Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийлээ.
Орон сууцны байруудын шугам сүлжээг өргөтгөн, шинэчлэн солих ажлууд 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулж байгаа ажлуудын талаарх мэдээллийг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Мэндбаяр “2019 онд өөрийн хөрөнгөөр хийгдэх их, урсгал засварын ажлыг нэгтгэн хэлэлцэж, календарчилсан төлөвлөгөө гарган, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар батлуулан мөрдөж ажиллаж байна. Орон сууцны байруудын шугам сүлжээг өргөтгөн, шинэчлэн солих арван ажилд тендер зарлаж, есөн ажил 100 хувь дуусаж, нэг ажил 90 хувийн гүйцэтгэлтэй хийгдэж байна. Урсгал засвараар 106 ширхэг цахилгааны тоолуур, 161 нэр төрлийн тоноглол урсгал засвараар 100 хувийн гүйцэтгэлтэй хийгдэж байна. Усны даралт бууруулах хаалт, термометр, цэвэр, бохир усны худгийн таг, шугам сүлжээний дулаалга, гадна, дотор ариутгах татуургын холбох хэрэгсэл, бөмбөлгөн хаалт, ялтсан дулаан солилцуурын жийрэг, ялтас, цахилгааны тоноглол 100 хувь нийлүүлэгдэн ажил хийгдсэн” гэсэн юм.
Зөвлөгөөний үеэр Хотын Захирагч нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын зарим удирдлагуудаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хийж гүйцэтгэж байгаа ажлын явцыг тодруулж асуув. Нийслэлийн Агаарын чанарын бүсэд байгаа 290 халаалтын зууханд утаа шүүгч шүүлтүүр суурилуулах ажилд захиалагч, гүйцэтгэгч хяналт тавих ажил юу болсон, Цахилгаан халаагуурт шилжих сургууль, цэцэрлэгүүдийн жагсаалтад нэмэлтээр орсон зургаан цэцэрлэгийн хийн болон цахилгаан халаалтад шилжүүлэх ажил ямар шатанд хийгдэж байгаа зэрэг асуудлаар холбогдох байгууллагуудын удирдлагуудаас товч мэдээлэл сонслоо.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Төрийн болон хувийн хэвшлийн инженерийн хангамжийн байгууллагууд шугам сүлжээний засвар үйлчилгээний худаг, камерын бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, эвдэрсэн, үрэгдсэн тохиолдолд шуурхай засварлаж, хэвийн ажиллагааг хангах, Халаалтаа аваагүй орон сууцны байруудад дулааныг яаралтай өгөх, засварын ажлуудаа шуурхай зохион байгуулах, хувийн орон сууцны конторууд дулааны тохируулгаа сайтар хийлгүүлж ажиллах”-ыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд үүрэг болгов. Мөн төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх, дотоод хяналт шалгалтаа сайжруулж, үр дүнг шаардаж ажиллах, Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үдийн цай хөтөлбөрийн хүрээнд эрүүл ахуй, чанар стандартын шаардлагад нийцсэн баталгаат хүнсний бараа бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах, хүнсний аюулгүй байдалд хяналт шалгалт хийх, Нийтийн Тээврийн хэрэгслийн техникийн болон тээвэрлэлтийн аюулгүй байдал, үйлчилгээний соёл, чанарт хяналт шалгалтын ажлыг шуурхай зохион байгуулах зэрэг ажлуудыг төлөвлөгөөний дагуу сайтар зохион байгуулж ажиллахыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад тус тус онцгойлон үүрэг чиглэл болголоо.
Түүнчлэн “Аравдугаар сарын 1-нээс эхлээд бид ажил аваад хийж чадаагүй, гэрээ байгуулаад үнээ нэмдэг, илүү мөнгө нэхдэг, ажлаа хийж чаддаггүй, мэргэжлийн боловсон хүчин байхгүй, дадлага туршлагагүй хотын ажлыг хойш нь татсан, дээрээс нь төсвийн хөрөнгийг үргүй зарцуулдаг компаниудыг олон нийтэд зарлаж, цаашид хотын болон бусад төрийн байгууллагуудын бүтээн байгуулалтын ажилд оролцохгүй байх асуудлыг шийдвэрлэнэ” хэмээн хатуу анхааруулсан юм.