-Нэмэлт 236 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөн дэмжив-
Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга угсралт эхэллээ. Өөрөөр хэлбэл, төмөр зам, авто зам, цахилгаан дамжуулах агаарын шугам зэрэг гаднах дэд бүтэц бэлэн болсон гэсэн үг. Тодруулбал, 27км төмөр зам, 100 тоннын даац бүхий 17.2 км авто зам барьж, улсын чанартай төв замд холбосноос гадна эрчим хүчний 110 кВт-ын агаарын дамжуулах шугам ашиглалтад оруулжээ. Одоо үйлдвэрийн ажилтан, албан хаагчдад зориулж 550 айлын орон сууцын хороолол барьж эхлээд буй аж. Дорноговь аймгийн Алтанширээ сумд байгуулах эл үйлдвэрийн гаднах дэд бүтцийг ашиглалтад хүлээн авч, барилга угсралт, хөрөнгө оруулалтыг өчигдөр албан ёсоор эхлүүлж буй юм байна.
БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлээр 2023 онд энэ үйлдвэрийг ашиглалтад оруулахаар төлөвлөж буй бөгөөд манай Засгийн газар гаднах дэд бүтцийг нь байгуулах үүрэг хүлээсэн юм. Үүнийгээ хугацаанд нь гүйцэтгэж, хүлээн авах ёслолд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн сайд Дармэндр Пратхан, Гадаад хэргийн сайдын зөвлөх К.Панкаж, тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх болон УИХ, Засгийн газрын гишүүд тэргүүтэй албаныхан оролцов. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх эл бүтээн байгуулалтад төрийн болон мэргэжлийн байгууллагууд өндөр зохион байгуулалттай ажилласныг онцлоод, эл хамтын төсөл нь Монгол, Энэтхэгийн уламжлалт найрсаг харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэнэ гэдэгт эргэлзэхгүй буйгаа илэрхийллээ.
Засгийн газрын тэргүүн Дорноговьд тууз хайчилж байхад Төрийн ордноо Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, уг үйлдвэрийг барих төслийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийг зөвшилцөхийг дэмжсэн юм. Улмаар энэхүү санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хэлэлцэн зөвшилцлөө. Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Эксим банк хоорондын “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийн төслийн хүрээнд нэг тэрбум ам.долларын зээлийн санхүүжилтээр үүнийг хэрэгжүүлж эхлээд буй.
Төслийн зөвлөх компаниар шалгарсан Энэтхэгийн “Инженерс Индиа лимитед” компанийн боловсруулсан ТЭЗҮ-ийн дагуу үйлдвэрийн хөрөнгө оруулалтын зардал нэг тэрбум 235 сая 989 мянган ам.доллар болоод байгаа юм. Тиймээс нэмэлтээр 236 сая ам.долларын зээлийн хэлэлцээр байгуулахаар Энэтхэгийн талтай тохирч, хэлэлцээрийн талаар өчигдөр зөвшилцсөн нь энэ. Анх ТЭЗҮ боловсруулах үед Монгол Улсын 19, 21 дүгээр талбайгаас олборлож буй газрын тосны шинж чанарт тулгуурласан технологи бүхий үйлдвэр байгуулах уу, эсвэл олон шинж чанар бүхий газрын тос боловсруулах уу гэдгээ тодорхой болгох шаардлагатай байсныг албаныхан хэлсэн. Улмаар технологийн горимд өөрчлөлт оруулж, устөрөгчийн аргаар задалдаг технологи нэвтрүүлэх шийдэлд хүрсэн нь ийм хэмжээний нэмэлт санхүүжилт шаардахад хүргэжээ. Мөн үүнд есөн сарын хугацаа алджээ. Төсөвт өртөг нь нэмэгдсэн төсөл, хөтөлбөр цөөнгүй байгаа тул анхны ТЭЗҮ-ийг хянаж, цаашид санхүүжилтийн хэмжээг өсгөхгүй байхыг нэг бус гишүүн анхааруулна лээ.
Хэлэлцээрийн хүрээнд зээлийн хугацаа 20, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа таван жил, жилийн хүү нь 1.75 буюу хөнгөлөлтийн түвшин нь 29.44 хувь байх зээлийн нөхцөлийн талаар хууль тогтоогчид ярилцсан юм. Үйлдвэртэй болсноор бензин, шатахууны нэгж бүтээгдэхүүний үнэ 900 төгрөг байна хэмээн мэдэгдсэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны тооцоо, байр суурь өөрчлөгдөх, эсэхийг цөөнгүй гишүүн тодруулж байлаа. 2018 оны арванхоёрдугаар сард ТЭЗҮ-ийг үндэслэн үйлдвэрээс гаргах нэгж бүтээгдэхүүний үнэ 900 төгрөг гэж тооцож байсан юм байна. Гэвч уг нэмэлт санхүүжилттэй холбоотойгоор нэгж бүтээгдэхүүний үнэ бага зэрэг өөрчлөгдөх магадлалтайг албаныхан хэлсэн. Ингэхдээ нэгж бүтээгдэхүүний үнийг 1000 төгрөгт барихаар ТЭЗҮ хийсэн төдийгүй менежмент хийж байгаа компанийнхантай тохиролцож байгаа гэнэ.
Мөн ТЭЗҮ боловсруулах шалгаруулалтад Энэтхэгийн компанийг сонгосон талаар ч асуусан. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Анхбаяр “Зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Энэтхэгийн Эксим банк өөрийн шаардлагаа тавьдаг. Тодруулбал, нийт зээлийн санхүүжилтийн 65 хувьд нь тус улсын бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ёстой. Иймд ТЭЗҮ-ийг дээрх компани боловсруулсан” хэмээн хариулсан.
Түүнчлэн евро стандарт хангасан Аи-95, Аи-92, Аи-98 болон дизель, онгоцны түлш үйлдвэрлэх зорилготой ажиллаж байгааг дуулгав. Үйлдвэрийг ашиглалтад оруулснаар гарах дайвар бүтээгдэхүүнийг ч чухалчилж байгаа гэнэ. Тодруулбал, үйлдвэр эхний ээлжид түлш, шатахуун үйлдвэрлэх бөгөөд бага зэргийн мазут, хийг нь үйлдвэрийн цахилгаан станцад ашиглахаар төлөвлөжээ.
Үүнээс гадна газрын дарга Б.Анхбаяр “ҮАБЗ газрын тос боловсруулах үйлдвэрийг дотоодоос түүхий эдээр хангах зөвлөмж гаргасан. Манай улс жилд нэг сая орчим тонн газрын тос экспортолж байгаа. Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу үүний 26 хувь нь манай улсад ногддог. Мөн бүтээгдэхүүн хуваах гэрээнд Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсон тохиолдолд түүхий эдээ нийлүүлэх заалт бий. Газрын тос олборлож буй аж ахуйн нэгжүүдтэй уулзаж хэлэлцээ хийсэн. Түүхий эдээр бүрэн хангахаа илэрхийлж байгаа. Ингэхдээ бид түүхий эдийг олборлолтын ханшаар тооцож авна. Энэ тохиолдолд үйлдвэр ашигтай ажиллана. Харин 74 хувьд хамаарах түүхий эдийг Сингапурын биржийн үнээр авахаас өөр арга байхгүй” хэмээн хэлэлцүүлгийн үеэр хэлж байлаа.