Их хотын нэг шөнийг сурвалжиллаа. Өнгөрсөн баасан гаргийн 00.00 цагт хотынхны ажил эхэлж байна уу гэлтэй гудамжаар дүүрэн шахам хүн хөлхөж байв. Залуус мөрийтэй тоглож, охид хүүхнүүд биеэ үнэлж, гэр бүлийн хүчирхийлэл гаарч, бүсгүй дагжин чичирч, хүүхэд уйлж, өсвөр үеийнхэн цахим тоглоомын газарт олноороо сууж байгааг харахад даанч дээ гэмээр байсан. Хаашаа л орно архидан согтуурсан, тамхины утаа, хууль бус үйлдэл, ундуй сундуй дүр төрхтэй таарлаа. Нийслэлийн цагдаагийн удирдах газраас энэ сарын 20-ны үдэш гэнэтийн шалгалт хийхэд нь хамт явсан юм.
23.00 цаг. Баянгол дүүргийн Цагдаагийн газрын II хэлтсийнхэн мөрийтэй тоглоомын газар “дэлбэллээ”. Тус дүүргийн V хороо, Х хороололд байрлах нэгэн газарт мөрийтэй тоглоом тоглуулж байна гэх мэдээллийн дагуу цагдаагийнхан очив. Прокурорын зөвшөөрөлтэйгээр дотогш нэвтэрсэн юм. Орох хаалганы дэргэд камерийн өрөөтэй. Камер нь өндөр хүчин чадалтай, нягтаршил сайтай. Эл камераар харанхуйд ч хүний царайг тодруулан харж болно. Машины зогсоол, орц, гарц, байруудын булан тохой гээд ойр орчимд байгаа бүгдийг “хяналтдаа” авчээ. Урд, хойд хаалганы хэсэг, өрөөний дөрвөн буланд ч хянах төхөөрөмж суурилуулсан харагдав. Цагдаагийнхан хяналт шалгалт хийхээс урьтаж, тэд бултаж амжих нь. Өөрөөр хэлбэл, гэмт хэргээс урьдчлан сэргийлэх чиглэлээр суурилуулах байтал, энд цагдаа нарын ажилд хяналт тавихаар камер тавьжээ. Мөрийтэй тоглоомын газрын ажилтан “13.00 цагт онгойсон. Нэг удаа тоглохдоо хамгийн багадаа 20 000 төгрөгийн бооцоо тавьдаг. Манайх рулет буюу бооцоот тоглоомын таван ширээтэй. Нэг ширээнд найман хүн зэрэг тоглодог. Өнөөдөр 500 000 төгрөгийн орлоготой.
Бусад мөнгө нь хожсон хүмүүст бий” хэмээлээ. Улмаар “Босс эзгүй” гэх тэр залуу орлогоо мухрын өрөөний буйдангийн дороос гаргаж өгсөн. Өрөөнд найман хүн тоглож байлаа. Тоглогчид анх удаа ирсэн хэмээн ярив. Нэг нь хүнд түлхүүр өгөхөөр ирсэн, нөгөөх нь хүнтэй уулзах гэж яваа, жорлон хайж яваад энд ирчихлээ гэх мэтээр бүгд “үлгэр” ярих аж. Нэг нь ариун цэврийн өрөөнд цаг хэртэй бүгж, цагдаа шаардлага тавьсны дагуу “Гэдэс өвдөөд байхад дуудлаа” гэсээр уцаарлангуй гарч ирэв. Ингээд тоглогчдын тоо ес болов. Тэдний халааснаас ихэндээ 20 мянгатын дэвсгэртүүд гарсан. Энд 24 цагийн турш иргэдийг тоглуулдаг. Цонхнуудаа бүхэлд нь хар тээнээр бүржээ. Өрөө тамхины утаагаар дүүрчээ. Долоо хоногийн өмнө энд мөрийтэй тоглуулж байгааг илрүүж, хоёр сая төгрөгөөр торгосон юм байна. Эзэн Э.Батбаатар нь торгуулиа газар дээр нь төлсөн гэх. Улмаар “Дахин мөрийтэй тоглуулахгүй” гэх баталгаа бичгээр үйлджээ. Харамсалтай нь, тэрбээр баталгаа гаргаснаа мартаж, дахин хууль зөрчив. Мөрийтэй тоглогчдын ар гэрийнхэн нь цагдаагийнханд мэдээлэл өгдөг. Нөхөр нь гэртээ ирэлгүй, олон хоногоор сураггүй болж, цалингаа, автомашинаа, орон байраа зарж тоглодог нь цагдаагийнханд хандах шалтгаан болдог аж. Зарим тохиолдолд мөрийтэй тоглогчид ч бусдыгаа “Над шиг битгий алдаасай” хэмээн цагдаагийн байгууллагад мэдээлэл өгдөг гэнэ.
00.45 цаг. Таваншар дахь цагдаагийн хэсэг дээр 2-7 насны гурван хүүхэдтэй С хэмээх бүсгүй уйлж суув. Нөхрийнхөө хүчирхийллийг 10 жил тэвчсэний эцэст анх удаа цагдаагийн байгууллагад хандсан нь энэ. Түүний яриаг уншигчдад сийрүүлэн хүргэе. С-ийн нөхөр хуульч мэргэжилтэй. Өвөрхангай, Дундговь аймагт прокурор хийж байсан. Өнгөрсөн зургадугаар сард ажлаасаа халагдан нийслэлд иржээ. Одоо хувиараа өмгөөлөгч хийдэг. Гэрлээд сар болсны дараа нөхөр нь хардаж, С-д гар хүрэх болсон аж. Түүгээр барахгүй бага насны гурван хүүхдээ шөнө цурам хийлгэлгүй, элдвээр доромжилж, “Амьдрал мөнгөн дээр тогтдог” хэмээн цээжлүүлдэг гэнэ. Согтуу аав байнга л “Би та нарыг тэжээж байна. Алив босоод ир, амьдрал ярья” хэмээн хүүхдүүдээ бүлтэлзүүлдэг аж. Зарим үед гар хүрэх нь ч бий. Эхнэрээ байнга зоддог. Ингэхдээ ил гэмтэл шарх гаргалгүй, үсдэж, хананд хавсарч, элэгдэх мэтээр тамладаг гэдгийг С уйлан хайлан ярилаа. Нөхрөөсөө долоон насаар дүү тэрбээр есөн удаа үр хөндүүлсэн гэнэ. Авхуулахгүй хэмээн гүрийж, ихээхэн зовлон туулж, гурван хүүхдээ төрүүлсэн аж. Өмнө нь согтуу үедээ сардаа нэг удаа эхнэртээ гар хүрдэг байсан. Одоо эрүүл, согтуу нь хамаагүй, долоо хоногт гурван удаа зоддог.
Тэр бүү хэл хүчээр бэлгийн ажил хийдэг гэсэн юм. Хамгийн харамсалтай нь, 10 жилийн хугацаанд эмэгтэйн эрх ашгийг хамгаалж, хэн ч цагдаад дуудлага өгөөгүй гэх. Хөршүүд нь С-ийг аврал эрэх дуунаар ирж, зодооныг зогсоож, нөхрийг нь тайвшруулахаас бус, цагдаад дуудлага өгч байгаагүй. Өмнөговь аймгийн Прокурорын газрын болон Тамгын газрын даргад гэр бүлийн хүчирхийллийн талаар С удаа дараа мэдэгдэж байсан ч ажилтандаа ямар нэг арга хэмжээ аваагүй өдийг хүрчээ. Нөхөр нь “Цагдаад хэлбэл, өөрийн чинь хохь болно, чамайг алчихна шүү. Аллаа гээд би ял үүрэхгүй, чи амиа хорлосон мэт харагдана” гэх мэтээр байнга заналхийлдэг юм байна. Олонтоо алгадуулж, зодуулсан С өдгөө чихний аппарат зүүдэг, жаахан чанга дуугархад л салгалж, дагжиж чичирдэг эмгэгтэй болжээ. Энэ мэтээр бичвэл сонины нэг нүүр багадна. Тиймээс энэ хүрээд цэг тавья.
Хамгийн гол нь хууль бус зүйлтэй тэмцэх үүрэгтэй прокурор өөрөө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, үүнийг нь орчин тойрных нь хуульчид нуун дарагдуулж, хаацайлж, 10 жилийг өнгөрүүлсэн нь харамсалтай. Эмэгтэй худал мэдүүлэг өгсөн байж болох ч бяцхан хүүхдүүд нь “Аав нь айлгачихсан уу” гэх асуултыг тавихтай зэрэгцээд нүдэнд нулимс нь цийлэгнэж, толгой дохих нь зүрх шимширмээр. Хайрлуулах л гэж ирсэн тэднийг төрсөн аав нь олон жил ийнхүү дарамталж иржээ. Тиймээс хүүхдүүдээ сэтгэцийн эмгэгтэй болохоос наана, өөрөө амиа алдахаас өмнө гэр бүлээ цуцлуулахаар шийдсэнээ С дахин дахин хэлж байсан. Дарамтлагч нөхөр Ж.Очирбат “Эхнэр бид хоёрт муудалцах зав байхгүй, өглөө гараад үдэш орж ирдэг. Сая багахан үл ойлголцол гарлаа. Би эхнэр, хүүхдээ 10 жил тэжээсэн. Эхнэр хуулийн байгууллагад бичээч хийдэг. Нууц амрагтайг манай болон өөрийнх нь хамаатнууд андахгүй. Хуулийн байгууллагад ажилладаг болохоор хэнд юу хэлэхээ сайн мэднэ” хэмээснээс өөр зүйл хэлсэнгүй, хүний өөдөөс эгцэлж ч харсангүй. Маргааш Ж.Очирбат цагдаагийн саатуулах байрнаас гарна. Гэртээ очоод ямар ааш авир гаргаж, эхнэр хүүхдээ хэрхэн зовоох бол гэж төсөөлөхөөс нуруу хүйт даана.
01.48 цаг. “WHITE HOUSE”-д биеэ үнэлэгч нарыг илрүүллээ гэх дуудлага ирснээр Таваншараас хөдөллөө. Замдаа эмнэлэг, цагдаагийн тэрэг дохио хангинуулан хажуугаар зөрөхтэй таарч араас нь дагалаа. Сонгино хайрхан дүүргийн XII хорооны нутагт архидан согтуурсан хэсэг хүн зодолдож, нэгнийхээ тархийг хагалжээ. Зодоон гэр бүлээс гадуурх харилцаа, хууран мэхлэлтээс үүдэлтэй аж. Тус хороонд байрлах “Хаус караоке”, “24 дэн буудал”-д нөхрөө өөр эмэгтэйтэй байна гэж дуулсан Т дүүгээ дагуулан тус газарт иржээ. Улмаар гэр бүл үймүүлэгч эмэгтэй зугтаж, үйлдэл дээрээ баригдсан залуу “алганы амт” хүртжээ. Эмнэлгийн ажилтнууд зодуулсан нөхрийн хөмсөг дагзанд тус бүр 2-3 оёдол тавилаа. Энэ зуур “WHITE HOUSE”-д байсан биеэ үнэлэгчдийг торгоод явуулжээ. Зөрчлийн хуулийн дагуу тэднийг торгохоос өөрөөр арга хэмжээ авах боломжгүй учраас тэр гэнэ.
Тиймээс бид III, IV хороололд байрлах “Fox” цахим тоглоомын газарт очлоо. Шөнө дунд хэдийн өнгөрсөн атал энд дүүрэн хүн цуглажээ. Тэдний тав нь насанд хүрээгүй. Цагдаагийнхан орж ирсэн ч залуус нохой хуцсан чинээ тоолгүй тоглох аж. Толгой компьютерийг нь салгаж байж тэд урдахаасаа хөндийрөв. Гэсэн ч зарим нь сандлын түшлэг рүү шигдэн сууж, хөлөө ачиж, тав тухаа хангаж аваад утсаараа үргэлжлүүлэн тоглолоо. Залуусын нэг нь “Өгсөн, авсан мөнгөгүй, сонин зүйл боллоо, дараа бооцоо тавьж, гоё тоглоно оо” гэх мэтээр хоорондоо ярих аж. Уг нь цахим тоглоомын газар ажиллуулах зөвшөөрөл авахдаа аллага сурталчлахгүй, терроризмыг хөхиүлэн дэмжихгүй, хуульд захирагдана хэмээн бичиг баримт бүрдүүлдэг. Гэтэл энд хууль, дүрмээ мөрдөж буй зүйл нэгээхэн ч байсангүй. РС тоглоомын газрууд цаг хэтрүүлэн ажилласан ч Зөрчлийн тухай хуулиар торгох боломжгүй. Энэ оны эхний найман сарын байдлаар цагдаагийн байгууллагаас цаг хэтрүүлсэн ажилладаг 184, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан, бага насны хүүхэд хонуулсан 117 тоглоомын газрыг илрүүлжээ.
03.00 цаг. Баянгол дүүргийн 22 дугаар хороонд байрлах буурчийн газар орлоо. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг тэнд жинхэнэ утгаар нь зөрчиж байв. 18, 19 настай дөрвөн охин, 24-тэй залуутай хамт архи ууж суухтай таарав. Хэдийн хоёр литрийн савлагаатай, зургаан шар айраг, 0.75 нэг шил архи уужээ.
Чийг даасан, тамхины үнэр нэвчсэн умгар өрөө, бохир цагаан хэрэгсэл. Харахаас ой гутам орчинд архи ууж, согтууран суугаа тэд “Чөлөөт цагаа өнгөрөөж байна” хэмээн таахалзахыг нь сонсоод хэлэх үг олдоогүй. Буурчийн газрын ажилтан нь “Та ямар эрхтэй гэж, хэний зөвшөөрлөөр шалгаж байгаа юм” хэмээн загнах нь холгүй аяглаж, нүдээ гялалзуулна. Цагдаагийн байгууллага хуулийн дагуу арга хэмжээ авсны дараа тэднээс гарлаа. Өөдөөс нь харсан караоке баарнаас хоёр литрийн савлагаатай шар айраг барьсан залуу гарч явав.
Цагдаагийн ажилтан түүнийг зогсоож, шар айраг хаанаас авсныг лавлахад баарнаас гэж хариулсан. Тус кароаке баарт орлоо. Бас л бөөн зөрчил. Бармен болон зөөгч нь 21 нас хүрээгүй 18 настай охид. Дээрээс нь тус караокены нэг өрөөнд хүмүүс дуулж, архидан согтуурахтай зэрэгцээд ороомог хийж байв. Бохир заваан сав суулга ширээн дээр хөглөрнө. Хэзээ, хаана үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй хиам ч харагдлаа. Гадуур хувцастайгаа суудаг буйдан дээр ороомог өржээ. Өөрөөр хэлбэл, эл умгар өрөөнд хүмүүс дуулж, архи ууж бас ороомог жигнэж байв. Гахайн хороо мэт бохир нөхцөлд хийсэн ороомогоо ТҮЦ-үүдэд тараадаг гэнэ. Мөн 24 цагийн дэлгүүрийн үүрэг гүйцэтгэж, хэн орж ирсэнд нь архи зарж байсан. Ажилтнууд нь хууль, тогтоомж зөрчсөн хэрнээ шалгалт хийхээр орж ирсэн цагдаа нарыг л бас зандрах маягтай харилцах аж.
Улаанбаатарын нэг шөнийг сурвалжлахад нэг иймэрхүү дүр төрхтэй байлаа. Цагдаагийнхан энэ бүхэнтэй өдөр, шөнөгүй нүүр тулж, ажилладаг. Ихээхэн хичээл зүтгэл, сэтгэлийн тэвчээртэй хүн л энэ ажлыг хийх боломжтой мэт санагдсан.