэлцжээ. Хуралдааны талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өгөв. Түүний мэдээлснээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг энэ долоо хоногт байнгын хороо болон нэгдсэн хуралдаанаар хийх гэнэ. Гэхдээ зөвшилцлийн ажлын хэсгийнхэн дахин хуралдаж, ярилцах шаардлага байгаа аж.
Харин “Саарал жагсаалт”-д орсонтой холбогдуулан албаны хүмүүсийн мэдээллийг сонссон байна. Тэд ч хэвлэлийн хуралд оролцсон бөгөөд дараах мэдээллийг өглөө. Тухайлбал, Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Монгол Улс уг байгууллагад 2004 онд элссэн. Хамгийн сүүлд есөн хүний бүрэлдэхүүнтэй Харилцан үнэлгээний банк манай улсын 2013-2016 оны үйл ажиллагаанд үнэлгээ хийсэн. Улмаар Мөнгө угаах, терроризмтой тэмцэх олон улсын байгууллагын хяналтад оруулсан. Өнгөрсөн 18-нд албан ёсоор зарласан юм. Цаашид дөрвөн зүйлд анхаарах ёстойг манайд сануулж, гишүүн орнуудад мэдэгдэл хүргүүлсэн. “Саарал жагсаалт”-д орлоо гээд ямар нэгэн хориг арга хэмжээ ав гэж гишүүн улсуудаасаа шаардахгүй тухай мэдэгдэлд дурдсан. Тиймээс олон нийтийн яриад байгаа шиг олон улсын төлбөр тооцоог зогсоох, карт үйлчлэхгүй байх, манай улсад валют орж ирэхгүй гэсэн үг биш.
Учир нь 2017 онд манай улс хяналтад орсноос хойш холбогдох банкууд харилцаагаа зогсоосон. Одоо цөөн хэдэн банктай харилцаж байгаа. Тэд хяналтад буйг мэдэж байсан учраас нэмж эрсдэл үүсэхгүй гэж Монголбанк үзэж байгаа. Мөн манай улсын эдийн засаг 6.7 хувиар өссөн. ОУВС, Дэлхийн банк энэ өсөлт хадгалагдана гэж төлөвлөж байгаагаа мэдээлсэн. Мөн төсөв, худалдааны тэнцэл нэг тэрбумын ашигтай, валютын нөөц нэмэгдэж байгаа зэрэг нь эдийн засагт ямар нэг доргио үүсгэхгүй гэж үзэж байгаа” гэсэн бол Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Энэхүү үйл явдлыг ид улстөржүүлж байна. 2013-2016 онд үнэлгээ хийх үед Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг баталсан. Монголын хөрөнгийн хэмжээ 34 их наяд төгрөгөөр нэмэгдсэн сэжигтэй үедээ энэ шалгалтад орсон. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг 2015 оны нэгдүгээр сард УИХ-д өргөн барьсан ч буцаасан.
Улмаар тухайн ондоо, наадмын үеэр баталсан. Уг хуультай холбоотойгоор манай улсын хөрөнгийн хэмжээ 150 хувиар нэмэгдсэн нь гадаадын байгууллагад сэжиг төрүүлэх нь мэдээж хэрэг. Улмаар манай хийсэн үнэлгээний тайлан 2017 оны тавдугаар сард гарсан байдаг. Тайлангийн дагуу 40 зөвлөмж өгсөн бөгөөд Засгийн газар эдгээрийг хэрэгжүүлэхээр ажиллаж, дөрөв, таваас бусдыг нь биелүүлсэн. Ингэснээр “Монгол Улсыг эрчимтэй биш, өргөтгөсөн хяналтад орууллаа” гэсэн зөвлөмжийг надад захидлаар уламжилсан. Дараа нь Парист болсон хурлаар Монгол Улсыг “саарал жагсаалт”-д оруулах болсноо зарласан нь энэ. Мөнгө угаахтай тэмцэхтэй холбоотойгоор шүүх шийдвэр гаргасангүй, хөрөнгө хураасангүй гэдэг. Одоохондоо хоригт орж, хязгаарлалт тавьсан зүйл алга. Дурдсан ажлуудыг нь хийчихвэл ойрын хугацаанд хоригоос гарах боломжтой. Мөнгө угаахтай тэмцэх тухай хууль баталсан. Гадаадын ажиллах хүчинтэй холбоотой асуудлыг ирэх сард шийдвэрлэнэ. Ингээд холбогдох байгууллагуудад мэдээллээ хүргүүлнэ” хэмээв.
Мэдээллийн дараа тэд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөс хасах, нэмэх саналын талаар тодруулахгүй юу?
Д.Тогтохсүрэн: -Хоёрдугаар хэлэлцүүлгийн шатанд 57 гишүүний дэмжлэг авсан 35 санал бий. Эдгээрийг одоо хөндөхгүй. Зөвхөн зөвшилцлийн хүрээнд ярьж байгаа гурван саналын талаар л хэлэлцэнэ. “Унасан” саналыг нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар оруулж болохоор хуулиа өөрчилсөн.
-Та Мөнгө угаах, терроризмтой тэмцэх үндэсний хороог тэргүүлдэг. Энэ шийдвэр гарахаас өмнө зөвлөмжийг нь биелүүлж болоогүй юм уу?
Ц.Нямдорж: -Хөрөнгө хураахтай холбоотой шийдвэрийг шүүх гаргадаггүй. Би гурван жилийн өмнөөс “Эрдэнэт үйлдвэр”, Худалдаа хөгжлийн банктай холбоотой асуудлыг дэлгэж ярьсан. Үүнийг хэрхэн шийдвэрлэхийг Засгийн газар мэдэхгүй. Монголын банк санхүүгийн салбарт асуудал байгаа нь бодитой. Монголбанканд Мөнгө угаахтай тэмцэх алба бий. Тэр алба 20 сая төгрөгөөс дээш гүйлгээг хянах үүрэгтэй. Сэжигтэй бол тагнуулын байгууллагад хандах ёстой ч туйлын хойрго байгаа нь нууц биш. Маш хүнд нөхцөл дунд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой хэргийг шийдвэрлэж байгаа.
-Холбогдох хууль, эрх зүйн орчин нь хангалттай юу?
-Тодорхой хэргийн тухайд зүйл анги, элдэв нарийн зүйлийг үзэж байж л хэлнэ. Сүүлийн үед улс төрийн зорилгоор дэл сул яриа зөндөө тарааж байна. Миний батлуулсан 10 хуулийг “шоронжсон” гэж шүүмжилсээр байгаад ялын хэмжээ, хөөн хэлэлцэх хугацааг 2015 оноос багасгасан. Одоо үүнийг өөрчлөх гэж байна.
-Банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлсэн эх үүсвэрийг Төвбанк шалгаагүй юм уу?
Б.Лхагвасүрэн: -Банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх ажил 2017 оноос эхэлсэн. Үнэлгээний үр дүнг 2018 оны дундуур гаргасан л даа. Банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн юм. Үүнийг ОУВС-гаар үнэлгээ хийлгэе гэсэн. Энэ үнэлгээг хийлгэсэн.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:-Буруу бодлого, үйлдэл Монгол Улсыг “саарал жагсаалт”-д оруулсан. Буруу үйлдлийг хүлээн зөвшөөрч, алдаагаа засаагүй. Хамгийн том нөлөө үзүүлсэн нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль. Өнгөрсөн хугацаанд эдийн засгийн дархлаа нэмэгдэж, валютын нөөц өссөн. Гэхдээ одоо сандарч, ханш хөөргөх шаардлагагүй. Богино хугацааны төлөвлөгөө гаргаж, идэвх, санаачилгатай ажиллахыг Ерөнхий сайд даалгасан.
-Ямар хугацаанд энэ жагсаалтаас гарах бол?
-Бид шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. ФАТФ-ын дараагийн хурлаар гарчих байх.