Монголчууд бид зэсийг есөн эрдэнийн нэг хэмээн дээдэлдэг. Ийнхүү дээдлэх нь хэрэглээ талаасаа төдийгүй хүний эрүүл мэндэд нэн чухал тул элдэв өвчнийг анагаахад өргөнөөр ашиглаж иржээ. Тухайлбал, зүрх, судасны үйл ажиллагааг дэмжээд зогсохгүй үе хоорондын холбоосыг бэхжүүлж, оюуны чадамжийг нэмэгдүүлдэг хэмээн уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэдэг байна. Хүн төрөлхтөн МЭӨ 8000 он буюу 10 мянга гаруй жилийн өмнөөс зэсийг ахуй амьдралдаа ашиглаж иржээ. Өөрөөр хэлбэл, хүмүүс бидний боловсруулж сурсан анхны металл нь зэс юм гэсэн. МЭӨ 3500 оноос зэс боловсруулж, цагаан тугалгатай холин, хүрэл гарган авч байсан гэх. Дэлхийн улс орнууд өнөөдөр жилд 19 сая тонн зэс хэрэглэж байна. Энэ тоо буурах биш нэмэгдэх хандлагатай байгааг шинжээчид дурджээ. Ирэх онд дэлхий нийтийн зэсийн жилийн хэрэглээ 6.5 сая тонноор нэмэгдэж 25.5 саяд хүрэх гэнэ. Энэ нь томоохон эдийн засагтай улс орнууд дахь хотжилт, аж үйлдвэр нэмэгдэхтэй холбоотой хэмээн тайлбарлажээ.
Бага агууламжтай зэсийн хүдрийг хүхрийн сул хүчлээр бороожуулан уусгадаг
Зэс нь аранжин буюу улаан шаргал өнгөтэйг хүмүүс андахгүй. Тэгвэл сүүлийн үед “ногоон зэс”-ийн тухай ярих болжээ. Ийм зэсийг холоос хайгаад хэрэггүй, манайхан үйлдвэрлэж байна. “Ногоон зэс” үйлдвэрлэгч “Ачит ихт” компани гэж Та сонссон уу. Судалгаа шинжилгээгээ эхлээд найм, үйлдвэрээ нээгээд таван жилийнхээ ойг тэмдэглэж буй тус компанийн тухай доор өгүүлэх болно.
Зэсийн агууламж бүхий цөөрмүүд
“Ийм нарийн технологийг монголчууд бид эзэмшиж, дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсон гэхээр бахархахгүй байхын аргагүй. Тэр тусмаа энэ бүхнийг монгол залуучууд, эрдэнэтчүүд бид бүтээсэн юм шүү” хэмээн компанийнхаа таван жилийн ойг тэмдэглэж буй “Ачит ихт”-ийн ууган ажилчин П.Болорбат хэмээх залуу ярив. Тэгвэл ажилтан Б.Тулгабат “Бидний найман залуу “Ачит ихт” компанийн тэтгэлгээр их сургуулиа төгсөөд компанидаа ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш дөрвөн жил өнгөрчээ. Дэлхийн стандартад нийцсэн технологи бүхий энэ үйлдвэрээс ажил, амьдралын гараагаа эхэлсэндээ баяртай явдаг. Бид үйлдвэрлэлийн явцад ихийг сурч мэдсэн. Манай компанийн удирдлага залуучуудаа маш их дэмждэг” гэж өгүүлэв.
“Эрдэс баялгийг сорчилж бус, үр ашигтай ашиглаж, зэсийн үйлдвэрлэлээр Монголдоо тэргүүлэгч болох” хэмээн алсын хараагаа тодорхойлсон “Ачит ихт” компанийнхан гидрометаллургийн технологийг эх орондоо нутагшуулан, хаягдалгүй буюу “ногоон зэс” үйлдвэрлэж байна. Гидорметаллургийн технологийг 1950-иад онд АНУ-д боловсруулжээ. Энэ технологиор зэс үйлдвэрлэхэд эрчим хүч бага зарцуулдаг, усыг үр ашигтай буюу дахин хэрэглэдэг, тоос шороо дэгдээдэггүй, газар ухаж сэндийчихгүй, агаарт ямар нэг хорт бодис хаядаггүй тул бүтээгдэхүүнийг нь “ногоон” гэж нэрлэдэг.
Үйлдвэрийн бүх үйл ажиллагааг автоматаар хянадаг
Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийг ашиглалтад оруулсан цагаас хойш 12 овоолго бий болгоод байна. Тэдгээрийн гурав нь блансын бус буюу зэсийн агууламж багатай. 1978 оноос хойш хуримтлагдсан II овоолгыг ашиглахаар англи, австрали захиралтай “Central Asia metals” компанийнхан 2006-2008 онд судалгаа хийгээд “Зэсийн агууламж, эдийн засгийн үр ашиг багатай, зардал өндөр, эрсдэл ихтэй” хэмээн дүгнээд Монголоос гарч, Казахстанд үйлдвэр байгуулсан гэсэн. Тэгвэл манай үндэсний үйлдвэрлэгч “Ачит ихт” компанийнхан гологдсон овоолгыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар санхүүгийн ихээхэн эрсдэл туулан ажилласаар 2014 онд үйлдвэрээ ашиглалтад оруулан өдгөө боловсруулах үйлдвэрийн сайн жишээ болжээ. Энэ компанийн удирдлага, инженер, техникийн ажилтан, ажилчдын нөр их ажил, судалгаа шинжилгээ, зоримог алхмын үр дүнд монголчууд гидрометаллургийн технологийг эзэмшиж, баялаг үйлдвэрлэж байгааг харсан хэнд ч бахархах сэтгэл төрөх нь лавтай.
Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Энэ компанийн хаалгаар орсон хэнд ч ийм сэтгэгдэл төрнө. Бүх юм нь эмх цэгцтэйн дээр ажилтан, ажилчдынх нь сэтгэл өөдрөг байгаа нь тэдний харцнаас анзаарагдсан. Шинэ технологи эзэмшсэн анхдагчид болж, тогтвортой ажлын байр нь тэднийг эрч хүч дүүрэн ажиллах нэг нөхцөл болсон гэдгийг ажилтан, ажилчид нь ярьж байлаа. Компанийн удирдлагын зүгээс ч ажилчдынхаа мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд ихээхэн анхаардаг юм билээ. Шингэн биетийг металл болгон хувиргадаг технологийг эх орондоо нутагшуулан, гидрометаллургийн үйлдвэрийн анхдагч болсон энэ үйлдвэрийг Д.Эрдэнэцэцэг, Ц.Энхбаяр хэмээх хоёр эмэгтэй удирддаг.
Нарийн чимхлүүр, өндөр технологи бүхий эл үйлдвэрийг эдгээр эмэгтэй авч яваа нь тэдний мэдлэг, боловсрол эрчүүдээс дутахгүйн дээр бүсгүй хүний нарийн мэдрэмж нь наад захын зүйлээс харагдаж байна лээ. Тус компанийн ажиллагсдын 80 хувь нь дээд мэргэжилтэй залуус байна. Уул уурхайн бараг бүх компани газрын баялгийг сорчилж, түүхий эд хэлбэрээр нь гадагш зөөж ирсэн, одоо ч тийм байгаа. Харин “Ачит ихт”-ийнхэн үр ашигтай, өндөр техник, технологи нутагшуулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, улсынхаа сан хөмрөгийг нэмэгдүүлж иржээ. Үндэсний хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгч бүр эднийхээс үлгэр аваасай. Жинхэнэ эх оронч, үр ашигтай, ногоон үйлдвэрлэл энд л байна. 2014 оноос хойш “Ачит ихт”-ийнхэн улс, орон нутгийн төсөвт татвар, төлбөр хураамж хэлбэрээр 160, “Эрдэнэт үйлдвэр”-т ашиглалтын төлбөр нэрээр 10 тэрбум төгрөг төлжээ. Орон нутагт 220 гаруй хүнийг ажлын байраар хангаж, үндэсний үйлдвэрлэл, дотоодын худалдааг дэмжиж 800 гаруй туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч аж ахуйн нэгжийн ажил, үйлчилгээнд сүүлийн таван жилийн байдлаар 168 тэрбум төгрөг зарцуулаад байна.
Бид ашигт малтмалын ордыг сайн мэднэ. Байгалийн олон сая жилийн хувирал өөрчлөлтөөр бүрэлдэн бий болсон төрөл бүрийн эрдэс бүхий ордыг ухаж, үнэт баялгаа зөөсөөр ирсэн. Тэгвэл ашигт малтмалын үүсмэл орд хэмээх нэр томьёо байдгийг тэр бүр мэддэггүй. Ийм үүсмэл ордын ашиглалтын анхны тусгай зөвшөөрөл эзэмшигч болсон “Ачит ихт” компани энэ жил Лондоны металлын биржийн гишүүнээр бүртгэгдсэн мөн л анхдагч гэсэн бахархам нэрийн эзэн юм.
ХАЯГДАЛГҮЙ ТЕХНОЛОГИ
“Ногоон зэс”-ийг яаж үйлдвэрлэдэг юм бол хэмээн ушигчид сонирхож буй нь лавтай. Энэ технологийг 1950-иад онд АНУ-д боловсруулсан тухай дээр өгүүлсэн. Тус компанийн түүхий эд нь 1978 оноос хойш хуримтлагдсан “Эрдэнэт үйлдвэр”-ийн балансын бус буюу зэсийн агууламж багатай хаягдал овоолго. Ийм овоолго 12 байдгаас гурав нь балансын бус гэдгийг сурвалжилгын эхэнд дурдсан билээ. “Ачит ихт”-ийнхэн II овоолгыг ашигладаг. Ингэхдээ L-SX-EW гэх технологи ашиглан катодын зэс үйлдвэрлэдэг. Үйлдвэр үндсэн гурван дамжлагатай. Үүнд:
- Бороожуулан уусгах
- Уусган хандлалт
- Цахилгаан хими буюу электролиз
- Үйлдвэрийн үндсэн түүхий эд
болох бага агууламжтай балансын бус хүдрийн овоолго (II овоолго нь 80 метр өндөр) дээр хүхрийн хүчлийн сул уусмалыг бороожуулах байдлаар цацдаг. Хүхрийн хүчил нь хүдрийн эрдсүүдэд үйлчилж, зэсийн ионыг шингээж авдаг байна. Зэсийн агууламж бүхий шимт уусмалыг зориулалтын тусгаарлагчтай суваг, хоолойгоор дамжуулан цөөрөмд цуглуулаад дараагийн дамжлага болох уусган хандлалтад шилжүүлдэг.
Уусган хандлалтад ирсэн шимт буюу зэсийн агууламж бүхий уусмалаас зөвхөн зэсийн ионыг органик хандлагчид уусган авна. Зэсээр баяжуулсан органик нь өндөр агууламж бүхий хүхрийн хүчлийн уусмалтай холилдон урвуу хандлалтын процесс явагдаж, цахилгаан химийн буюу электролит бий болно.
Зэсээр баяжигдсан шимт уусмал буюу электролит нь электролизийн танк (том сав) руу орж, цахилгаан-химийн процессын дүнд катодын хавтан дээр эерэг цэнэгтэй зэсийн ионууд сууж, зэс хавтан үйлдвэрлэдэг.
Уусган хандлалтаас шимт уусмалыг баяжуулан авсны дараа өндөр даралт бүхий шахуургаар дамжуулан хүдрийн овоолго руу дахин бороожуулдаг. Энэхүү тасралтгүй эргэлдэх систем нь хөрс, гүний усанд ямар нэг бохирдол үүсгэхгүй. Үүнийг нь 2016 онд Канадын “Биотек” компанийн судалгаагаар тогтоожээ.
БАЯЛАГ ҮЙЛДВЭРЛЭХ ХҮРТЭЛ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн балансын бус буюу хаягдал овоолгоос зэсийг нь ялган авч, үндэсний үйлдвэрлэгч, шилдэг татвар төлөгч, топ-100 аж ахуйн нэгжийн нэг, Лондоны металлын биржийн гишүүн, 5А зэрэглэлийн зэс үйлдвэрлэгч болох хүртэлх зам миний бичсэн шиг амар байгаагүй. Энэ үйлдвэрийг хэн байгуулсан нь үнэндээ чухал биш. “Ачит ихт” компанийн удирдлага, инженер, техникийн ажилтан, ажилчид судалгаа шинжилгээнээс эхлээд хөрөнгө олох, үйлдвэрээ байгуулах хүртэл арав шахам жилийн хүч, хөдөлмөрөө зарцуулсан юм. Тэд өнөөдөр нөр их ажлынхаа үр шимийг хүртэж, улсынхаа сан хөмрөгийг арвижуулахад гар бие оролцон, олон айл өрх, иргэнийг ажилтай, орлоготой, амьдралтай болгосон. Энэ нь чухал биш гэж үү. Гэтэл улс эх орныхоо төлөө хуруугаа ч хөдөлгөж үзээгүй хорсогчид бусдын бүтээснийг харлуулах зэргээр хорт үгэн сум тавьж суудаг нь харамсалтай. “Ачит ихт” компанийн ашиглаж буй үүсмэл орд буюу овоолгын нөөцийг 150 сая тонн гэж тогтоожээ.
Эндээс 150-180 мянган тонн зэс үйлдвэрлэх боломжтой гэсэн. Тус компанийнхан жилд 10 мянган тонн зэс экспортолно гэж үзвэл дахиад 15 жил өлхөн ажиллах нь. Энэ хугацаанд улс, орон нутгийн төсөвт хэдэн зуун тэрбумыг төвлөрүүлэх нь дамжиггүй. Эднийх нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажил хийжээ. Томоохон ажлаас нь дурдвал, компанийнхаа болон “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилчдад зориулж гаргасан давуу эрхийн хувьцаа юм. Монголд анх удаа үйлдвэрийнхээ үр шимийг хүртэх боломжийг ажилчдадаа олгон, давуу эрхийн хувьцаа эзэмшүүлсэн нь мөн л авууштай үлгэр болж байна. Энэ сайн жишгийг бусад пүүс, компанийн эзэд үргэлжлүүлээсэй. Бүх зүйл, тэр дундаа бизнес хүртэл өгөх зарчим дээр явдаг. Ингэж чадвал үр бүтээлтэй, тогтвортой, ашиг, орлого ихтэй, нэр хүнд нь өндөр байдгийг “Ачит ихт”-ийн захирлууд харуулав. Давуу эрхийн хувьцааныхаа анхны ногдол ашгийг өнгөрсөн оны есдүгээр сард өгч байсан бол өнөөдрийн байдлаар дөрөв дэх улирлынхыгаа олгоод байна. Давуу эрхийн хувьцааны ногдол ашиг нь жилийн 30, улирлын 7.5, сарын 2.5 хувийн хүүтэй нь банкны хугацаатай хадгаламжийн хүүгээс хоёр, хугацаагүй хадгаламжийнхаас дөрөв дахин өндөр юм.
Хоккей Монголд хөгжих боломжтой спортын нэг төрөл. Зөвлөлтийн болон социалист бусад орны мэргэжилтнүүд спортын энэ төрлийг Монголд дэлгэрүүлсэн түүхтэй. Дархан, Эрдэнэт, Шарын гол, Багануурынхан энэ спортоор багагүй амжилт гаргаж, идэвхтэй хичээллэж байсан юм. Хаа сайгүй байсан мөсөн гулгуурын талбайг эвдэж, барилга, байшин босгосноос энэ спорт нэг хэсэг мартагдсан. Гэсэн ч эр зоригийн шалгуур болсон хоккейг сонирхогч залуус бор зүрхээрээ хөгжүүлж, чамгүй амжилт гаргаад байна. Манай тамирчдад үгүйлэгдэж байсан ганц юм бол бэлтгэлийн орчин, битүү дээвэртэй, өвөл, зунгүй тоглох талбай. “Ачит ихт” компанийнхан хүүхэд, залуусын хөгжлийг дэмжсэн олон арга хэмжээнийхээ нэгээр ирэх онд зохион байгуулах “Азийн хүүхдүүд” олон улсын спортын наадам болох “Мөсөн өргөө”-ний гол санхүүжүүлэгч нь. Энэ өргөө боссоноор Монголын хоккейчдын хагас зууны мөрөөдөл биелж, 2600-3600 хүний суудалтай ордонтой болох билээ. “Мөсөн өргөө”-нд зөвхөн хоккей тоглохгүй, уран гулгалт, шорт трейк зэрэг өвлийн спортын уралдаан тэмцээнээс гадна уран сайхны гимнастик, сагсан бөмбөг, гар бөмбөг, бокс зэрэг спортын уралдаан тэмцээн зохион байгуулахаас гадна соёл, урлагийн бусад олон төрлийн арга хэмжээ хийх боломжтой юм.
Ийнхүү холыг харсан, эх орноо гэсэн чадварлаг хүмүүсийн ачаар монголчууд бид дэлхийн жишигт нийцсэн, байгальд ээлтэй, өндөр бүтээмжтэй үйлдвэртэй болоотохов. Эрдэнэсийг нь хагас дутуу авсан шороон овоолго Монголоор нэг бий. Газраа нэмж ухах биш, нэгэнт ухаад алт, зэсийг нь хагас дутуу авсан овоолгод тулгуурлан “Ачит ихт”-ийн жишгээр ногоон үйлдвэрлэл эрхэлбэл түүн шиг буянтай, ашигтай бизнес үгүй байна.