“Сүү” хувьцаат компани 2019 оны хагас жилийн санхүүгийн тайлангаа өчигдөр олон нийтэд зарлав. Тайлант хугацаанд тус компани 37.2 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олжээ. Ингэснээр 4.19 тэрбум төгрөгийн буюу нэгж хувьцаандаа 12.17 төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Тайлангийн үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал, орлогын хэмжээ 2.12 тэрбум төгрөг буюу 6.04, ашиг 1.99 тэрбум буюу 90.7 хувиар өссөн байна.
Тэгвэл урт хугацаат зээл нь 12.14 тэрбум төгрөгөөр өсөж, 20 тэрбум төгрөгт хүрчээ. Харин богино хугацаат зээл нь 5.6 тэрбум төгрөгөөр бууран 6.4 тэрбум болсон байна. Мөн зүүн бүсийг эрчим хүчний нүүрсээр хангагч “Адуунчулуун” компани эхний хагас жилийн тайлангаа танилцууллаа. Тэднийх 1.6 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Тайлант хугацаанд тус компани 1.88 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой олсон ч 3.3 тэрбумын зардал гаргажээ. Борлуулалтын орлогыг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 54 хувиар буурсан аж. “Адуунчулуун”-ы хувьцааны ханш оны эхнээс 499 төгрөгөөр буюу -23.8 хувиар буурч, 1601-д хүрчээ.