Дорноговь аймгийн төв Сайншандаас найман км-ийн зайд 13 метрийн өндөртэй, 30 орчим метр гүүр, түүний дагуу хүнд даацын авто зам, гүүрэн доогуур төмөр зам барьжээ. Авто зам 17.5, төмөр зам нь салаа замуудын хамт 27 км юм байна. Уг замуудыг үргэлжлүүлэн Хөөт улмаар Бичигт боомт, Эрээнцав хүргэхээр төлөвлөжээ. Гүүрийн хоёр хажуугаас газрын хөрс хүртэл 20 орчим метр өргөн талбайн өнгөн хэсгийг шуудайтай “ногоо”-гоор чигжин, төмөр тороор өнгөлжээ. Ингэж зориулалтын уутанд төрөл бүрийн ургамлын үр хийж, гүүрийг “манасан” нь ирэх хавраас үр соёолж, барьцалдан, тухайн талбайг дагтаршуулж, хүчитгэх төдийгүй мөлхөө ургамлан өндөрлөгөөтэй мэт харагдуулах аж. Энэ бол Сайншандаас Алтанширээ сумын нутаг дахь газрын тос боловсруулах үйлдвэр хүрэх төмөр болон авто замын огтлолцол хэсэг. Уг замуудыг барих техник, эдийн засгийн үндэслэлээр уг ажилд 250 тэрбум төгрөг зарцуулна гэжээ. Одоогоор авто замын ажил хараахан дуусаагүй, замын хажуугийн тохижилт, даацын зузаатгал хийж буй ч ажлын нийт өртөг 126 гаруй тэрбум төгрөгт багтах гэнэ. Үлдсэн ажлыг энэ сард багтаан дуусгахаар төлөвлөжээ.
Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас манайд газрын тос боловсруулах үйлдвэр барихад нэг тэрбум ам.долларын санхүүжилт олгохоор болсон. Харин бид өөрсдийн хүчээр боловсруулах үйлдвэрийн ажилд шаардлагатай дэд бүтцийг барьж, цахилгаан, усан хангамжаа шийдсэн нь энэ. Тиймээс ч дээрх гүүр, замуудыг ашиглалтад хүлээн авах ёслолыг өнгөрсөн мягмар гарагт Сайншандад зохион байгуулж, Монгол, Энэтхэгийн төрийн албан хаагчид, холбогдох байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлага, ажилчид, орон нутгийн иргэд оролцов. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Газрын тос боловсруулах үйлдвэр барих, түүхий тосыг дотооддоо боловсруулах нь бидний мөрөөдөл гэж хэлж болно. Өнгөрсөн оны зургадугаар сард үйлдвэрийн шавыг тавьсан бол өдгөө зам, гүүрээ барьж, бүтээн байгуулалтын ажилд шаардлагатай эрчим хүчээр хангах 110 кВт-ын цахилгаан дамжуулах шугам байгуулж, усны асуудлаа шийдлээ.
Энэ бол монголчууд анх удаа өөрсдийн хүч, хөрөнгөөр авто зам, төмөр зам барьсны жишээ юм. Үйлдвэрийн санхүүжилт бүрэн шийдэгдсэн тул ажлын явцад хүндрэл учрахгүй, төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулна гэдэгт илтгэлтэй байна” хэмээн ярив. Харин Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Газрын тос, байгалийн хийн сайд Дармэндр Пратхан “Та бүхэн төлөвлөгөөний дагуу ажлаа гүйцэтгэн, цаашид бүтээн байгуулалтаа чанартай үргэлжлүүлж чадахаа харууллаа. Эл төсөлд зарцуулж буй санхүүжилт бол манай улсаас гадаад орнуудад олгосон нэлээд уян хатан нөхцөлтэй, их дүнтэй хөрөнгө оруулалтын нэг. Тиймээс төсөл хаана хаанаа үр ашигтай, урт хугацаанд өгөөжтэй байх ёстой. Цаашид бид Монгол Улстай алт, зэс, газрын ховор элемент олборлох, ашиглах чиглэлд хамтран ажиллах боломжтой. Өнгөрсөн онд хоёр орны худалдааны эргэлт 53 сая ам.долларт хүрсэн нь 2017 оныхтой харьцуулахад 40 хувиар өссөн дүн. Энэ нь бидний хамтын ажиллагаа богино хугацаанд, эрчимтэй өргөжиж буйн жишээ” гэж тодотгосон юм.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг ашиглалтад оруулахад “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, Зэвсэгт хүчний замын 7780 дугаар анги, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” компани, Эрчим хүчний хөгжлийн болон Замын хөгжлийн төв, “ICT сайн консалинг” компани, туслан гүйцэтгэгчдийн хамт ажилласан. Бүтээн байгуулалтад ялангуяа цэргийн анги нэгтгэлүүдийн алба хаагчдыг оролцуулж эхлүүлсэн нь цаг хожин, зардал хэмнэж буйг мэргэжилтнүүд хэлж байв. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Барилга, замын бүтээн байгуулалтад хугацаат цэргийн болон бусад албан хаагчийг оролцуулж эхлүүлээд удаагүй. Энэ хугацаанд бие бүрэлдэхүүн маань чадавхжин, ур чадвараа дээшлүүлж, ашиглаж буй тоног төхөөрөмж, техник хэрэгслээ сайжруулсаар буйг тэмдэглэе” гэв.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга, байгууламжийн ажлыг ирэх хавар эхлүүлэхээр төлөвлөжээ. Энэ үед багадаа 200-300 хүнийг ажиллуулж эхлэх бол, бүтээн байгуулалтын ид үе буюу 2022-2023 онд 5000-8000 хүнийг ажлын байраар хангахаар тооцсоныг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” компанийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг дурдсан. Тэрбээр “Үйлдвэрийн ажлыг гурван үе шаттай гэж ойлгож болно. Нэгдүгээрт, ажлын төлөвлөгөө гарган, зураг төслийг бэлтгэх юм. Монголд ийм том хэмжээний аж үйлдвэр барих ажлыг анх удаа эхлүүлсэн тул төлөвлөх, зураг төслийг бэлтгэх нь хамгийн хүнд бөгөөд маш их мэдлэг, ур чадвар, бүтээлч сэтгэлгээ шаардаж байна. Бид Энэтхэгийн “Инженерс Индиа лимитед” зөвлөх үйлчилгээний компанитай хамтарч буй. Томоохон төслүүдэд гаднын зөвлөх үйлчилгээний компанид төслийн нийт өртгийн 10 орчим хувийг төлдөг жишиг бий. Энэ удаа хоёр тал тохиролцон “Инженерс Индиа лимитед” компаниад 5.6 хувийн төлбөр төлөхөөр болсон. Мөн ажлын явцад шаардлагатай бараа, үйлчилгээний 65 хувийг Энэтхэгээс, үлдсэнийг нь дотоодоосоо худалдан авна. Үйлдвэрийг ашиглалтад оруулах цаад хугацааг 2024 он хэмээн тооцсон” гэв.
Манай улс одоогоор Дорноговь аймгийн нутаг, “Тосон уул XIX”, “Тамсаг XXI” талбайгаас газрын тос олборлодог. Алтанширээ сумаас Тосон-Уул хүртэл 500, Тамсаг хүртэл 640 км-ийн зайтай. Тиймээс боловсруулах үйлдвэрийн тос цуглуулах байгууламжийг Тосон-Уулд барихаар төлөвлөжээ. Харин түүхий эдийг үйлдвэр хүртэл шугам хоолой, төмөр замын алинаар тээвэрлэхийг шийдээгүй байгаа аж. Шугам хоолойгоор тээвэрлэх нь зардал багатайд тооцогддог гэнэ. Хэрэв төмөр замаар бүтээгдэхүүн тээвэрлэхээр шийдвэл зүүн бүсийн дэд бүтцийг сайжруулах, төмөр замын уртыг нэмэх, бусад ачаа эргэлтийг уг замаар тээх боломжийг өсгөх ач холбогдолтой юм байна. Үйлдвэрийг түүхий эдээр тасралтгүй хангахад одооноос анхаарах нь зүйтэй. Манай улс олборлож буй газрын тосны бүтээгдэхүүний 75 орчим хувийг урд хөрш рүү гэрээний дагуу экспортолдог.
Уг гэрээ 2032 он хүртэл хүчинтэй тул бидэнд олборлолтын хэмжээгээ өсгөх, эсвэл бүх түүхий эдээ дотооддоо зарцуулахаар тохиролцох нөхцөл үүснэ. Энэ талаар түүхий тос олборлон, импортлогч компаниудтай харилцан зөвшилцөж буй гэнэ. Мөн газрын тосны геологи хайгуулын ажлыг эрчимжүүлэх, олборлогч аж ахуйн нэгжүүдийн техник, технологийг сайжруулах замаар газрын тосны баталгаат нөөцөд эзлэх ашиглалтын хэмжээг өсгөх шаардлагатайг мэргэжилтнүүд дурдаж байв. Одоогоор манай улсын газрын тосны баталгаат нөөцийг 332.6 сая тонн гэсэн бол ашиглалтын нөөц нь 43.2 сая тонн юм. Ташрамд дурдахад, газрын тос боловсруулах үйлдвэрийн нэмэлт санхүүжилтэд 236 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох гэрээг Засгийн газар болон БНЭУ-ын Эксим банк хооронд өчигдөр байгууллаа.