Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийг УИХ удахгүй хэлэлцэнэ. Энэ удаа улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх бүтээн байгуулалтын өнгө будгийг сонжихоор шийдэв. Улсын төсвөөс эдийн засаг, нийгмийн дэд бүтцийг бүтээн байгуулахад голцуу хөрөнгө оруулдаг билээ. Стратегийн шинж чанартай, хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулах боломжгүй эдийн засгийн дэд бүтцийг төр, засаг нуруундаа үүрдэг.
Сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт олон нийтэд үйлчлэх нийгмийн дэд бүтцийг төр хариуцах нь гарцаагүй хүлээх үүрэг нь юм. Манай улс ерөнхий боловсролын сургуулийн хүрэлцээ муутай. Тиймээс зарим газарт хүүхдүүд гурван ээлжээр хичээллэж байна. Мөн цэцэрлэг хүрэлцдэггүй. Балчир үрс маань сугалаа татаж, азтай нь цэцэрлэгт явж, сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байгаа. Манай улс энэ жил аймаг бүрээ хатуу хучилттай авто замаар нийслэлтэй холбож дуусах нь. Цаашдаа сум суурин газруудаа хатуу хучилттай авто замаар холбох шаардлага бий. Тэгэхээр ирээдүйд их хэмжээний хөрөнгө гаргаж, эдийн засаг, нийгмийн дэд бүтэц байгуулах шаардлагатай гэсэн үг.
Улсын төсвийн хөрөнгөөр 2016-2019 онд нийт 4.49 их наяд төгрөгийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхийг УИХ-аас даалгажээ. Тэгвэл 2016-2018 онд нийт 2.35 их наяд төгрөгийн төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж дуусгасан байна. Энэ онд 1.69 их наяд төгрөгийн төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ч гүйцэтгэл нь 36.9 хувьтай байгаа аж. Эл мөнгөний 1.28 их наяд нь төсвийн хөрөнгө оруулалт, 144.7 тэрбум нь концессын барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлсэн ажлын эргэн төлөлт гэнэ. Эдийн засгийн хүндрэлтэй үе буюу 2016 онд төсвөөс 494.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тогтоож байв. Тэгвэл үүний дараа төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээг 766.2 тэрбум төгрөгт хүргэсэн. Эдийн засаг сайжирч, төсвийн орлого нэмэгдэхийн хэрээр Засгийн газар хөрөнгө оруулалтаа нэмсээр байна.
Төсвийн хөрөнгө оруулалтад ирэх жил 1.65 их наяд, концессын барих-шилжүүлэх төрлөөр барьсан барилга, байгууламжийн эргэн төлөлтөд 323.5 тэрбум төгрөг зарцуулахаар тусгажээ. Энэ нь нийтдээ хоёр их наяд орчим төгрөгийн хөрөнгө оруулна гэсэн үг юм. Төсвийн 21 ерөнхийлөн захирагч дээрх хөрөнгийг удирдаж, бүтээн байгуулалт хийнэ (хэн хэдэн төгрөгийн хөрөнгө захиран зарцуулахыг инфографикаас харна уу). Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд 622.3 тэрбум төгрөгийн хөрөнгөөр бүтээн байгуулалт хийхээр болсон нь хамгийн өндөр дүн юм. Үүнээс 319 тэрбум төгрөгийг боловсрол, 223 тэрбумыг нь соёлын салбарт зарцуулах нь. Тус яамны нийт хөрөнгө оруулалтын дийлэнх нь дээрх хоёр салбарт чиглэсэн нь харагдаж байгаа биз.
Бүр тодруулбал, 193 тэрбум төгрөгөөр 124 сургууль барих гэнэ. Ингэснээр сургуулийн хүчин чадал 55 818 суудлаар нэмэгдэх нь. Мөн 180 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 176 цэцэрлэг барихаар төлөвлөжээ. Ийм тооны цэцэрлэг ашиглалтад оруулснаар хүчин чадлыг нь 26 490 ороор нэмэгдүүлэх нь. Түүнчлэн 43 дотуур байр барьснаар хүчин чадал нь 4460 ороор нэмэгдэх юм байна. Дээрх бүтээн байгуулалтыг хийснээр хүүхдүүд гурван ээлжээр хичээллэхээ больж, цэцэрлэг хүрэлцээтэй болно гэж Сангийн яамныхан тооцжээ.
Засгийн газар соёлын салбарт томоохон төслүүд хэрэгжүүлэх шийдвэр гаргаснаар хөрөнгө оруулалт нь 223 тэрбум төгрөгт хүрч огцом өсжээ. Чингис хааны музейн барилгыг барихад 53, Үндэсний урлагийн их театр байгуулахад 30 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Мөн Байгалийн түүхий музейн барилгыг барихад 31.9, Төв номын сан, Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театрын барилгыг барихад тус бүр дөрвөн тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон байв. Үүнээс гадна Үндэсний цэнгэлдэх хүрээлэн барихад тав, Шинжлэх ухаан, инновацын төвийн кластер байгуулахад гурван тэрбум төгрөгийг 2020 онд зарцуулах нь. Монголын үндэсний соёл, урлаг, түүхийг сурталчлах хүрээнд хийж буй дээрх найман төслийг ирэх онд санхүүжүүлэх нийт өртөг 135 тэрбум төгрөгтэй дүйж байна.
Зам, тээврийн хөгжлийн сайд ирэх жил 278.7 тэрбум төгрөгийн хөрөнгөөр бүтээн байгуулалт хийнэ. Уг яам нь эдийн засгийн дэд бүтцэд хөрөнгө оруулдгаараа онцлогтой. Тус яам авто зам тавихад 254 тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулахаар тооцжээ. Өмнөх жилүүдэд аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбоход зам, тээврийн салбарынхан ногдсон хөрөнгийнхөө дийлэнхийг зарцуулдаг байв. Тэгвэл аймгийн төвүүдээ нийслэлтэй авто замаар холбож дууссан. Иймээс зам, тээврийн салбарынхан сум, аймгийн төвийн дотор хатуу хучилттай зам тавихад дийлэнх хөрөнгөө зарцуулдаг болох нь. Мөн тэд томоохон суурин газруудыг хатуу хучилттай авто замаар холбоход хөрөнгө оруулахаар төлөвлөжээ. “Мянганы зам” төслийн трассын дагуу буюу Архангай аймгийн Өлзийт сумаас Батцэнгэл хүртэл 60 км хатуу хучилттай авто замыг ирэх жил тавихаар болжээ. Хожим Архангай аймгийн Батцэнгэл Ихтамир сум, Завхан болон Ховд аймгийн төвийг хатуу хучилттай авто замаар холбочихвол “Мянганы зам” төсөл дуусах юм. Зам, тээврийн салбарынхан энэ жил 21 тэрбум төгрөгөөр гүүр барьж, их засвар хийхээр байгааг энд дурдъя.
Барилга, хот байгуулалтын сайд ирэх жил 197.3 тэрбум төгрөгийн хөрөнгөөр бүтээн байгуулалт хийнэ. Барилга, хот байгуулалтын салбарынхан нийслэл хот, аймгийн төвүүдэд цэцэрлэгт хүрээлэн байгуулах, инженерийн шугам сүлжээ тавих, гудамж талбайг гэрэлтүүлэх, ус зайлуулах хоолой барих гэх мэт иргэдийнхээ эрүүл, аюулгүй, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд төсөвлөсөн хөрөнгөө зарцуулдаг. Тиймдээ энэ салбарт чамгүй хөрөнгө хуваарилдаг билээ.
Эрүүл мэндийн сайд энэ онд 117.8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр салбараа тордоно. Тус салбарынхан ногдсон хөрөнгийнхөө 91 тэрбум төгрөгөөр барилга байгууламж барина гэж төсвийн төсөлд санал оруулжээ. Сум, аймгийн төв, Улаанбаатарын гэр хороололд эмнэлгийн олон барилга босох нь. Тус салбарынхан эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад 16 тэрбум төгрөг зарцуулах юм байна. Боловсрол, эрүүл мэндийн салбараас хөрөнгө харамлаж болохгүй. Ингэвэл тухайн улсын хөгжил зогсоно. Тиймээс боловсрол, эрүүл мэндийн салбарт зарцуулах хөрөнгийг нэмэх нь чухал юм. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар боловсрол, соёл, зам харилцаа, хот байгуулалт, эрүүл мэндийн салбарт олон бүтээн байгуулалт өрнүүлэх нь. Эдгээр салбарын дэд бүтэц дутагдалтай байгаа. Тиймээс дутаж буйг нь нөхөж, нийгмийн бухимдлыг бага боловч нимгэлэх нь гэж төсөөлж байна. Гэхдээ төсвийн хөрөнгө оруулалтыг төлөвлөсөн хэмжээндээ тултал хийж чадахгүй байх магадлал өндөр. Учир нь эдийн засгийн нөхцөл муудсанаас шалтгаалан төсвийн орлого бүрдэхгүй бол хууль тогтоогчид урсгал зардлаа танахаас илүүтэй хөрөнгө оруулалтаа царцаадаг зантай.
Сангийн яамныхан ирэх жилийн төсвийн хөрөнгө оруулалтыг зохиохдоо өмнө нь эхлүүлсэн төсөл, арга хэмжээг бүрэн дуусгах бодлого баримталжээ. Иймээс 2018-2019 онд эхлүүлсэн 424 төсөл, арга хэмжээг дуусгах 987 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсвийн төсөлд тусгасан байна. Мөн сумын төвийн шинэчлэлийг улс орон даяар эхлүүлэх, аялал жуулчлалын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх төсөл хэрэгжүүлэх, батлан хамгаалах салбарын хөрөнгө оруулалтыг нэмэх бодлого баримталжээ.