Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Арьс ширний үйлдвэрлэлийн салбарын өнөөгийн тулгамдаж буй асуудлууд, гарц шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг өнгөрсөн баасан гарагт зохион байгуулав. Хэлэлцүүлэгт салбарын эрдэмтэд, үйлдвэрлэгчид, ХХААХҮЯ, Үндэсний хөгжлийн газар, МХЕГ, ТЕГ, ГЕГ-ын төлөөлөл оролцжээ. Энэ үеэр арьс ширний салбарт төрөөс баримталж буй бодлого, өнөөгийн байдал, чиг хандлага, үйлдвэрлэлийн эдийн засгийн үр ашигт хийсэн судалгаа зэрэг сэдэвт илтгэл тавьсан аж.
Арьс, ширний үйлдвэрүүдийн төлөөлөл Засгийн газарт хандан хүсэлтээ илэрхийлжээ. Тэд арьс, ширний үйлдвэрүүдийг Эмээлт рүү нүүлгэх УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэхийг шаардсан байна. Зарим компани нүүлгэхийг нь хүлээгээд үйлдвэртээ хөрөнгө оруулж чадахгүй байгаа гэнэ. Мөн эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл олгох шаардлагатай байна гэжээ. Зарим үйлдвэрт түүхий эдээ бэлтгэх эргэлтийн хөрөнгө дутаж байгаагаас ийм санал гаргасан байна. Түүнчлэн үйлдвэрүүдэд мэргэжлийн ажилчин олдохгүй байгаа учраас тэтгэлгээр мэргэжлийн ажилчин бэлтгэх бодлого баримтлах нь зүйтэй гэсэн санал гаргажээ.
Бэлтгэсэн: Т.Бат