Хятадын эрх баригчид өнөөдрөөс /2019.08.01/ эхлэн Тайваньд хувийн журмаар зорчихыг хориглосон тухай “South China Morning Post” сонин мэдээлжээ. Энэ хориг Хятадын 47 хотын иргэдэд хамаарахыг тус улсын Аялал жуулчлалын яам мэдэгджээ. Гэхдээ бизнесийн зорилгоор болон зохион байгуулалттай бүлгээр хийх аяллыг зөвшөөрч байгаа аж. Тайванийн цагаачлалын асуудлыг эрхэлсэн Үндэсний агентлагийн мэдээлж буйгаар өнгөрсөн онд тус аралд сая гаруй хүн зочилсон байна. “Энэ оны эхний хагасын байдлаар 633 мянган жуулчин иржээ. Харин хориг онд дуустал үргэлжилбэл жуулчдын доо 700 мянгаар багасах болно. Их газрын (Хятадыг хэлж буй)жуулчид ихэвчлэн ганц нэгээр ирэх дуртай” гэж Тайванийн аялал жуулчлалын холбооны тэргүүлэгч Роберт Као ярьжээ. Хятадын эрх баригчид эл шийдвэрээ хоёр орны харилцаа хурцадмал байгаатай холбон тайлбарласан байна. Бээжингийн засгийн газар анх 2011 онд Бээжин, Шанхай, Шиамэнь хотуудын иргэдэд Тайвань руу хувийн зорилгоор ганцаараа зорчихыг зөвшөөрч байжээ. Дараа нь энэ зөвшөөрөлдөө нийт 47 хотын иргэдийг хамруулж байсан юм. Харин сүүлийн жилүүдэд Тайваньд эх газраас салан тусгаарлах үзэлтнүүд төрийн эрхэнд гарч, саяхан АНУ-аас $2.2 тэрбумын зэвсэг авахаар болсон зэрэг нь харилцааг муутгаад байна.