Өнгөрсөн оны тооллогоор манай улс 66.5 сая малтай гэсэн бол албан бусаар 80 орчим сая мал бий хэмээн тооцжээ. 80 сая малын ашиг маш их гэдэг нь ойлгомжтой. Малчид ноолуур, мах, ноос зэргийг нь бэлтгэн борлуулдаг ч сүүг нь төдийлөн ашигладаггүй талаар холбогдох мэргэжилтнүүд хэлж байна. Тодруулбал, манай улс жилд 900 орчим сая литр сүү бэлтгэх буюу ийм хэмжээний түүхий эд авах малын нөөцтэйг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны судалгаанд дурдсан. Гэтэл жилд үйлдвэрийн аргаар 80 гаруй сая литр сүү боловсруулж, 4000 тонн хуурай сүү импортлон, бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд гаргадаг гэнэ. Бид ийнхүү ашиглавал зохих түүхий эдийнхээ 10 орчим хувийг боловсруулж буйг малчид болон сүүний инженерүүд хэлж байна.
Бэлчээрийн малаас гарсан сүү олон төрлийн аминдэм, ашигт бодис агуулдаг бөгөөд түүнээс гаргах бүх төрлийн бүтээгдэхүүн нь шимт бодисыг хангалттай хэмжээгээр агуулдаг. Тэдгээрээс нэмүү өртгийг хамгийн их шингээдэг нь ээдэм, уураг юм байна. Дэлхийн зах зээлд жилд 2.3 тэрбум орчим ам.доллароор үнэлэгдэх уураг, ээдэм борлуулдаг гэнэ. Үүний нэлээд хувийг БНХАУ нийлүүлдэг бөгөөд дотоодын зах зээл дэх уургийн хэрэгцээ нь ч их байдаг аж. Мөн сүүнээс төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нано технологи, төхөөрөмжийн үйлдвэрлэл, борлуулалтаар дэлхийд тэргүүлэгчдийн нэг юм. Тиймээс манай үйлдвэрлэгчид урд хөршөөс технологи нэвтрүүлэн, тоног төхөөрөмж худалдан авч, сүүний гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжтой талаар Монголын ээдэмцрийн холбооны тэргүүн, сүүний зөвлөх инженер Л.Гантөмөр хэлсэн. Тэрбээр “Манай сүүний нөөц их боловч бэлтгэн нийлүүлж буй хэмжээ нь маш бага байгаа нь малчид бог малаа саахаа больсонтой холбоотой.
Богоос гарах сүү арвин ч айл өрхүүд түүнийг цуглуулж, бүтээгдэхүүн хийх хүн хүч дутмаг. Манай улс 1990 оноос өмнө сүү цуглуулах төвлөрсөн цэгүүдийн тусламжтайгаар таван хошуу малын сүүг авч цөцгийн тос, ээдэм, уураг үйлдвэрлэн дотоод, гадаадын зах зээлд нийлүүлдэг байв. Би тухайн үед Хөдөө аж ахуйн яаманд ажиллаж байсан бөгөөд 1985-1992 онд Япон руу жилд 2300-2500 тонн уураг нийлүүлсэн судалгаа бий. Оросоор дамжуулан экспортолж байсан уураг манайд багагүй орлого оруулж байсан бөгөөд одоо ч япончууд бэлчээрийн малын сүүгээр хийсэн уураг худалдан авах сонирхолтой хэвээр. Мөн арлын орныхны уургийн хэрэглээ жилд 18 000 тонн гэсэн судалгаа байдаг. Тиймээс уураг экспортлох боломж бий, эсэх талаар ХХААХҮЯ-нд хүсэлт тавьсан. Энэ дагуу манай холбоо 2014 оноос судалгаа хийн, “Монгол ээдэмцэр” төсөл санаачлан, ХХААХҮЯ болон холбогдох байгууллагаас нь санхүүжилт хүссэн. Харамсалтай нь, өдий хүртэл хөрөнгө оруулалтаа шийдэж чадаагүй” хэмээн ярив.
Архангай, Баянхонгор, Завхан, Өвөрхангай зэрэг 10 аймгийн зарим сумыг хамруулсан сүү цуглуулж, боловсруулах 40-50 жижиг үйлдвэр, дөрвөн том үйлдвэр, 2-3 лаборатори байгуулах, нийт 117 тэрбум төгрөгийн төслийг Үндэсний хөгжлийн газарт дээрх холбоо, үйлдвэрлэгч, малчид хамтран хүргүүлжээ. Үйлдвэрийг 2-3 жилийн хугацаанд байгуулж, 10 000 орчим хүнийг шууд болон шууд бусаар ажлын байраар ханган, жилд 180-200 сая литр сүү боловсруулж, 400-500 тэрбум төгрөгийн борлуулалт хийхээр тооцжээ. Хамгийн гол нь бог малаас гарах, төдийлөн ашиглахгүй байгаа сүүг боловсруулж цөцгийн тос, уураг үйлдвэрлэхийн зэрэгцээ шар сүүний буюу протейн уураг үйлдвэрлэх боломж бүрдүүлэхийг зорьж байгаа юм билээ. Одоогоор манай улсад үйл ажиллагаа явуулж буй сүү боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүд шар сүүгээ ашигладаггүй. Гэтэл шар сүүнээс гарган авсан уураг нь тамирчдад төдийгүй иргэдэд шаардлагатай хүнсний нэмэлт бүтээгдэхүүн бөгөөд агуулагддаг амин хүчил, эрдэс бодисын хэмжээгээрээ ургамлын гаралтай уургаас 2-3 дахин шимтэй гэдгийг мэргэжилтнүүд нотолсон байна. Гэвч Үндэсний хөгжлийн газарт ирүүлсэн төслүүдийг олон нийт болон хөрөнгө оруулагчдад танилцуулан, хөрөнгө оруулагч, эсвэл Засгийн газрын түвшинд сонирхсоныг нь олон шалгуураар судлан санхүүжилт өгөх боломжтойг Үндэсний хөгжлийн газрын мэргэжилтэн нь хэлсэн юм.
Дэлхий нийт юу хүсэж байна, түүнд нь нийцүүлсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл хөгжүүлэхийг эрмэлзэх ёстойг зах зээл судлаач Ц.Уранчимэг хэлэв. Швед улсад эдийн засагч, судлаач мэргэжлээр ажилладаг тэрбээр “Манай улс гадаад зах зээлд төрөл бүрийн ааруул, аарц, тараг нийлүүлэхийг эрмэлзээд төдийлөн амжилт олохгүй болов уу. Харин гүү, ингэний хатаасан сүү, уураг, ээдэм үйлдвэрлэн, нийлүүлбэл брэнд болж чадна. Олон оронд хүний өдөрт идэх уураг, цагаан идээний гаралтай бүтээгдэхүүний хэмжээг заан, хүүхдэд өгдөг хүнсэнд заавал оруулахыг журамласан байдаг. Европын Холбооны улсуудад нэг хүн өдөрт 10 орчим еврогийн үнэтэй цөцгийн тос, уураг хэрэглэдэг гэсэн тооцоо бий. Мөн цагаан идээний гаралтай уураг нэг кг нь монгол мөнгөөр 100 000 орчим төгрөгөөс эхэлдэг.
Ийм өргөн зах зээлд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг цогцоор нь Монголд хөгжүүлбэл ирээдүйтэй” хэмээн саналаа хуваалцав. Тэгвэл Говь-Алтай аймгийн Төгрөг сумын малчин Ж.Цог “Манайх 700 орчим богтой, 50 гаруй үхэртэй. Зунд үхэр, зарим ямаагаа саадаг. Төллөсөн бүх богоос сүүг нь авч, цагаан идээ хийх гэхээр хүч хүрдэггүй. Хэрэв худалдан авах цэг ойрхон байвал сүүгээ борлуулахад татгалзах зүйлгүй. Ер нь малчид малаас гарах бүх шимийг ашигладаггүй нь үнэн. Энэ нь борлуулалтын зах зээл, ажиллах хүн хүч багатай холбоотой. Уг нь бэлчээрийн малаас гардаг мах, сүү бараг л эмийн чанартай гэдэг ч бид хангалттай үнэд хүргэж, хаана хаанаа ашиг олж чадахгүй байна” гэв.
Сүү бол хадгалалт, тээвэрлэлтийн ая даадаггүй эмзэг бүтээгдэхүүн. Тиймээс орон нутгуудад сүү цуглуулах цэг байгуулах нь хамгийн үр дүнтэй арга аж. Ингэснээр үнэ цэн багатай богийн сүүг худалдан авч, түүгээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж болох юм байна. Одоогоор зарим үйлдвэр нийслэлийн ойр орчимд сүү цуглуулах зорилгоор фермерийн аж ахуй хөгжүүлж буй ч нийт нутгийг хамарсан сүүн заводгүй юм. Ганц хоёр үйлдвэрийг эс тооцвол манай улсад уураг, ээдэм хийдэг аж ахуйн нэгж байхгүй. Уураг экспортлох нь ашигтай, урт хугацаанд өгөөжтэй гэх боловч яриа, төсөл төдий хэмжээнд байна.
Түүнчлэн цөцгийн тосны дотоодын хэрэглээ ч улам өсөн, жилд 7000 тонн шаардагдаж буйгаас 140 тонныг нь үндэсний үйлдвэрлэгчид бэлтгэж байгааг Монголын ээдэмцрийн холбооны судалгаанд тэмдэглэжээ. Тиймээс юуны түрүүнд холбогдох байгууллагаас нь шаардлагатай төслүүдэд хөрөнгө оруулж, сүү цуглуулах цэг, боловсруулах үйлдвэр барихад дэмжлэг үзүүлж, түүхий эдийнхээ нөөцийг бүрэн ашиглахад анхаарах ёстой болов уу.