Замын хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх уулзвар дахь хөдөлгөөний эрчмийг 50 хүртэл хувиар нэмэгдүүлэх зорилгоор хамгийн ихээр ачаалалдаг 3 уулзварын гэрлэн дохионд өөрчлөлт оруулж байна. Үүнд, Баруун 4 замын уулзвар, МИС-ийн уулзвар, Цэцэг төвийн уулварууд хамрагдаад байна. Тодруулбал:
Баруун 4 замын уулзварт хойноосоо Энхтайвны өргөн чөлөө рүү зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг зөвхөн чигээрээ болгож өөрчилж байна. Судалгаагаар энэ чиглэлд цагт ердөө л 70-80 тээврийн хэрэгсэл эргэдэг ба бүтэн өдрийн турш 1000 хүрэхгүй тээврийн хэрэгсэл эргэж байгаа нь уулзвар нэвтрэх цаг хугацааны хувьд ихээхэн алдагдалтай байгаа юм. Өөрчлөлтийг хийснээр урдаас хойшоо чиглэсэн автомашины тоо 88 хувиар буюу цагт 479 автомашин нэвтэрч байсан бол 766.2 автомашин болж өсөх юм.
МИС-ийн уулзварт урдаасаа зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг зөвхөн чигээрээ болгож өөрчилж байна. Судалгаагаар энэ чиглэлд мөн л цагт ердөө 70-80 тээврийн хэрэгсэл эргэдэг ба бүтэн өдрийн турш нэг мянга хүрэхгүй тээврийн хэрэгсэл эргэж байгаа нь уулзвар нэвтрэх цаг хугацааны хувьд ихээхэн алдагдалтай байгаа юм. Ингэснээрээ урагш нэвтрэх босоо чиглэлийн хөдөлгөөний эрчим 2 дахин нэмэгдэх ба урдаасаа хойшоо чиглэх хөдөлгөөн урд нь 2 эгнээгээр байсан бол өөрчлөлт хийснээр 3 эгнээгээр явж хүлээлт багасна гэж тооцоолж байна.
Цэцэг төвийн уулзварт зүүнээсээ ирээд зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг зөвхөн чигээрээ болгож өөрчилж байна. Судалгаагаар энэ чиглэлд цагт 200 орчим тээврийн хэрэгсэл эргэдэг энэ эгнээг чигээрээ явах болгосноор уулзварын Энхтайвны өргөн чөлөөний баруун 4 замаас төв шуудангийн уулзварлуу явах хөдөлгөөний ачаалал буурах юм. Харин гудамжруу орох тээврийн хэрэгслүүд төв шуудангийн уулзвараа зүүн гар тийш эргэж орох боломжтой юм.