Засгийн газрын үйл ажиллагааг нийтэд таниулах нээлттэй хаалганы өдөрлөг энэ сарын 16-27-нд болж байна. Гадаад харилцааны яамны өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд өчигдөр боллоо. Манай улстай дипломат харилцаатай 23 орон, 21 Элчин сайдын яамныхан үүнд оролцож, онцлог бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулав. Тухайлбал, БНСУ аялал жуулчлал болон хүнсний бүтээгдэхүүнээ сонирхуулсан бол ОХУ загас, махан бүтээгдэхүүн, Энэтхэг гар урлал, бэлэг дурсгалын эд зүйлсээ дэлгэв.
Бүгд Найрамдах Куба Улсын Элчин сайд Раул Делгадо Консепсион өдөрлөгийн талаар “Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас энэхүү үйл ажиллагаанд биднийг урьж оролцуулсанд баяртай байна. Монголын иргэдэд бид хоолны соёлоо танилцуулсан. Монгол, Куба улс дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой ирэх онд тохионо. Хамтын ажиллагааны хүрээнд цаашид олон үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж буй” гэлээ. Мөн ХБНГУ-ын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Михаэль Россбах “Манай улс нарийн боовоороо дэлхийд алдартай. Түүнийгээ монголчуудад танилцууллаа. Мөн энэхүү өдөрлөгт зориулан боловсролын үзэсгэлэн зохион байгуулсан. Гадаадын их, дээд сургуульд боловсрол эзэмших хүсэлтэй оюутан, залууст мэдээлэл хүргэж туслах нь уг үзэсгэлэнгийн зорилго. Манай улсад 2000 гаруй монгол оюутан суралцдаг. Монгол Улсыг зорин ирэх герман жуулчдын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж, 4000-5000 орчим болсон гэх мэтээр хамтын ажиллагаа өргөжиж байна” хэмээлээ.
Бэлтгэсэн: Ж.Отгонтуул