Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар эхлээд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан төсөл санаачлагчийн илтгэлдээ, эдийн засгийн сэргэлт үргэлжилж байгааг макро эдийн засгийн олон тоон үзүүлэлтээс харж болохыг тэмдэглэв. Инфляци зорилтот түвшний орчинд тогтвортой хадгалагдаж, банкны салбар санхүүгийн зуучлалын үүргээ хэвийн үргэлжлүүлж байгааг дурдсан. Энэ нь сүүлийн жилүүдэд эдийн засагт бий болсон сэргэлтэд чухал хувь нэмэр оруулжээ. 2019 оны 09 дүгээр сарын байдлаар банкны салбарын зээл жилийн өмнөх үеэс 10 хувиар өсч, эдийн засгийн бодит өсөлт оны эхний хагас жилийн байдлаар 7.3 хувьд хүрсэн байна. Валютын нөөц 7.3 тэрбум ам.доллар буюу импортын 8-9 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрсэн байна. Засгийн газрын өрийн хэмжээ буурч, ДНБ-ий 60 хувиас бага түвшинд очсон. Эдгээр нь эдийн засаг уналтаас гарч өсөлтийн төлөвт шилжсэнийг илэрхийлэх тоон үзүүлэлт гэдгийг Н.Баяртсайхан ерөнхийлөгч онцоллоо. Гурван жилийн өмнө ДНБ агшиж, гадаад болон дотоод хөрөнгө оруулагчдын итгэл суларч, дефолтын ирмэгт тулж байсан хүнд үеийг бодлогын сургамж болгон санаж байх ёстой хэмээн тэрбээр хэлж байв.
Гадаад өрийн эргэн төлөлт, “Саарал жагсаалт” гэх зэргээр сорилтууд нэлээд тулгарч байна. Энэ үед эдийн засгийн дархлааг бэхжүүлэх, сорилтуудыг давж гарах чиглэлээр шинээр эхлүүлэх болон хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээгээ тууштай үргэлжлүүлэх шаардлага манай улсын өмнө тулгарчэээ. Монголбанк хуулиар ногдсон үндсэн зорилтынхоо хүрээнд үнэ, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэлээр хийх ажлууд, тэдгээрийн үндэслэл болон холбогдох тооцоо судалгааг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлсэн байна.
Макро эдийн засгийн гүйцэтгэлийн талаар тэрбээр үргэлжлүүлэн танилцуулсан. Эдийн засгийн нөхцөл байдал тогтворжиж, 2018, 2019 онд сэргэсэн, төсөв болон мөнгөний бодлогын түвшний оновчтой тохиргоо, банкны салбарт хийгдэж буй реформ, гадаад эдийн засгийн харьцангуй таатай байдал, олон улсын санхүүгийн байгууллагууд болон хоёр талт хамтын ажиллагаат улс орнуудын дэмжлэг туслалцааны үр дүн байсан хэмээн дүгнэжээ. Энэ оны туршид эдийн засгийн өсөлт 7 хувиас дээш түвшинд хадгалагдаж байгаа нь ажлын тодорхой үр дүн гэдгийг Н.Баяртсайхан ерөнхийлөгч хэлж байв. Эдийн засгийн идэвхжлийн үр өгөөж зарим салбарт тодорхой ажиглагдаж байгаа аж. Тухайлбал, өрхийн бодит орлого 2014-2016 оны хүндрэлийн үед 12 улирлын турш агшсаар байсан бол сүүлийн 10 улирал дараалан өсчээ. Энэ нь хэрэглээний өсөлтөөр дамжин, эдийн засгийн идэвхжлийг дэмжин иргэдийн амьжиргааг дээшлүүлэх эерэг нөлөө болж байгаа аж. Хувийн хэвшлийг санхүүжүүлэхэд дотоодын хуримтлал дутагдалтай байсан хэдий ч санхүүгийн салбарын бизнесийн зээл болон гадаад шууд хөрөнгө оруулалтын тогтвортой урсгалаар нөхөгдөж байгаа гэв. Санхүүгийн зуучлал хэвийн үргэлжилж, зээлийн хүү тогтвортой буурч, сүүлийн таван жилийн доод түвшинд хүрсэн нь иргэд болон аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийн нөхцөл таатай болоход бодит нөлөө үзүүлсэн байна. Энэ оны 8 сарын байдлаар банкны салбараас олгосон бизнесийн зээл 10.9 их наяд төгрөг буюу өнгөрсөн оны мөн үеэс 1.4 их наяд төгрөгөөр нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулалтын орох урсгал 1.3 тэрбум ам.доллартай тэнцэж байгаа аж. Гадаад худалдаа нэмэгдэж, экспорт түүхэн дээд түвшинд хүрсний зэрэгцээ эдийн засгийн идэвхжилтэй уялдан импортын хэмжээ тэлж байгаа аж. Өнгөрсөн хоёр жил гаруй хугацаанд нэмэгдсэн хөрөнгө оруулалтын чанартай импорт нь компани, аж ахуйн нэгжүүдийн технологи, тоног төхөөрөмжийн шинэчлэлтэй холбоотой тул үйлдвэрлэлийн потенцалийг тэлж эдийн засагт бүтээмжийг дээшлүүлснээр ирээдүйн өсөлтийн суурь болно хэмээн танилцуулгадаа Н.Баяртсайхан ерөнхийлөгч дурдсан.
Хэрэглээний импортын хувьд өрхийн орлогын өсөлтөөс гадна хэрэглээний зээл хэт хурдтай өсч байсантай зарим талаараа холбоотой аж. Жижиг, дунд бизнесийн зээл нэмэгдсэн нь энэ оны санхүүгийн зуучлалын гол онцлог байсан гэв.
Монголбанк санхүүгийн салбарт эрсдэл хуримтлуулахгүй байх, өрхийн өрийн дарамтыг хэт нэмэгдүүлэхгүй байх, банкны зээлийн нийлүүлэлтийг үр ашигтай хөрөнгө оруулалт руу чиглүүлэх зорилгоор макро зохистой бодлогын арга хэмжээг 2019 онд авч хэрэгжүүлж эхэлсэн нь үр дүнтэй болж байгаа аж. Энэ оны 8 дугаар сарын байдлаар хэрэглээний зээлийн жилийн өсөлт 14.7 хувь болж, өнгөрсөн оны эцэст 50 гаруй хувьд хүрч байсан түвшнээсээ буурсан байна. Түүнчлэн бизнесийн болон жижиг, дунд бизнесийн зээл өмнөх оны түвшнээс 51 хувиар өссөн байна. Эдийн засаг үйлдвэрлэл талаас авч үзвэл уул уурхай төдийгүй бүхий л салбарт жигд өсөлт ажиглагдаж, 2020 онд үргэлжлэх төлөвтэй байгаа гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч хэлсэн.
Энэ мэтээр эдийн засагт нааштай өөрчлөлтүүд гарч байгаа ч хүрсэн өндөр өсөлт, үр дүнг цаашид тогтвортой хадгалж, баталгаажуулах, иргэдийн амьжиргаанд наалдацтай болгох нь чухал. Иймд Төв банк макро эдийн засаг дахь эерэг үр дүнг тогтворжуулахад чиглэсэн мөнгөний болон макро зохистой бодлогыг хэрэгжүүлж, санхүүгийн зуучлалыг тогтвортой үргэлжлүүлэхэд чиглэсэн зохицуулалтын реформуудыг 2020 онд авч хэрэгжүүлэх аж. Ирэх онд хэрэгжүүлэх бодлогод санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, финтекийн зохицуулалтыг боловсронгуй болгох ажлууд тусгагдсанаараа онцлогтойг Н.Баяртсайхан ерөнхийлөгч тэмдэглэв. Түүнчлэн олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулдаг банкуудыг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх арга хэмжээний эхлэл 2020 онд тавигдах юм байна. Энэ нь банкуудын хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах, зохистой засаглалын зарчим, олон нийтийн оролцоо, хяналтыг бий болгох шинэчлэлийн эхний алхам болох аж.
Үргэлжлүүлэн тэрбээр эдийн засгийн хэтийн төлөв байдлын талаар танилцуулсан. Дотоод, гадаад орчны тодорхой бус байдал цаашид ч үргэлжлэх төлөвтэй байгаа аж. Тиймээс бэлтгэлтэй байж, зардал багатайгаар даван туулах бодлогын орон зайг хадгалж, эрсдэл хуримтлуулахгүйгээр шаардлагатай бодлогын тохиргоонуудыг цаг алдалгүй хийх нь нэн чухал гэв. Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг олон улсын байгууллагууд бууруулж, түүхий эдийн үнэ буурах хандлага ажиглагдаж байгаа нь гадаад орчны эрсдэл өндөр байгаагийн илрэл. Том гүрнүүдийн хоорондох худалдааны маргаантай холбоотой тодорхой бус байдал, глобал зах зээл дээрх савалгаанууд үргэлжилсэн хэвээр байгаа аж. Үүний зэрэгцээ Монгол Улс 2020-2024 онд хувийн болон улсын секторт нийлээд 14 тэрбум гаруй ам.долларын гадаад өрийг эргэн төлөх хуваарьтай. Иймд эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалах, инфляцийг зорилтот түвшинд барих, санхүүгийн зуучлалыг гүнзгийрүүлэх, гадаад валютын албан нөөцийн хүрэлцээт байдлыг нэмэгдүүлэх, Засгийн газрын өрийн тогтвортой байдлыг үргэлжлүүлэн баталгаажуулах, төсвийн зарлагын нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах чиглэлд хэрэгжүүлэх бодлого, реформыг тууштай үргэлжлүүлэх нь чухал гэв. Банк, санхүүгийн байгууллага, аж ахуйн нэгжүүд, өрхүүд гээд эдийн засгийн бүх агентууд санхүүгийн эрсдэл даах чадвараа нэмэгдүүлэх нь тогтвортой байдлын суурь болох аж.
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд гадаад өрийн тогтвортой байдлыг бүрдүүлэх, мөнгө угаах, терроризмтай тэмцэх тогтолцоог сайжруулах, зээлжих зэрэглэлээ дээшлүүлж, валютын нөөцийн хүрэлцээт байдлыг нэмэгдүүлэх, банкны салбарын эрсдэл даах, засаглалыг сайжруулах санхүүгийн дэд бүтцийг бэхжүүлэх, банк санхүүгийн салбарын эрх зүйн шинэчлэлд чиглэсэн арга хэмжээнүүдийг тодорхой тусгасан байна.
Төгсгөлд нь тэрбээр “ФАТФ-ын хяналтаас аль болох богино хугацаанд гарах асуудлыг онцлон ярих нь зүйтэй. 2016 оны 05 дугаар сарын харилцан үнэлгээгээр Монгол Улсад мөнгө угаах, терроризмтай тэмцэх тогтолцоонд ФАТФ-аас өгсөн 40 зөвлөмжийн тал нь “хангалтгүй”, шууд хэрэгжилтийн 11 үзүүлэлт бүхэлдээ “хангалтгүй” биелэлттэй, “Хар жагсаалт”-д орох хэмжээний эрсдэлтэй байсан” гэлээ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд санхүүгийн болон хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд ФАТФ-ын 16 техник үзүүлэлт, үр дүнтэй байдлын 7 үзүүлэлтийг сайжруулжээ. Үлдсэн үзүүлэлтүүдийг аль болох богино хугацаанд сайжруулж, мөнгө угаах, терроризмийн санхүүжилттэй тэмцэх стратегийн дутагдлаа засах, сайжруулах, улмаар эдийн засагт үүсч болзошгүй эрсдлийг хамгийн бага байлгахад Монголбанк, холбогдох бүх байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаа эрчимжүүлэхээр чиглэлээр арга хэмжээ авч байгаа аж. Ялангуяа энэ төрлийн хэргийг хуулийн дагуу шийдвэрлэхгүйгээр “Саарал жагсаалт”-аас гарах арга хомс гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч танилцуулгынхаа төсгөлд хэлсэн.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Л.Энх-Амгалан, Д.Эрдэнэбат, Ж.Бат-Эрдэнэ, Д.Дамба-очир нар асуулт асууж, холбогдох албан тушаалтнуудаас тодруулга тайлбар, мэдээлэл авлаа.
“Саарал жагсаалт” хэмээн нэрлээд буй энэхүү санхүүгийн үйл явцад орсноор эдийн засгийн ямар нэг хориг арга хэмжээ байхгүй гэдгийг ажлын хэсэг тайлбарласан. Монголын арилжааны 13 банкны гадаад гүйлгээ, төлбөр тооцоо хэвийн үргэлжилж байгаа бөгөөд ойрын хугацаанд хаагдах, хязгаарлагдах эрсдэл үүсээгүй гэлээ. Сүүлийн 2-3 жилийн явцыг харахад ам.долларын гүйлгээтэй холбоотой шимтгэл 9000-40000 төгрөгийн хооронд буюу огт өөрчлөгдөөгүй байна. Ирэх онд багтаан ФАТФ-аас тавьж буй 4 асуудлын шууд хэрэгжилттэй холбоотой 6 арга хэмжээнүүдийг бүрэн хэрэгжүүлэх боломжтой хэмээн үзэж байгаа аж. ФАТФ-ын 40 зөвлөмжийн үр дүнг үнэлэх шууд хэрэгжилтийн 11 үзүүлэлтийн 3 буюу “Хянан шалгагч нар санхүүгийн байгууллага болон санхүүгийн бус бизнес болон мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч нарыг шаардлагтай түвшинд эрсдэлээс нь хамааруулан мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үүргээ хэрхэн биелүүлж байгааг хянадаг, зохицуулдаг байх” үйл ажиллагааны хэрэгжилтийг Санхүүгийн зохицуулах хороо хариуцан гүйцэтгэх аж. 7 буюу “Мөнгө угаахтай холбоотой үйлдэл болон гэмт хэрэгт мөрдөн шалгах үйл ажиллагаа явагддаг болон буруутай этгээдүүдэд үр нөлөөтэй, үйлдсэн зөрчилтэй нь дүйцэхүйц, гэмт хэрэг давтан үйлдэхээс сэргийлсэн хариуцлага хүлээлгэдэг байх” асуудлыг хууль шүүхийн байгууллагуудын үйл ажиллагаа, 8 буюу “Гэмт хэргээс олсон орлого болон үйлдэхэд ашиглагдсан хэрэгсэл зэргийг хураан авдаг байх” шууд хэрэгжилтийг Сангийн яам болон Гаалийн ерөнхий газар хангах бол 11 буюу “НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолд заасны дагуу үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх үйл ажиллагаатай холбоотой хувь хүн, этгээдүүдийг хөрөнгө цуглуулах, шилжүүлэх, ашиглахаас урьдчилан сэргийлэх” манай улсад ажил хөдөлмөр эрхэлж буй зарим орны иргэдийн асуудалтай холбоотой гэдгийг тайлбарлалаа. Эдгээр шууд хэрэгжилтийг хангахад тодорхой байгууллагууд биш Засгийн газар удирдан бүх түвшиндээ онцгой анхаарал хандуулах, эрх зүйн орчныг хангахад УИХ-ын оролцоо чухал гэдгийг хэлж байв. Мөн гишүүдийн тодруулсны дагуу санхүүгийн салбарт өрсөлдөөн бий болгох, банкны салбар бэхжих суурь болох Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн талаар Монголбанкны ерөнхийлөгч байр сууриа илэрхийлэв. Түүнчлэн УИХ-ын тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Л.Энх-Амгалан, Ц.Гарамжав, Л.Болд, Б.Баттөмөр нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаатай холбоотой шүүмжлэлийг гишүүд хэлж байлаа. Нөхцөл байдлын талаарх бодит мэдээллийг хариуцсан байгууллага, албан тушаалтан иргэд, олон нийтэд тодорхой мэдээлж байхгүй бол тодорхойгүй сураг таамгаас үүдэн ханшийн савалгаа үүсэх эрсдэл бүрдээд байгааг анхааруулж байв. Дараа нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжив. Иймд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийг Б.Жавхлан гишүүнээр ахлуулан байгууллаа. Ингээд төслийг хэлэлцэхийг дэмжсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.