-Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төв хөрөнгө оруулалт татахад нөлөөтэй-
Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төвийн дарга, геологийн шинжлэх ухааны магистр Н.Мөнхбилэгтэй ярилцлаа. Геологич мэргэжилтэй тэрбээр 1991 онд МУИС-ийн Байгалийн ухааны факультетийн геологийн ангид элсэн орж, 1995 онд төгсөөд, сургуульдаа багшаар үлджээ. Тэрбээр 2016 оноос Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төвд ажиллаж буй. Н.Мөнхбилэг 2015 онд ажлын шугамаар Австрийн Вена хот руу явахдаа Чех дэх танил геологичтойгоо уулзаж, Геологийн албаных нь үйл ажиллагаатай танилцжээ. Чех улс геологийн баримтын каталогийн системээ үүсгэх гэж арваад жил болсон байж. Тэгвэл Монгол Улс нэг жилийн дотор “МонГеоКат” системийг хэрэглээнд нэвтрүүлж байв. Бусад орны туршлагыг судалж, алдааг нь давталгүйгээр алгассан нь үүнд нөлөөлжээ.
-Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төвийн үйл ажиллагааны талаар тодруулна уу?
-Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төвийг 2016 оны наймдугаар сард байгуулсан. Өмнө нь Геологийн мэдээллийн бие даасан төв байсан. Дараа нь Ашигт малтмалын газрын Геологийн албаны дэргэд байсан. Тэгвэл Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төв байгуулснаар зөвхөн геологийн гэхгүйгээр эрдэс баялгийн салбарынх болж хүрээгээ өргөтгөсөн юм. Хоёрдугаарт, орчин үеийн техник, технологид суурилсан мэдээллийн төв бий болгохыг зорьж байна. 2014 онд баталсан Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод мэдээллийн нэгдсэн сантай байна гэж тусгасан. Манай төв геомэдээллийн нэгдсэн сан бий болгох, хөтөлж явах чиг үүрэгтэй.
Үүнийхээ дагуу үндсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулж байна. Хамгийн том, голлох чиглэл нь Геологийн баримтын төв архив. Архивын тухай хуульд Үндэсний төв архивын салбар гэж нэр заасан дөрвөн архив байдгийн нэг нь. Хоёр дахь чиглэл нь Геологийн баримтын төв архивт цуглуулсан анхдагч мэдээллээс цахим хэлбэрээр үүсгэж байдаг цахим сангуудын үйл ажиллагааг эрхэлдэг. Гурав дахь нь, мэдээллийн технологийн гэсэн салбар бүтэцтэй.
-Энэхүү төвийг байгуулснаас хойш хийсэн гол ажлууд юу вэ?
-Хөдөө, хээр судалгаа хийсэн геологичид дэвтэртээ гар зургаа буулгаж, тэмдэглэл хөтөлдөг. Тайлангаа хамгаалахдаа түүнийгээ анхдагч баримт болгож манайд тушаадаг. Тэдгээр анхдагч баримтыг архивын нэгж болгож цэгцэлсэн. Жишээ нь, 1970-аад онд аль нэг аймгийн, тэр сумд хийсэн судалгааны ажлын анхдагч баримтыг үзье гэвэл экспедицэд явж байсан хүний тэмдэглэлийн дэвтрийг авч үзэх боломжтой болсон гэсэн үг. Монголын ашигт малтмалын тархалтын 1: 1 000 000 масштабтай зургийн хамгийн сүүлийн хувилбарыг 2000 онд гаргасан. Мэдээллийн санд бүрдсэн өгөгдөлд тулгуурлан 1: 1 000 000 масштабтай, бүрэн дижитал зураг болгон шинэчлэн 2018 онд үйлчилгээнд гаргасан. Өөрөөр хэлбэл, 2017 оны долдугаар сарын 1-ний байдлаар Монгол Улсын хэмжээнд олж тогтоосон ашигт малтмалын орд, илрэлийг буулгасан зурагтай болсон хэрэг. Түүнчлэн манай архив дахь материалтай танилцахын тулд үйлчлүүлэгчид өөрийн биеэр ирж, каталог шүүдэг байсныг интернэт сүлжээнд байрлуулсан цахим хэлбэрт шилжүүлсэн. Тодруулбал, газар зүйн мэдээллийн системд суурилаад “МонГеоКат” системийг үндэсний “Оюуны цоморлиг” компаниар хийлгэж, 2017 онд хэрэглээнд нэвтрүүлсэн. Одоогоор бид Засгийн газрын тогтоолоор өнгөрсөн тавдугаар сард баталсан Үндэсний геомэдээллийн нэгдсэн сан хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхээр ажиллаж байна.
-“МонГеоКат” системийг олон улсад шилдгээр шалгаруулсан байх аа?
-Геологийн мэдээллийн каталог систем “МонГеоКат”-ыг Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төв Австралийн Засгийн газраас санхүүжүүлэн хэрэгжүүлсэн Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөрийн (AMEP) тусламжтайгаар боловсруулсан л даа. Энэхүү систем маань олон улсын нэр хүнд бүхий Дэлхийн гео-орон зайн форум (Geospatial world forum)-аас шалгаруулдаг “Дэлхийн гео-орон зайн шилдэг бүтээл”-ээр 2018 онд шалгарсан. Геологийн мэдээ мэдээллийг олон улсын жишигт нийцүүлэн хэрэглэгчдэд шуурхай хүргэх зорилтын хүрээнд уг системийг боловсруулсан. Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төвд буй улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын болон бусад нэмэлт мэдээллийн хураангуйг хэрэглэгчид англи, монгол хэлээр авах боломжбүрдсэн.
-Уг систем хөрөнгө оруулалт татахад нөлөөтэй байж таарна.
-Манайд хадгалагдаж буй мэдээллийг авснаар компаниуд суурь судалгааны ажлын зардлаа тодорхой хувиар хэмнэх боломж бий болно. Мөн хайгуулын ажилд зарцуулах хөрөнгө, түүнийг дагаж гарах эрсдэлийн хувь хэмжээ ч буурах ач холбогдолтой. Гуравдугаарт, гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчид хаана байгаагаас үл хамааран цахим сүлжээгээр манайхаас мэдээллийг түргэн шуурхай авснаар оролцоо, сонирхол нь нэмэгдэнэ. Улс орнууд геологи, хайгуулын ажилд хөрөнгө оруулалт татахдаа геологийн мэдээллийн үнэн зөв, нээлттэй, олдоцтой байдлыг ихээхэн чухалчилдаг.
-Системд хэр олон хүн ханддаг бол?
-Өнгөрсөн есдүгээр сарын байдлаар 60 орчим орны 105 гаруй мянган хэрэглэгч хандсан дүн гарсан. Тэдний гуравны нэг нь дахин хандсан нь давуу тал гэж үзэж байгаа. Системээс байнга мэдээлэл авдаг хүн олон бий. Тэд “Мэдээллээ нэмээч ээ” гэдэг. Энэ нь хэрэглээ үүссэнийг харуулж буй тул баяртай байгаа. Бид өнгөрсөн наймдугаар сард Австралийн Геологийн албаны мэдээллийн сангийн үйл ажиллагаатай танилцсан. Ер нь олон улсын сайн туршлагыг судлахад анхаарч байна. Улс орнуудын Геологийн мэдээллийн сан хоорондоо суурь мэдээллээ солилцох платформ бий болгоё гэж байгаа. Жишээ нь, ОХУ болон Зүүн өмнөд Азийн орнууд манайд ийм санал тавьсан. Ингэснээр манай мэдээллийн чанар, үзүүлэлт олон улсын жишигт хүрэх ач холбогдолтой. Хоёрдугаарт, геологийн суурь мэдээлэл нь тухайн улс орон гэхээс илүү дэлхийн хэмжээний шинжлэх ухааны ач холбогдолтой.
АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦИЙН БАЛАНСЫГ ТОГТМОЛ ХӨТӨЛНӨ
-Энэхүү системээс хэрэглэгчид ямар мэдээлэл авах боломжтойг илүү тодруулна уу?
-Ашигт малтмалын тухай хуульд улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын мэдээлэл олон нийтэд нээлттэй гэж заасан байдаг. 1939 онд Геологийн үндэсний алба байгуулагдсанаас хойших улсын төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн судалгааны ажлуудын мэдээллийн хураангуй буюу товч утгыг илэрхийлсэн хэлбэрээр 3700 орчим тайлангийн мета өгөгдлийг системд байршуулаад байна. Тухайн талбайд хэн, хэзээ ямар хайгуул хийснийг мэдэхгүй байлаа ч системийн орон зайн холболт бүхий газрын зураг дээр аль аймгийн, тэр сумын хавьцаа гээд компьютерын хулганаараа дарахад тэнд улсын төсвийн хөрөнгөөр ямар ажил гүйцэтгэсэн талаарх жагсаалт гарна. Хийсэн ажлын нэрсээс сонирхсоныгоо сонгоход каталог руу шилжих бөгөөд хэзээ, хэдэн онд, хэн судалгаа хийсэн талаарх товч мэдээллийг авах боломжтой. Бүрэн хэвлэмэл тайланг манай архивын номын санд ирээд, захиалж үзэх боломжтой юм.
Үндэсний геомэдээллийн нэгдсэн сан хөтөлбөр батлагдсантай холбоотойгоор бид холбогдох бусад ажлыг төлөвлөөд, хийж эхэлж байна. Манайд үүссэн мэдээллийн сангуудыг ашиглан орчин үеийн технологид суурилсан нэгдмэл сан бий болгохоор ажиллаж буй юм. Жишээ дурдахад, 1905 онд Монгол Улсад уурхайнуудаас олборлосон алтны хэмжээг монгол бичгээр бичсэн баримт Геологийн төв архивт бий. 100 гаруй жилийн түүхтэй баримтуудын хадгалалт, хамгаалалт, хэрэглээг нь сайжруулахын тулд цахим хувилбарт шилжүүлэхээр архивын материал, баримтуудыг скайнердан, цахим болгох төхөөрөмжийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны тусламжтай авсан. Өнгөрсөн баасан гарагт гадаадаас мэргэжилтэн ирж суурилуулж, угсарлаа. Одоо манай төвийнхөнд сургалт явуулж байна. Товчхондоо, архивыг цахимжуулах ажлыг эхлүүлсэн гэсэн үг. Үүнээс гадна бид мэдээлэлдээ үндэслээд үйлчилгээ үзүүлдэг. Хувь хүн, аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд тодорхой төрлийн мэдээллийг зураг, эсвэл хүснэгтэн хэлбэрээр авах захиалгаа ирүүлдэг.
Манай төвийн өөр нэг чиг үүрэг бол Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн нэгдсэн санг хөтөлж явуулах. Улмаар ашигт малтмалын нөөцийн балансыг гаргах ажил юм. 2017 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаарх Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн нэгдсэн балансыг гаргасан. Үүнийг хамгийн сүүлд 2010 онд гаргасан байсан. Зарим төрлийн ашигт малтмалын хувьд бүр 1990-ээд оны эцсээс хойш баланс гаргаагүй байсан нь харамсалтай. Цаашид уг балансыг тогтмол хөтөлнө. Уг нь тус балансыг жил бүр хөтөлж явахаар хуульд заасан. Баланс хөтөлнө гэдэг нь тогтоосон геологийн нөөцөөс тухайн жил олборлож авсныг нь хасахаар цаана нь хэр хэмжээтэйг авах боломжтойг гаргана гэсэн үг. Нийт аж ахуйн нэгжийн мэдээллийг цуглуулж, ашигт малтмал бүрээр нөөцийн баланс гаргадаг.
Монгол Улсад хийсэн атал тайланг нь үлдээгээгүй, аваад гарчихсан судалгааны ажлууд байдаг. Жишээ нь, хойд хөршийнхөн 1990 онд манайхаас гарахдаа Монгол Улсад хийсэн зарим ажлыг үлдээлгүй авч яваад, “Росгеолфонд” фонддоо тушаачихсан. Бид нэлээд хөөцөлдсөний эцэст өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тус фондоос 70 тайлангаа авсан. Тухайлбал, БНМАУ-ын дорнод хэсгийн геологийн тогтоц ба уран агууламж, БНМАУ-ын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн Учкудын төрлийн ордын хэтийн төлөв зэрэг тайланг Засгийн газар хоорондын шугамаар авсан. Эдгээрийг нууцаас гаргасан гэж өгч байгаа юм. Нууцад байгаа, өгөхгүй гэсэн тул ОХУ-д өөр тайлангууд үлдсэн.
-Тайлангаа авах ажлыг үргэлжлүүлэх байх, тийм үү?
-Тийм ээ. Оросын тал өгөхөөр бэлдчихсэн 40 гаруй тайлан бий гэж бодож байна. Гэхдээ үүнд хөрөнгө мөнгө шаардлагатай. Тэд шууд тайлангаар нь ирүүлдэггүй. Эх хувийг нь бус, скайнердаад, файлаар өгдөг. Түүнийг нь бид нэгбүрчлэн хэвлэж, ном болгоод архивын нэгж үүсгэж байгаа. Тэнд скайнердуулахад тодорхой хэмжээний ажлын хөлс төлөх учиртай.
-Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төвд улсаас хангалттай санхүүжилт өгдөг үү?
-Анхаарал тавьж байгаа гэж хэлнэ. 2016 оноос хойш улсын төсөвт тодорхой хэмжээний хөрөнгө “суулгасан” учраас тэр. Өнгөрсөн жил бид улсын төсвийн 800 сая төгрөгөөр техник, технологио шинэчилсэн. Энэ жил 1.45 тэрбум төгрөгөөр мэдээллийн сангаа шинэчилж байна. Дээр дурдсанчлан Үндэсний геомэдээллийн нэгдсэн сан хөтөлбөр батлагдсантай холбоотойгоор чулуун сангийн байгууламжтай болох ажлаа эхлүүлэхийг зорьж байгаа. Геологичид дэвтэртээ тэмдэглэл хөтлөхөөс гадна тухайн газраасаа чулуун дээж авдаг. Түүнийгээ бидэнд тодорхой шалгууртайгаар тушаадаг. Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хээрийн ажлуудын тайланг авахдаа чулуун дээжийг авч цуглуулан, чулуун сан үүсгэдэг. Тодорхой нөөцтэй орд тогтоочихлоо гэхэд аж ахуйн нэгжүүд ордын эталон дээж гэж өгдөг. Тэдгээрийг нь бид цуглуулдаг. Ийм хоёр замаар чулуун сан бүрддэг.
Чулуун сан бол маш чухал мэдээлэл. Геологич нэгэнт л тэр талбайд маршрут “хийж” ажиглалтын цэг авсан бол мэдээллийг нь хангалттай бүрдүүлэх ёстой. Чулуу анхдагч мэдээлэл учраас хэдэн ч жилийн дараа үзэхэд мэдээлэл нь хуучрахгүй. Геологичид “Тэр газраас авчирсан чулууг үзье” гэхэд тэр нь манай санд байвал бид гаргаж өгч үйлчилдэг байх ёстой. Гэхдээ энэ нь одоогоор эхлэл төдий байгаа. Нэгдсэн сан болон каталог үүсгээгүй учраас чулууг хайж олох зэргээр цаг хугацаа алдах тал бий. Бүртгэлийг нь дутуу хийсэн бол хайгаад олохгүй байх тохиолдол ч гарч магадгүй. Чулууг хайж олж, үзэхэд богино хугацаа зарцуулахын тулд чулуун сангийн төрөлжсөн агуулах (архив) үүсгэдэг олон улсын жишиг байдаг. Ер нь дийлэнх хөгжингүй орон ийм агуулахтай. Жишээ нь, хойд хөршид бий. Мөн Хятадын геологийн алба 4-5 жилийн өмнө чулуун сангийн маш том байгууламжтай болсон. Бидний хийх хамгийн том, их хөрөнгө оруулалт шаардлагатай, эргээд чухал ач холбогдолтой ажил бол энэ.
ГЕОЛОГИЧИД БОЛ ЭХ ДЭЛХИЙН ТҮҮХИЙГ БИЧИЛЦЭЖ БАЙГАА ХҮМҮҮС
-Бусад оронтой харьцуулахад манайд геологийн шинжлэх ухаан хэр хөгжсөн бэ?
-Геологийн шинжлэх ухаан хэрэглээ талаасаа манайд сайн хөгжсөн. Харин онолын шинжлэх ухаан тал дээр хурд нь саарсан. Хэтэрхий үйлдвэрлэл, хэрэглээ рүү “орсноос” болоод онолын шинжлэх ухаан хоёрдугаар шатанд тавигдчихаад байна л даа. Уг нь онол нь эхэлж, түүнийг дагаад үйлдвэрлэл хөгжих ёстой.
Тив хөвөх онол гэж бий. Дэлхийн хатуу гадаргыг үүсгэж байгаа чулуун царцдас шингэн “юм” дээр нааш, цааш хөвдөг, хоорондоо мөргөлддөг, салж холддог гэсэн онол гарсан. Энэ онол “явсаар” байгаад одоо плит тектоникийн онол болсон. Энэ нь “Дэлхий хэд хэдэн хавтангаас (плит) бүтдэг. Тэдгээр нь хоорондоо мөргөлдөж, салж байдаг” гэсэн онол юм. Энэтхэгийн хавтан хойшоогоо Төвөдийнхтэй мөргөлдөөд Хималай үүссэн. Атлантын далайн плит хоёр хуваагдаж, Исландын арал дундуур өнгөрч байгаа. Тэнд галт уулын идэвхжил үүсэж байгаа нь үүнтэй холбоотой. Евразийн плит доогуур Номхон далайнх шургаж, доошоо орж байгаа хэсэгт нь Япон байгаа тул газар хөдөлж, галт уул идэвхтэй байх жишээтэй. Уг онол 1970-аад оноос дэлхийд нэлээд хүчээ авсан. Энэ мэт шинжлэх ухааны онолын судалгаа манайд хангалтгүй байгаа.
-Геологийн судалгаа хийхэд газар нутгийг ухах нь гэж зарим хүн харддаг. Энэ талаар юу гэх вэ. Геологичийн ажлын онцлог юу вэ?
-Геологичид бол судлаачид. Эх дэлхийгээ судлах сонирхолтой, үүрэгтэй хүмүүс. Дээрээс нь геологичид бол зохиолчид. Тухайн газар дахь мэдээлэл, олдсон эрдэст үндэслээд “зохиол” (тайлан) бичдэг. Маш өргөн хүрээнд ургуулан бодох чадвартай хүмүүс. Цаг хугацаа, орон зайн хувьд өргөн хүрээнд төсөөлдөг. Геологичид чулуулгийн нас ярих дуртай. Тэр нас нь хэдэн зуун мянга, сая жилээр яригддаг. “Энэ чулуу энэ доогуур үргэлжилж байгаа шүү дээ” гэх мэтчилэн ярьдаг. Геологичид хөдөө хөхөрч, гадаа ганддаг хүмүүс. Тэд геологийн ажлын даалгаврынхаа, зорилгынхоо хүрээнд энгийн хүний хүрдэггүй газарт очиж ажиллан, тухайн газар орныхоо мэдээллийг бусдад түгээдэг. Тухайн газар, байгаль, эх дэлхийн талаарх мэдээллийг цуглуулдаг. Тэд бол Монгол Улсын хилээр хязгаарлагдаж буй эх дэлхийн түүхийг бичиж байгаа хүмүүс. Дэлхийн геологийн шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулж байгаа түүхчид. Энэ ташрамд, Монгол Улсад Үндэсний геологийн алба байгуулагдсаны 80 жилийн ойн баярын мэндийг үе үеийн геологич нартаа хүргэе.