“Райнос ассет менежмент” компани Вьетнам руу явчихлаа” гэж хөрөнгийн зах зээлийн нэгэн мэргэжилтэн халаглан ярихыг сонсов. БНСУ-ын “Райнос ассет менежмент” нь Монголын хөрөнгийн зах зээлд хувьцаагаа гаргасан “ЛэндМН ББСБ” компанид 70 тэрбум төгрөг хөрөнгө оруулсныхаа дараа манай улсад өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулахаар шийдсэн билээ. Улмаар хөрөнгө оруулалтын сан эрхлэх “Райнос ассет менежмент Монгол” компани байгуулснаа өнгөрсөн зургадугаар сард зарлаж, “Анд системс”-ийн хаалттай хүрээнд гаргах 10 тэрбум төгрөгийн бондыг худалдан авах хэлцэл хийснээр үйл ажиллагаагаа эхлүүлж байв. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулалтын анхны сан манайд үүдээ нээсэн.
“Райнос ассет менежмент Монгол” үйл ажиллагаагаа хараахан зогсоогоогүй байгааг эх сурвалж дуулгав. Эл компани өмнө нь Вьетнамын зах зээлд ажиллаж байсан. Тэгвэл Монголын хөрөнгийн зах зээлд оруулахаар зэхэж байсан санхүүжилтээ Вьетнам руу шилжүүлснийг хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд ярьж буй юм. Гэхдээ “Райнос ассет менежмент Монгол”-ын үйл ажиллагаа явуулах зорилго нь Санхүүгийн зохицуулах хорооноос баримталж буй бодлоготой зөрчилдөж байгаа аж. “Райнос ассет менежмент Монгол” нь доороо хувьцаа, бонд гэх мэт хэд хэдэн чиглэлээр хөрөнгө оруулалт хийх олон сан байгуулах саналтай гэнэ. Харин Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгө оруулалтын менежментийн компани доороо нэг л сантай байх журмыг мөрдөж ажиллах шаардлагатай гэжээ. Ингээд хоёр байгууллагын хооронд зөрүүтэй байр суурь үүсэж, “Райнос ассет менежмент Монгол” манайд далайцтай үйл ажиллагаа явуулахаа зогсоожээ.
Монголын хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн байгууллагуудын удирдлага Санхүүгийн зохицуулах хорооны “Журмын заалтыг л мөрдөж ажилла” гэсэн хатуу байр суурийг шүүмжилж, уян хатан бодлого баримтлах хэрэгтэй гэж үзэж буй. Монголын хөрөнгийн зах зээлд мэргэжлийн хөрөнгө оруулагчид дутагдаж байгаа. Тиймээс ч хувааж идэх хоолныхоо тогоог томруулах бодол тээсэн мэргэжилтнүүд Монголын жижиг зах зээлийг тоогоод хүрээд ирсэн хөрөнгө оруулалтын анхны сангаа алдахыг хүсэхгүй байна. Асуудлыг харах олон өнцөг бий. Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих өнцгөөс нь харвал “Райнос”-т чөлөөтэй үйл ажиллагаа явуулах боломжийг нээх шаардлагатай.
Тоогоод хүрээд ирсэн хөрөнгө оруулалтын сан нь гараад явчих вий гэж халаглаж буй нь мэдээж цаанаа учиртай. Урт хугацаанд хөрөнгө оруулах чадалтай мэргэжлийн байгууллага Монголын зах зээлд байхгүй нь хувьцаануудын ханшийг ихээхэн савлуулдаг. Үүгээр зогсохгүй хөрөнгийн зах зээлийн идэвхжлийг сулруулдаг билээ. Монголын хөрөнгийн зах зээлд өдгөө таагүй цаг үе тохиож байна. Учир юу гэвээс шинээр гаргасан хувьцаануудын ханш унаж эхлэв. Цаашид хэр уруудаж, доод цэгээ “мөргөх”-ийг таашгүй.
Шинэ хувьцаануудын ханш унахаар яах вэ. Дараагийн IPO-нууд гацна. Монголын хөрөнгийн зах зээлээс энэ жилд багтаж мөнгө татан төвлөрүүлэхээр зэхэж байсан “Мост финтек” компани IPO хийхээ болив. Мөн хувьцаа гаргахаар судалгаа хийж, Монголын хөрөнгийн биржид хандаж байсан ганц хоёр компани ч сураг алдарчээ. Хувьцааных нь ханш унаад, хөрөнгө нь үнэгүйдээд байвал хэн тоож, үнэт цаасны зах зээлд хөл тавих вэ.
Монгол Улсын эдийн засаг өндөр дүнгээр өсөж буй. Үүнийг дагаад худалдаа наймаа, үйлдвэрлэл үйлчилгээ тэлсээр байна. Ийм тохиолдолд хөрөнгийн зах зээл өсдөг. Гэтэл манайд хувьцаануудын ханш унаж буй нь хачирхалтай. Хөрөнгийн биржид бүртгэлтэй, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг компаниудын дийлэнх нь ашигтай ажиллаж байгаа. Гэтэл хувьцааных нь ханш унаад буй нь бүр хачирхалтай. Хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд хувьцааны ханш унах үйл явц юунаас шалтгаалж буйг тайлбарласныг энгийнээр хүргэе.
Монголын хөрөнгийн зах зээлд сүүлийн хоёр жилд 10 гаруй компани хувьцаагаа гаргасан. Иргэдийн хөрөнгийн зах зээлд оролцох идэвх сэргэж, зарим хувьцааг худалдаж авах захиалга санал болгосон дүнгээс хэд дахин давж байсан билээ. Мөнөөх идэвхтэй хөрөнгө оруулагчид маань мөнгөө хөрөнгийн зах зээлд богино хугацаанд оруулах сонирхолтой байж. Өөрөөр хэлбэл, богино хугацаанд өндөр ашиг олоод л зах зээлээс гарах сонирхолтой нөхөд байсан хэрэг. Нэг жил орчим хугацаанд ханш нь өсөх, эсэхийг харж байсан хөрөнгө оруулагчид мөнгөө өөр зүйлд зарцуулахаар хувьцаагаа ямар ч хамаагүй үнээр зарж эхэллээ. Хөрөнгийн зах зээл сонирхлыг нь татах болсон учир тэд Топ-20 индекст багтдаг бусад компанийн хувьцааг ч худалдаж авсан. Бас л зарж эхэлжээ. Үр дүнд нь Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын хувьцааны ханш нийтээрээ “гулслаа”.
Монголын хөрөнгийн биржийн Топ-20 индекс одоогоор 18-19 мянган нэгжийн хооронд хэлбэлзэж байна. Уг индекс сүүлийн хоёр жилд 20-21 мянган нэгжид хэлбэлзэж байсан юм. Топ-20 бол хөрөнгийн зах зээлийн баримжааг хөрөнгө оруулагчдад өгөх зорилготой индекс. Хэдэн жилийн өмнө энэ индексийг бодитой баримжаа өгдөггүй гэдэг байв. Тэгвэл индекст багтдаг компаниудынх нь засаглал, үйл ажиллагаа сайжирч, орчин цагийн хөрөнгийн биржийн стандартад нийцсэн шинэ хувьцаа бүртгэгдсэнээр “заалт” нь сайжирсан гэх болсон. Тэгэхээр Топ-20 индекс Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын хувьцааны ханш 10 орчим хувиар унаад буйг харуулж байна. Топ-20 индекс 2017 оны эцэст 23 724.05 нэгж хүрч, дээд амжилт тогтоосон үе ч бий. АПУ болон “Спирт бал бурам” нэгдсэн нь, “Говь”, “Сүү” зэрэг хөнгөн үйлдвэрлэлийн компаниудын хувьцааны ханш 2-3 дахин өссөн нь индекс “дэвхрэх” нөхцөл болсон удаатай.
Арилжааны банкуудын хадгаламжийн дийлэнх нь нэг жилийн хугацаатай байдаг.
Үүнээс үүдэж, “Монголын мөнгө нэг л жилийн хугацаатай” гэсэн хэллэг гарсан. Үнэхээр ч Монголын мөнгө нэг жилийн хугацаатайг хөрөнгийн зах зээл дэх хувьцааны ханшийн уналт харуулж байна. Хувьцааны ханш унангуут хөрөнгийн зах зээлийг сонирхох аж ахуйн нэгж, иргэд цөөрч, идэвх нь суларч байгаа нь харамсалтай. Богино хугацаатай мөнгө хөрөнгийн зах зээлийг унагаж байна. Тэгвэл тогтвортой байлгахын тулд “урт мөнгө” хэрэгтэй байх нь. “Урт мөнгө” гаргах чадал мэргэжлийн хөрөнгө оруулагчдад л бий. Урт хугацааны ашиг харсан мэргэжлийн хөрөнгө оруулагч хувьцааг нь худалдаж авбал ханш тогтвортой байна. Цаашлаад зах зээл савлагаагүй, тогтвортой байх юм. Иймээс мэргэжилтнүүд Монголын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалтын сангууд үйл ажиллагаа явуулаасай гэж олон жил мөрөөсөж ирлээ. Зах зээл нь жижиг учраас гадаадын томчуул тоодоггүй, тэтгэврийн сан байгуулах, эрх зүйн дэмжлэг үзүүлэх гэх мэт төр, засгийн бодлого ч дутдаг билээ.
Монголын хөрөнгийн биржээс хаалттай хөрөнгө оруулалтын сангийн журмыг батламжлуулахаар Санхүүгийн зохицуулах хороонд хандаад зургаан сар өнгөрч байна. Биржийнхэн урагш ахих, хөгжих алхамд Санхүүгийн зохицуулах хороо саад хийж байна гэж гомдоллож буй сурагтай. Тэгвэл уг журмын дагуу хаалттай хөрөнгө оруулалтын сан байгууллаа гэхэд биржийн авах хураамж өндөр гэх харгалзаж үзэх асуудал бий гэж хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд ярьж байна. Гэсэн ч журмаа баталчихвал хаалттай хөрөнгө оруулалтын сан байгуулах боломжтой гэж хөрөнгийн менежментийн хоёр компани биржид саналаа хүргүүлжээ. Хаалттай хөрөнгө оруулалтын сан байгуулахыг зөвшөөрвөл хөрөнгийн зах зээл “урт мөнгө”-тэй болоход нэг алхам урагшлах билээ.
Сангийн яам Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, “Арилжааны төлбөр тооцоо” компанийг 100 хувь эзэмшдэг. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт хөрөнгийн зах зээлд оролцогч талуудтай уулзалт хийн, санал хүсэлтийг нь сонсжээ. Улмаар хөрөнгийн зах зээлд хийх шаардлагатай өөрчлөлт, зохицуулалтын талаарх саналаа бичгээр илэрхийлэхийг хүссэн байна. Мэргэжлийн байгууллагуудын саналд үндэслэн хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих дорвитой шийдэл гаргахаа тэрбээр амлажээ. Сангийн сайд мөрөөсөл болоод буй мэргэжлийн хөрөнгө оруулагчийг татах талаар ямар нэг алхам хийх болов уу.