Компьютер, гар утас, Ipad, macbook, таблет нь орчин цагийн хэн бүхний өдөр тутмын хэрэглээ болсон. Дээрээс нь нэмээд энэ бүхнийг интернэттэй холбохоор бидний амьдрал “төгөлдөршиж” буй нь тэр. Фэйсбүүк, твиттер, инстаграм, ви чат, жи мэйл ашиглаад хорвоо ертөнцийн аль ч хэсэгт “хүрч чадна”. Цахим хэрэглээ жилээс жилд нэмэгдэхийн хэрээр хүн төрөлхтөн цаг хугацаа хэмнэж, бичиг цаасны ажлаа хөнгөвчилж буй. Тухайлбал, Монголд байгаа ач охин нь Америкт амьдардаг өвөөтэйгөө нүүр нүүрээ хараад ярилцаж болно. Бүр бизнесийн гэрээ хэлцэл хийж, цахим гарын үсгээр түүнийгээ баталгаажуулах болсон цаг. Өөрөөр хэлбэл, цаасан дээр бичсэнээ, бичгийн машинаар товших хөг нь өнгөрсөн эринд бид аж төрж байна. Бидний эмээ, өвөөгийн үеийнхэн бол гадаадад сурч байгаа ойр дотнын хүнтэйгээ хэдэн жил уулзаж чаддаггүй байсан гэх. Хааяа нэг захиа авч, хэдэн өдөр дараалан захиалга өгч, өдөржин хүлээж, орой хэрд гадаадад суугаа хань ижил, үр хүүхэдтэйгээ ярьдаг байж. Цахим эрин хөгжсөнөөр энэ бүх хүндрэлд баяртай гэж хэлсэн. Гэхдээ байзнаарай. Ойр дотнынхон тань өглөө үдэшгүй цахим ертөнцөөр аялдаг болсон юм биш биз. Хүүхдүүд нүднийхээ доод хэсгийг хөхөртөл, цонхийтлоо дэлгэц ширтээд байна уу. Дэлгэц таны, миний, бид бүгдийн амьдралыг захираагүй биз дээ.
Компьютероо хэсэгхэн зуур унтраагаад, гар утаснаасаа түр боловч хөндийрөөд өөрийгөө бас үр хүүхдээ ажиглаад нэг үзээрэй. СЭМҮТ-ийнхний хэлж буйгаар өсвөр насныхны 97 хувь нь гар утас, 93 хувь интернэт хэрэглэдэг болжээ. “Ердөө л орчин цагийнхны өдөр тутмын хэрэглээ шүү дээ” хэмээн уншигч Та бодож магад. Тийм ээ, компьютер, гар утас өдөр тутмын хэрэглээ. Гэхдээ монголчууд, тэр дундаа өсвөр насныхны цахим хэрэглээ хэрээс хэтэрч, эрүүл мэнддээ хохирол учруулж эхэлснийг дуулгая. Ийм хэрэглээ хүүхдүүдийг багаас нь томчуудын ертөнцөөр аялуулж, бэлгийн донд автуулах болсон гэх. Улмаар өсвөр насныхан насанд хүрэгчдийн сайт руу байнга орж, садар самуун кино үзэж, дэлгэцийн гэхээсээ илүү сэтгэцийн донтой болж буйд эмч нар санаагаа чилээж байна.
Үүний нэг адил дэлгэцэд донтсон өсвөр насныхан цагдаагийнхны анхааралд өртөөд амжсан. Дэлгэц ширтсээр эцэс төгсгөлгүй хүчирхийлэл, аллагад тархиа угаалгасан тэд гэмт хэргийн ертөнцөд хөл тавих нь нэмэгджээ. Харин завгүй амьдралдаа түүртсэн томчууд үүнийг огт анзаардаггүй, анхаардаг ч үгүй. Тиймээс дэлгэцэд донтсон өсвөр үеийнхний нэг хэсэг нь эрүүл мэндээрээ хохирч, нөгөө хэсэг нь хэрэг зөрчилд холбогдсоор байна. Тухайлбал, ах дүү хоёр оюутан саяхан СЭМҮТ-д эмчлүүлжээ. Нэг нь сургуулиасаа гарахдаа тулсан, нөгөө нь бүтэн жил хичээлээ тасалсан байсныг эцэг, эх нь мэдээгүй гэнэ. Төрсөн ах, дүүс бүтэн жил РС тоглож, эцэстээ эмнэлэгт хүргүүлсэн байна.
Зарим эцэг, эх хүүхдээ саатуулах гэж зурагтаа өдөржин асаалттай байлгадаг. Хүүхэд өдөржин дэлгэц ширтэж, нүд нь ядарч, хараанд нь өөрчлөлт орж буйг мэддэггүй. Дэлгэц ширтэн удаан суухаар хөдөлгөөний дутагдалд орж, таргалдаг. Хамгийн гол нь хүүхдүүдийн үздэг кино голчлон нэгнээ зодож, хөнөөсөн, өс зангидсан, хүчирхийллийн агуулгатай. Энэ нь хүүхдийн төлөвшилд сөрөг нөлөөтэй гэдгийг эмч, мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа. Томчууд хүүхдээ дэлгэцээс салахад чухал нөлөөтэй. Тэд байнга утсаа ухдаг хэрнээ хүүхэдтэйгээ ажиллах завгүй гэлцдэг. Хүүхэдтэйгээ ярилцдаггүй, дэлгэц ширтээд, оройжингоо суудаг. Томчууд хүртэл хортойг нь мэдсээр байж дэлгэцээс хөндийрч чадахгүй байгаа нь өнөөгийн эмгэнэл.
Бид интернэтийн үсрэнгүй хөгжлийг ашиглаж буй хэрнээ хамгаалалтын программын хөгжлөөс хол хоцорсон хэмээн IT инженер нэгэн танил минь хэлснийг ээж, аавуудад уламжилъя. Түүний хэлсэн үг үнэн аж. Товчхондоо дэлгэц томчуудыг донтуулж, тэдний үлгэрлэлээр дамжуулан ирээдүй хойчийг минь залгиж дуусах нь.
Бэлтгэсэн: Д.Мягмаржаргал
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Л.НАСАНЦЭНГЭЛ: Нэг ойтой хүүхэд ч донтох магадлалтай
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ)-ийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор, профессор Л.Насанцэнгэлтэй дэлгэцийн донтолтын талаар ярилцлаа.
-Дэлгэцийн дон гэж юу болох талаар уншигчдад тайлбарлаж өгөхгүй юү?
-Дэлгэцийн дон гэж бий. Донтолт нэг настай хүүхдэд ч илрэх магадлал өндөр. Юм иддэггүй хүүхдэдээ гар утсаараа хүүхэлдэй үзүүлж байгаад хооллодог болсон байна. Энэ нь даамжирсаар хүүхэд эмгэгтэй болохыг дэлгэцийн дон гэж нэрлээд байгаа юм. 1990-ээд оноос монгол хүүхдүүд “Sega”, РС, зэрэг видео тоглоомоор тоглож эхэлсэн. 2003 оноос дэлгэцийн тоглоомд донтсоны улмаас СЭМҮТ-д хандах болсон. Үүнд эцэг, эх буруутай. 2013 онд эмчлүүлсэн хүүхдүүдийн 82.3 хувь нь хараа хяналтгүй болон хайр халамж дутсан, эсвэл хэт эрхлүүлдэг гэр бүлд өссөн, буруу хүмүүжилтэй байв. Дэлгэцэд донтсон хүүхэд хичээлээ таслаад, гэр орноосоо дайжаад хонон өнжин тоглодог. Сэтгэл зүйн хувьд маш ууртай, анхаарал нь сарнидаг, мэдрэлийн ядаргаатай, нойр муутай болдог. Худал хэлэхээс өгсүүлээд хулгай хийнэ. Оюуны чадварт нь ч сөргөөр нөлөөлдөг. Сэтгэл зүй, биеийн талаас олон өөрчлөлт гардаг.
-Дэлхийн чиг хандлага ямар байна вэ?
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас дэлгэцийн донг зан үйлийн эмгэгт хамааруулах биш, тусад нь эмгэг гэж оношлохоор болсон. Өвчний олон улсын 11 дүгээр ангилалд нэмж оруулахаар таван удаа хэлэлцлээ. Хүүхэдтэй ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагынхан үүнийг дэмжиж, ДЭМБ-д захидал илгээж байв. Монголоос СЭМҮТ зэрэг таван байгууллага дэмжсэн захидал явуулсан. Харилцаа холбооны үндэстэн дамнасан том компаниуд үүний эсрэг, өөрийнхөө бизнесийг дэмжсэн бодлого хэрэгжүүлдэг. Цахим спортын газрууд нээн, аварга шалгаруулах тэмцээн зохиож, үүнийгээ олимпын төрөлд оруулах санал хүртэл гаргаж байлаа. ДЭМБ болон хүүхдийн эмч нар энэ нь сөрөг нөлөөтэй хэмээн эсэргүүцсээр буй.
-Өдөр тутмын ажил нь компьютертэй холбоотой бол дэлгэцийн донд өртөх үү?
-Зохиолч, санхүүч, IT инженер гээд компьютер ашигладаг мэргэжил олон. Гэтэл хийх ёстой, төлөвлөсөн ажлаа хийхгүй хажуугаар нь элдэв бичлэг үзэх, бусадтай харилцах зэрэг нь эмгэг дур хүсэл төрсний шинж. Энэ нь амьдралд нөлөөлснөөр тухайн хүн дэлгэцийн төдийгүй сэтгэцийн донтой болдог. Үндсэн ажлаа хийж буй хүн донтохгүй. Үндсэн ажлаасаа халиад өөр зүйлд анхаараад өөрийгөө удирдаж чадахгүй байгаа бол асуудал үүсжээ гэсэн үг. Тэд амьдралд ач холбогдолгүй мэдээлэлд ихэнх цагаа үрдэг.
-Дэлгэцийн донтолтод хүн амын хэчнээн хувь өртөөд байна вэ?
-Монголд 2.1 сая хүн гар утас хэрэглэдэг гэсэн судалгаа бий. 2016 онд СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлсэн 12-16 насны хүүхдүүдийн дунд судлаач Б.Мөнхзаяагийн хийсэн “Интернэт тоглоомын эмгэгтэй хүүхдүүдийн сэтгэл зүйн онцлог” судалгааны үр дүнгээс харахад нээлттэй, бие даасан биш, хариуцлага сул, өөрийгөө хянах чадвар багатай хүүхдүүд интернэт тоглоомд донтох эмгэгтэй байсан. Эмчлэх явцад хүүхдүүдэд цочмог, түгшүүртэй, ширүүн, өөрийгөө буруутгах хандлагатай, сэтгэл зүйн ачаалал ихэссэн зэрэг сэтгэл хөдлөлийн өөрчлөлт илэрчээ.
-Бид хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Олон улсад янз янзын мэдээлэл, зөвлөмж бий. Тав хүртэлх насны хүүхэд дэлгэцээр нэг цаг юм үзэж болно. Түүнээс дээш насныхан нэг цаг 15 минут, 18-аас дээш бол өдөрт гурван цаг дэлгэц харж болно. Гурван цагаас хэтрүүлэн дэлгэц ширтэх юм бол эрүүл мэндэд сайнгүй. Энэ чинь телевиз үзэх, дэлгэцтэй ажиллах нийт цаг юм шүү. Орчин үед компьютер, ухаалаг утас, Ipad, таблет зэрэг цахим хэрэглээг дэмжсэн зүйл маш их гарлаа. Аливааг тохируулах нь зүйтэй. Хүн өглөөнөөс орой хүртэл тасралтгүй хоол идээд байвал эмгэгтэй болно. Өдөржин, шөнөжин унтаад байдаг бол бас сайнгүй. Үүнээс урьдчилан сэргийлэх нь эцэг, эхийн ажил. Аав, ээжүүд хүүхэдтэйгээ үргэлж харилцдаг, сэтгэлийн угаас ярилцдаг байх хэрэгтэй. Томчууд хоол хийж, юм угааж байсан ч хүүхэдтэйгээ харилцана гэсэн үг. Багаас нь нээлттэй ярилцаж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал үүсгээгүй байж, өсвөр насанд хүрээд гэнэт ухаарна, бүх үнэнээ хэлнэ гэж боддог. Тийм зүйл байдаггүй юм. Хүүхэд өөртөө цензур тавьж чадахгүй. Өсвөр насны хүүхэд бол жолоодлогогүй машин л гэсэн үг. Тиймээс хүүхдээ маш сайн анхаарах хэрэгтэй. Сургууль, төр лүү дайрах нь чухал биш. Дани, Швейцар, Швед зэрэг орны ээж, аавууд хүүхдэдээ анхаарч, чөлөөт цагаар нь урлаг, спорттой нөхөрлүүлснээр тэднийг янз бүрийн дэлгэцийн донтолтоос хол байлгаж чадсан. АНУ-д ч гэсэн хүүхдэдээ анхаарч, тэднийг дугуйланд их хамруулдаг.
-СЭМҮТ дэлгэцийн донг багасгахын тулд юу хийж байгаа бол?
-Эрүүл мэндийн болон БСШУСЯ тодорхой ажлууд хийж байна. 2018 оны хичээлийн жилээс Эрүүл мэндийн хичээлийг ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт дахин орууллаа. Эрүүл мэндийн хичээлийн зургаан бүлгийн хоёр нь сэтгэцийн эрүүл мэнд, хорт зуршлаас хэрхэн сэргийлэх талаар байна. Хичээлийн хөтөлбөр, удирдамж гээд бүх зүйл нь батлагдсан. Одоо 4-12 дугаар ангийн сурах бичих хэвлэгдэх шатандаа явж буй. Сургалтын номыг зохиоход манай төвийнхөн ажилласан. Ганц СЭМҮТ гэхгүй, сэтгэлзүйч, нийгмийн ажилтнаас мэдээлэл авах боломжтой. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын болон Эрүүл мэндийн сайд 2018 оны арванхоёрдугаар сард хамтарсан тушаал гаргалаа. Тушаалаар сургуулийн эмчийн ажлын байрны тодорхойлолт, сургуульд ажиллах сэтгэлзүйчийн ажлын байрны тодорхойлолт, эмийн жагсаалтыг гаргасан. Сургуулиуд сэтгэлзүйчтэй болж чадвал эцэг, эхээсээ гадна тэднээс зөвлөгөө авах боломжтой. Японд сургуулийн эмч, сэтгэлзүйч нар нь хүүхдийг дэлгэцийн донд өртөхөөс сэргийлдэг. Дэлхий нийт хүүхдийг эмнэлэгт очихоос урьтаж, сургууль дээр нь эмчлэх хандлага руу явж байна.
Бэлтгэсэн: Д.Мягмаржаргал
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА
Хойч үеэ хордуулж буй хүмүүс нь эцэг, эхчүүд
Техник, технологи хөгжсөн өнөө цагт гар утас, зурагт, компьютер хүний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болжээ. Ажлаа амжуулах, мэдээллээс хоцрохгүй гээд технологийн дэвшлийн давуу тал их. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр эцэг, эхийн хайхрамжгүй үйлдлээс болж дэлгэцэд донтсон хойч үетэй болж буй. Ой хүрээгүй охин гар утсан дээрх зураг, хүүхэлдэйн киног сонирхон харна, бас амандаа хийнэ. “Хүүхэд уйлаад байна. Алив наад утсаа түр үзүүлчих” гэх үг хэдийн чихэнд дасжээ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас эхлээд, хэлд ороогүй хоёр настай багачууд хүртэл дэлгэцийн хамааралтай болж. Уг нь 2018 онд Засгийн газраас шийдвэр гаргаж, БСШУСЯ журам батлан сургууль, цэцэрлэгийн орчинд ухаалаг гар утас хэрэглэхийг хориглосон. Тодруулбал, 2018 оны аравдугаар сарын 1-ээс дээрх журмыг хэрэгжүүлэхээр болсон юм. Гэвч өдий хүртэл цагаан цаасан дээр хар бэхээр бичсэн төдийхөн хэвээр. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дэлгэцийн донтолт, гар утасны хэрэглээний талаар сурвалжиллаа.
БСШУСЯ-ны харьяа лаборатори 23 дугаар сургуулиар оров. Нэгдүгээр ээлж тарсны дараа ангидаа орохоор хүлээж буй бага ангийн сурагчдын зарим нь гар утсаа хүзүүнээсээ зүүжээ. Ангийнхандаа өнөөхөө гайхуулах нь ч байв. Утсаар юу хийдэг талаар асуухад “хичээлээ тарахаар аав, ээж рүүгээ залгадаг” юм гэлээ. Тус сургуулийн орчинд гар утасны хэрэглээг хэрхэн зохицуулдаг талаар нийгмийн ажилтан Г.Эрдэнэчимэгээс тодруулахад “Манай сургууль сурагчдаа гар утас ашиглахгүй байхыг зөвлөдөг. Утас хэрэглэх зайлшгүй шаардлагатай бол товчлууртай утас барихыг нь зөвшөөрдөг юм. 1-12 дугаар ангийн хүүхдүүдийн эцэг, эхчүүдэд журам танилцуулж, хамтран ажиллахыг эрмэлздэг. Ер нь хүүхдүүдийг байнга хянах тусам улам л нууж ашиглах гээд байна. Тиймээс хатуу чанга, байнгын хяналт тавьдаггүй. Сурагчид өглөө хичээлдээ ирэхдээ утсаа унтраагаад, орой тарахдаа асаадаг” гэлээ. Гэвч бодит байдал дээр дээрх хариулт амьдралаас хол тасарчээ. Бага ангийн хүүхдүүд товчлууртай утастай гэж бодъё.
Харин дунд, ахлах ангийнхан тэр бүр товчлууртай утас барихгүй л байх. Мөн өглөө бүр бүх сурагчид утсаа унтрааж байгаа, эсэхийг шалгах боломжгүй гэдгээ ч 23 дугаар сургуулийнхан хэлсэн. Дараа нь Баянзүрх дүүрэг дэх улсын тэргүүний лаборатори 33 дугаар сургуульд очлоо. 18.00 цагт сургуулийн хоёрдугаар ээлж тарж байв. Тус сургуулийн долдугаар ангийнхантай хэдэн үг солилцож амжлаа. “Манай ангид гар утасгүй ганцхан хүүхэд байдаг. Тэр нь би. Гэхдээ энэ амралтын өдөр аав надад утас авч өгнө” гэж жижүүр хийж байсан нэг сурагч хэлэв. Утсаар юу хийх талаар нь асуухад “аав, ээжтэйгээ ярина” гэлээ. Ангийн цэвэрлэгээ дуусахтай зэрэгцэн ярилцсан сурагчид маань нууж, хаалгүй гар утсаа юунд ашигладаг талаараа ам нээлээ. Ихэвчлэн ангийнхныхаа үүсгэсэн бүлэгт зурвас бичдэг, ном хүрэлцээгүй үед зургийг нь авдаг гэлээ. Багш нь зөвшөөрвөл зураг авч, зөвшөөрөхгүй бол дундаа номоо тавиад бичдэг гэнэ. Ихэвчлэн ангийнхантайгаа холбоотой байхын тулд утсаа ашигладаг гэдгээ сурагчид нуусангүй. Ангийнхаа бүлэгт (групп чат) гэрийн даалгавар, хичээлийн хуваарь гээд хэрэгтэй мэдээллээ бичдэг аж.
Цахим орчинд хүүхдүүд нэгдэж бүлэг үүсгэсэн жишээ олон. Сурагчдын өдөр тутмын амьдралд гар утас багагүй хэрэг болдог гэнэ. Наад зах нь хичээлийнхээ зургийг авчихдаг. Харин цэцэрлэгийн хүүхдүүдэд гар утас, зурагт ямар хэрэгтэй вэ. Тэдэнд зургийг нь дарах хичээл, мэдэхгүй зүйлсээ ангийнхнаасаа лавлах бүлэг хэрэггүй байлтай. “Саатуулж байна” гэх нэрийдлээр эцэг, эхчүүд өөрсдөө утсаа бариулчихдаг. Хүүхдийн нүд, тархи, сонсголд гар утас, компьютер муугаар нөлөөлдөг нь ойлгомжтой. Гар утсыг чихэндээ ойр байлгавал тархины хавдар үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдгийг Шведийн эрдэмтэд тогтоожээ. Хүүхдийн бие томчуудынхтай харьцуулахад бодисын солилцоо идэвхтэй явагддаг учраас эмзэг, яс нь нимгэн, эсүүд олноороо хуваагдан, өсөлт эрчимтэй байдаг гэнэ. Тиймээс судлаачид “Хүүхдийн тархины яс томчуудыг бодвол нимгэн тул цахилгаан соронзон туяа амархан нэвтрэх боломжтой” гэж дүгнэжээ.
Хойч үеэ хордуулж буй хүмүүс нь эцэг, эхчүүд өөрсдөө байгаа нь харамсалтай. Дэлгэцийн донтолт дан ганц гар утсаар тогтохгүй. Найман настай балчраас эхлээд 30 хол давсан залуус хүртэл цахим тоглоомын газарт өдөр шөнө, өглөө оройгүй тоглох болж. 22.00 цаг хэдийн өнгөрсөн байхад цахим тоглоомын газарт амьдрал жинхэнэ өрнөж байв. Хаашаа л харна амнаасаа хараал урсгасан хүмүүс. Хоосон суудал бараг байхгүй энэ газраар үйлчлүүлэгчдийн хамгийн бага нь 9-10 дугаар ангийнх бололтой гэмээр хүүхдүүд. Харин өдрийн цагаар бол найман настнууд элбэг. Тэнд тоглож буй ах нараасаа хараал, ерөөл аль алийг нь “чадмаг” сурснаа гайхуулан хашхирна. Нэг цаг тоглоход 1500 төгрөг. Болоогүй ээ, бас бооцоо тавьж тоглодог. Иймэрхүү янзаар цахим тоглоомын газар өдөрт хэчнээн төгрөг олдог бол. Өөрсдөөс нь тодруулсан боловч хэлсэнгүй. Хүүхдүүд ч ярих сөхөөгүй тоглоно.
Ирээдүй маань интернэт хэмээх их далайд хөл алдаж дэлгэцийн хамааралтай болсоор. Үүний үр, үндсийг эцэг, эхчүүд өөрсдөө тарьж буй нь эмгэнэл билээ.
Бэлтгэсэн: Ж.Отгонтуул
БАЙР СУУРЬ
Хүүхэд, залуучуудын ухаалаг гар утасны хэрэглээ хэрээс хэтэрч дон болсон. Тэгвэл энэ тухай хүмүүсийн байр суурийг хүргэе.
Эмчид хандаж буй хүүхдүүдийн олонх нь дэлгэцийн донтой
Э.ОЮУНБИЛЭГ (Сүхбаатар дүүргийн VII хорооны өрхийн эмч)
-Өрхийн эмнэлгийн нэг өдрийн үзлэгт 30-40 хүн хамрагддагийн 70 гаруй хувь нь бага насны хүүхэд. Үзүүлж байгаа хүүхдүүдийн олонх нь дэлгэцийн донтой болсон байдаг. Хүүхдүүд дэлгэцийн донтолтод өртөж байгаа нь эцэг, эхийн хараа хяналт сул, гар утас, таблет зэрэг төхөөрөмж хэрэглэснээс үүдэх сөрөг нөлөөллийн талаарх мэдээлэл дутмагтай холбоотой. Бага наснаасаа дэлгэцийн хараат болбол хараа муудах, анхаарал төвлөрөх чадваргүй, сонсголын эрхтэнд нь өөрчлөлт ордог. 2-5 насны хүүхдүүд энэ насан дээрээ идэвхтэй хөдөлгөөн хийж байх ёстой ч утас, таблет удаан ширтсэнээс хөдөлгөөний дутагдалд орох, дархлаа нь сулрах, таргалах үндсэн суурь болдог.
Цол нэмэх гэж тоглодог
Б.ЭНХБИЛГҮҮН ( ... дугаар сургуулийн сурагч)
-Ихэнхдээ найзуудтайгаа л утсаар тоглодог. Хичээл тарсны дараа нэгнийдээ орж байгаад “гүйдэг”. Бусад хүүхдүүд шиг байнга тоглодоггүй. Их тогловол хараа мууддаг гэж сонссон. Тийм болохоор бага тоглохыг хичээдэг. Гэхдээ л найзуудтайгаа өдөрт 2-3 удаа тоглодог. Найзуудаас “гүйх үү?” гээд чат ирдэг, тэгээд тоглохоор аль хэдийн цаг болчихсон байдаг. Ер нь тэгээд нэг тогловол утасны цэнэг дуусаж байж л салдаг. “Пабжи” тоглодог учир нь олон хүн алж, шилдэг аравт үлдэх бүрт оноо нэмэгдэж, цол ахидаг. Хүүхдүүд бие биендээ цолоо гайхуулдаг болохоор тэднээс дутахгүй гээд л тоглодог.
Насанд хүрэгсэд хүртэл тоглох болсон
Б.БАТЦЭЦЭГ (иргэн)
-Миний хүү наймдугаар ангийн сурагч. Ухаалаг гар утас барьдаг. Утсандаа алаан, хядаантай тоглоом татаж байнга тоглох болсон. Онцолбол “Пабжи” “Мобайл леженд” гэх тоглоомоор голчлон тоглодог юм шиг байна лээ. Бага, дунд ангийн сурагчид ч бус, насанд хүрэгчид хүртэл эдгээр тоглоомд донтсон гэж сонссон. Интэрнэтээр холбогдож тоглодог болохоор байрны найз, ангийн хүүхэд, ах нартайгаа ихэнхдээ тоглож харагддаг. Тоглуулахгүй гэж загнахаар шөнө хөнжил дотроо тоглох юм. Тийм байдалтай байхад нь хэд хэд барьсан. Түүнээс хойш унтахдаа интэрнэт төхөөрөмжөө салгадаг боллоо. Хичээлээсээ тарж ирээд хийх ёстой зүйлээ хийгээгүй, даалгавраа сөхөж ч хараагүй байх нь бий. Харин хичээл ном, гэрийн ажлаа хийчихсэн бол тоглохыг нь зөвшөөрдөг. “Шинэ гарсан тоглоомууд утсан дээр ажиллахгүй байна. Утсаа солимоор байна” гэж хэлэх болсон байна билээ. Утасны хэрэглээ нь зөвхөн тоглоомоор дуусдаггүй, янз янзын бичлэг үзнэ. Кино, жүжиг, тик токийн бичлэг гээд. Яаж ч хэлээд нэмэр алга, өдөрт заавал 4-5 удаа тоглодог.
Гар утас, фэйсбүүкийн хэрэглээ хяналтаас гарлаа
Б.БОЛОРМАА (92 дугаар сургуулийн багш)
-Долдугаар ангийн нэг бүлэгт судалгаа хийхэд 33 хүүхэдтэй ангид фэйсбүүк ашигладаг 31, “Пабжи” тоглодог 10 хүүхэд байна гэж гарсан. Ихэнх цагаа фэйсбүүкт өнгөрөөж, бичлэг, зураг, янз бүрийн зүйлийг ямар ч хараа хяналтгүй үзэж байгаа. Тэд ямар хуудсанд ихэвчлэн хандаж мэдээлэл авдаг, ямар мэдээ мэдээллийг илүү их сонирхдог, хуурамч хаягийн ард байх ямар хүнтэй харилцаж байгааг мэдэх бараг боломжгүй. Утас, фэйсбүүкийн хэрэглээ аль хэдийн хяналтаас гарсан. Хичээл зааж байх үед ч фэйсбүүк “ухчихсан” л сууж байдаг. Хэлээд үг авдаггүй. Аав, ээж нь эрхлүүлж, хайртайгаа илэрхийлж, үнэтэй утас авч өгөх юм. Даанч тэр нь эргээд хүүхдийн сурлага, сахилгад сөргөөр нөлөөлж байгааг мэддэг эцэг, эх ховор. Фэйсбүүкээр дамжуулан өөрсдийнхөө асуудлыг зарлана, ах, эгч нарынхаа постуудыг хараад дуурайна, өөрсдөө бичих гээд олон сөрөг үр дагавар бий болдог.
Бэлтгэсэн: Б.Мөнхбаатар
ДЭЛХИЙН ЖИШИГ
Насанд хүрэгсэд үлгэрлэх ёстой
Ухаалаг утас, техник хэрэгслийн хяналтгүй хэрэглээний сөрөг үр дагавар таргалалт, сурлага, ажлын бүтээмж муудах, улмаар хавдрын өвчлөлөөр илэрдэг. Үүнийг эмч, мэргэжилтнүүд дэлгэцийн хамаарал хэмээн тодорхойлдог. Статистик мэдээллээс үзвэл янз бүрийн дэлгэцэд хүүхдийн зориулдаг цаг жил ирэх тусам нэмэгдсээр байна. Британийн Анагаах ухааны нийгэмлэг, Шинжлэх ухааны зөвлөлийн гишүүн, сэтгэл судлаач Арик Сигман хамааралтай тэмцэх арга, хүүхдийн сэтэхүйд ухаалаг утас, техник хэрэгсэл хэрхэн нөлөөлдгийг судалжээ. Манай гаргийн хүүхэд, залуусын есөн хувь нь өдгөө дэлгэцийн хамааралтай гэсэн онош тавиулж байгаа тухай таагүй дүгнэлт гарсан байна.
Өрнөдийн орнуудын хүүхдүүд одоо унтахаас илүү олон цагийг элдэв дэлгэцийн өмнө өнгөрүүлэх болжээ. Зарим оронд тоглох, нийгмийн сүлжээнд орох, кино үзэх гэж зурагт, компьютерын өмнө хүүхэд, залуусын өнгөрүүлбэл зохих хугацааг хязгаарлах талаар албан ёсны зөвлөмж гаргасан байдаг. АНУ, Канадад хоёр хүртэлх насны хүүхдэд ухаалаг утас зэргийг огт өгөхгүй байхыг зөвлөж буй. Францын Засгийн газар гурав хүртэлх насны хүүхдэд зориулан телевизийн хөтөлбөр бэлтгэхийг хоригложээ. Эдгээр улсад 2-18 насны хүүхдэд өдөрт хоёроос илүү цаг дэлгэцийн өмнө байх ёсгүй гэж үздэг. Гурав хүртэлх насны хүүхдийн тархи хурдан хөгждөг, 80 хувийнх нь энэ хөгжил 18 настайд гүйцдэг аж. Хүүхдийг зөв хөгжүүлэхийн тулд цахим ертөнцтэй бус, бодит ертөнцтэй буюу ээж, аав, эргэн тойрны эд зүйлтэй харилцаатай байлгах хэрэгтэй гэнэ.
Британид 12-15 насны хүүхдүүд өдөрт дэлгэцийн өмнө тоглож, зугаацахад 6.5 цаг зарцуулдаг нь зөвшөөрөгдөх дээд түвшнээс гурав дахин өндөр үзүүлэлт аж.
Арик Сигманы үзэж буйгаар дэлгэцийн хамааралтай тэмцэх аргууд байдаг бөгөөд тэдгээрийг үр дүнд хүргэхийн тулд насанд хүрэгсдээс эхэлж хэрэгжүүлэх шаардлагатай. Өрх бүрт дэлгэцийн өмнө байх хугацааг заах, ухаалаг утас, техник хэрэгслийг ашиглах дүрэм тогтоох ёстой. Насанд хүрэгсэд үр хүүхдэдээ үлгэрлэх ёстойгоо ойлгох нь зүйтэй.
Чухлыг сонгох асуудал ийм үед тулгардаг. Та хүүхэдтэйгээ ярьж байхдаа утас дуугармагц аваад ярьдаг. Энэ үед танаас хүүхэд, утасны аль нь чухал болох талаар үлгэр авна. Технологиос бүрмөсөн татгалзахыг хэн ч уриалаагүй ч хүмүүс техникээ хянах бус, эрхшээлд нь орсон, эсэхээ анзаарах нь чухал.
“Дэлгэцийн хамаарлын асуудлыг шийдэхийн тулд сургууль болон гэрт ухаалаг хэрэгсэл ашиглах ижил байр суурьтай байх ёстой. Сургуульд тийм хэрэгслийг хориглоогүй цагт цайны газар, эсвэл хонгилд хүүхдүүд бие биенээ харахгүй л бол хүнтэй харилцах, нийгэмших дадал хэвшил хаанаас суралцах билээ” гэж А.Сигман үзэж байна.
Зарим улсад дэлгэцийн хамаарал төрийн түвшинд хөндөгдөж, Засгийн газар нь хяналтдаа авахад хүрчээ. АНУ-д төрийн хэмжээнд хүрээгүй ч, хүүхэдтэй ажиллах багшийн сургуулиудад хамаарлын талаар хичээл орж, сэргийлэхийн сацуу туслах аргыг заадаг. Финландад интернэтээс хамааралтай болсон залуусыг цэргийн албанаас гурван жил чөлөөлж, эл хугацаанд эмчилгээнд хамруулдаг. Хятадын Засгийн газар сүүлийн жилүүдэд интернэт хамааралд нухацтай хандаж, “Насанд хүрээгүй хүүхдийг хамгаалах тухай” хууль баталж, найман эмнэлэг байгуулжээ.
Бэлтгэсэн: З.Гал