Хонконгийн цагдаагийнхан удаа дараа анхааруулсныхаа дараа жагсагчдыг тараахдаа хөх өнгөтэй, даралттай ус ашигласан тухай твиттер хуудсаар дамжуулан мэдээлжээ. Өнгөтэй ус хэрэглэсэн нь баривчилгаа явуулахыг жагсагчдад анхааруулах арга болохыг цагдаагийн офицерууд тайлбарласан байна. Цагдаагийн газраас зөвшөөрөл өгөөгүй тул бямба гаргийн жагсаалаа цуцалсан тухай зохион байгуулагчид нь мэдэгдсэн ч олон хүн гудамжинд гарч, Ваньчай, Адмиралтейство, Сентрал дүүргийн гудамжуудыг бүсэлсэн аж. Ванчай дүүрэгт жагсагчид асар том хаалт босгосноо дараа нь шатаажээ. Их хэмжээний галыг унтраахын тулд хэргийн газарт гал сөнөөгчид очсоныг RTHK телевизээр үзүүлсэн байна. Мөн тэнд цагдаагийн тусгай анги, эмх замбараагүй байдалтай тэмцэх хүчин, даралттай ус шүршигч хоёр машин очиж, байдлыг намжаажээ.
Өнгөрсөн баасан гарагт Хонконгийн Хууль тогтоох зөвлөлийн гишүүн, Иргэний намын Жереми Там, О Нок-Хин нарыг баривчилсан тухай “France-presse” агентлаг мэдээлсэн байна. Эсэргүүцэл үзүүлсэн хэмээн цагдаа нар тэднийг саатуулсан гэнэ. Үүний өмнө эсэргүүцлийн “Demosisto” хөдөлгөөний идэвхтэн Жошуа Вонг, Агнес Чоу нарыг хэв журам сахиулагчид баривчлаад, дараа нь барьцаагаар сулласан. Харин бямба гаргийн жагсаалын үеэр Ж.Вонгийг дахин баривчлахад нэг залуу цагдаагийн машины өмнө хэвтэж саад болсон тухай “Global times” уламжлав. Мөн сүүлийн өдрүүдэд баривчлагдсан хүмүүсийн дунд Хууль тогтоох зөвлөл дэх Иргэний намын бас нэг гишүүн Чэн Чун байжээ.
Үүний сацуу АНУ-тай худалдааны хэлэлцээ хийгээгүй байсан бол Хонконгийн байдалд Хятадын эрх баригчид илүү хатуурхах байсан гэдэгт Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп итгэлтэй байна. Энэ сард болох Вашингтон, Бээжингийн хэлэлцээ хуваарийн дагуу болохыг тэрбээр мэдэгдсэн аж. Хятадаас гаалийн татвар тогтоосны улмаас тус улсад ажилладаг компаниудын 13 хувь нь гарахаар болсныг Д.Трамп уламжилжээ.
Хятадын хууль зөрчсөн хэрэгт сэжиглэгдэж байгаа, эвсэл эрэн сурвалжилж буй этгээдүүдийг эх газрын Хятадын талд шилжүүлэн өгөх хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаал, цуглаан Хонконгод өнгөрсөн зургадугаар сарын 9-нөөс хойш үргэлжилж байна. Нийгмийн шахалтаар Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам уг хуулийн төслийг хэлэлцэхээс татгалзсан ч Засгийн газраа эсэргүүцсэн ажиллагаа үргэлжилсээр байна.