Монголын хөрөнгийн бирж энэ оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тоймоо гаргажээ. Тус бирж хувьцааны анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 376.9 сая ширхэг хувьцааг 82.3 тэрбум төгрөгөөр борлуулсан байна. Түүнчлэн Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 79.8 мянган ширхэг үнэт цаасыг 7.9 тэрбум төгрөгөөр арилжжээ. Ингэснээр нийт 90.2 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.5 тэрбум төгрөгөөр буюу 16.1 хувиар өссөн үзүүлэлт аж.
Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үеийнхээс 4.83 хувиар өсөж, 2.6 их наяд төгрөгт хүрэв. Монголын хөрөнгийн бирж хагас жилийн хугацаанд хамгийн олон буюу дөрвөн компанийн үнэт цаасыг шинээр бүртгэж, анхдагч зах зээлд нийт 42.5 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс гурав дахин өссөн үзүүлэлт гэнэ. Дээрх хугацаанд хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй, арилжаа нь зогссон 22 компанийг бүртгэлээс хасчээ.
Санхүүгийн үзүүлэлтийн хувьд 994.4 сая төгрөгийн орлого олж, 716.9 саяын зардал гаргаснаар нийт 277.4 сая төгрөгийн цэвэр орлоготой ажилласан гэнэ. MIT цогц системийн ашиглалтын зардал болон элэгдэл, хорогдолд нийт 482.1 сая төгрөгийн зардлыг хуримтлуулж тооцжээ. Ингэснээр санхүүгийн тайландаа татварын өмнөх байдлаар 204.6 сая төгрөгийн алдагдал хүлээсэн байна.