ТЭЭВРИЙН ТЕРМИНАЛ БАЙГУУЛАХ ТӨСЛИЙГ ЭХЛҮҮЛЖ БУЙГАА ЗАРЛАВ
ОХУ-ын Владивосток хотод энэ сарын 4-5-нд болсон Дорнын эдийн засгийн V чуулга уулзалтад Ерөнхийлөгч Х.Баттулга оролцсон. Чуулга уулзалтын үеэр Ерөнхийлөгч ОХУ-ын тээвэр, ложистикийн тэргүүлэх компаниудын нэг “Фэско” группийн ерөнхийлөгч Александр Исуринтай уулзжээ. Александр Исурин “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хамтран хэрэгжүүлэх тээврийн терминал байгуулах төслийг анхнаас нь дэмжиж ирсэнд талархал илэрхийлээд, төслийн ТЭЗҮ-ийг бэлэн болгосноо танилцууллаа.
ТЭЗҮ-д төслийн эхний шат 2022 он хүртэл хэрэгжиж, жилд дунджаар зургаан сая тонн нүүрс тээвэрлэх боломжтой терминал байгуулах, 2024 он гэхэд нүүрсний тээврийг жилд 10 сая тоннд хүргэхээр тусгажээ. ТЭЗҮ-ийн анхны хувилбарыг уулзалтын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулгад гардуулж, төслийг эхлүүлж буйгаа зарлав.
ШИНЗО АБЭ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БИЕЧЛЭН ӨГСӨН ТӨСЛҮҮДТЭЙ САЙТАР ТАНИЛЦАЖ, АЖИЛ ХЭРЭГ БОЛГОНО
Дорнын эдийн засгийн V чуулга уулзалтад оролцох үерээ Ерөнхийлөгч Х.Баттулга Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэтай уулзлаа. Владивосток хотод гурав дахь удаагаа уулзаж буй тэд эдийн засгийн харилцааг өргөжүүлэх асуудлаар санал бодлоо түлхүү солилцсон юм. Өнгөрсөн онд Монгол Улсын эдийн засаг 6.8 хувийн өсөлттэй гарч, дотоодын эх үүсвэрийг ашиглан 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлсэн зэрэг томоохон төсөл хөтөлбөрийг Ерөнхийлөгч Х.Баттулга танилцуулав. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК, ОХУ-ын “Фэско” групптэй хамтран нүүрсний терминал байгуулах зэргээр эдийн засагт үр ашигтай төслүүд ажил хэрэг болж эхэлсэн тул худалдан авагч тал буюу Япон Улстай нүүрсний экспортын асуудлаар томоохон яриа хэлэлцээр хийх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Ерөнхийлөгчийн биечлэн өгсөн төслүүдтэй сайтар танилцаж, цаашид ажил хэрэг болгох сонирхолтой гэдгээ мэдэгдлээ.
Хоёр улсын хамтран ажиллах өргөн боломжтой дараагийн салбар нь оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний зах зээл гэж Ерөнхийлөгч үзэж, дэлхийн ноолуурын 50 орчим хувийг дангаар хангадаг Монгол Улс Гуравдагч хөршийн худалдааны тухай хууль батлагдах байх гэсэн хүлээлттэй байгаагаа хэлсэн юм. Гэхдээ АНУ-ын хууль тогтоох байгууллагын хэлэлцэж буй Гуравдагч хөршийн худалдааны тухай хууль батлагдах, эсэхээс үл хамааран ноос, ноолуурын салбар дахь харилцаагаа сэргээж, ноолуур ээрэх, самнах сүүлийн үеийн технологийг нутагшуулах, экспортын бүтээгдэхүүнээс харилцан ашиг хүртэх боломж бий хэмээн тооцож буйгаа илэрхийлсэн юм.
Энэ үеэр Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн АНУ-д хийсэн айлчлалыг үр дүнтэй болсонд баяр хүргээд, “Монгол, АНУ-ын харилцаа стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн нь Япон, АНУ, Монгол Улс гэсэн гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэх үндэс боллоо” хэмээв.
Уулзалтын төгсгөлд талууд харилцан айлчлалын давтамж нэмэгдэж, хоёр улс илүү ойр дотно харилцаатай болж буйг тэмдэглээд, уулзалтаа үр дүнтэй болгох, дараагийн уулзалтад бэлтгэх асуудлыг ярьж тохиров.
НАРЕНДРА МОДИТОЙ УУЛЗАВ
Мөн чуулга уулзалтын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Модитой уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулганд анх удаа оролцож буй Ерөнхий сайд Н.Модид амжилт хүсэв. Мөн БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди 2015 онд Монгол Улсад айлчилснаас хойш нефть боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил урагштай, үйлдвэр хүртэл төмөр зам, засмал зам барьж, эрчим хүчний асуудлыг шийдвэрлэсэн гэдгийг дуулгалаа. Улмаар тус улстай нефть, бусад эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр ажиллаж буйгаа хэлсэн юм.
БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди худалдаа, эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэхийн чухлыг онцолж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Энэтхэг улсад хийх айлчлалын үеэр илүү бодитой алхам хийж, үр дүнд нь хоёр улсын харилцааг нэг шат ахиулах хүлээлттэй байгаагаа илэрхийлэв. Талууд хоёр улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар санал солилцлоо.
Бэлтгэсэн: А.Амина