Монголын хөрөнгийн биржийн хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй АПУ компанийн хувьцаа эзэмшигчдийн бүтцэд өөрчлөлт оржээ. “WIT alliance limited” болон “Туул интернэйшнл” компани АПУ-гаас эзэмшиж байсан хувьцаагаа “Шунхлай” группэд шилжүүлсэн байна. Ингэснээр “Шунхлай” групп нь АПУ компанийн нийт хувьцааны 50.84 хувийн эзэмшигч болсон аж. Монголын хөрөнгийн бирж бүртгэлтэй компаниудынхаа таван хувиас дээш хувьцааг эзэмшдэг, нөлөө бүхий хөрөнгө оруулагчдыг олон нийтэд зарладаг.
АПУ-гийн хувьцааны 13.42 хувийг “Steppe beverage KFT”, 25-ыг нь “Heineken Asia pacific PTE LTD”, 5.19-ийг “Монголиан бэвэриж инвестментс” компани эзэмшиж байна. Тус компанийн нэгж хувьцааны ханш 554 төгрөгтэй дүйж байгаа юм. Энэ нь сүүлийн жилийн оргил үеэс 100 төгрөгөөр буураад буй үзүүлэлт. АПУ компанийн зах зээлийн үнэлгээ 588.2 тэрбум төгрөгт хүрчээ.