Монголын үнэт цаасны бирж өчигдөр биржийн бус зах зээлд арилжих “Нийслэл бонд”-ын тооцоог гүйцэтгэх, төлбөрийн үүргийг тодорхойлохоор төлбөр тооцоо гүйцэтгэх гэрээг “Тэлмэн групп”-тэй байгуулав. Хөрөнгө оруулагчдад хаалттай хүрээнд санал болгож буй уг бондыг арилжин таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт босгож, “Нийслэл” худалдааны төвийг ашиглалтад оруулахад зориулах аж.
Бондын эхний транчийн (ямар нэг санхүүгийн хэлцэл, эсвэл хэрэгслээр авч буй санхүүжилтийн тухайн цаг хугацаанд орж ирж буй хэсгийг хэлнэ) хувьд 12, хоёр дахь нь 24 сарын хугацаатай байх гэнэ. “Тэлмэн групп”-ийн гаргах энэхүү бондын хүүг хагас жил тутам, эргэн төлөлтийг нь хугацааны эцэст хийх юм байна. “Нийслэл бонд” нь зохицуулалттай зах зээлд хаалттай хүрээнд биржийн бус зах зээлээр арилжиж, төлбөр тооцоог нь мэргэжлийн байгууллага гүйцэтгэх хоёр дахь бонд болж буй.
Ц.Ундрал