Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныхан хаврын тариалалтын ажлын явцыг хэрхэн дүгнэж байгаа бол. Манай улс энэ жил 387 000 орчим га талбайд үр тариа, үүнээс 368.2 мянга га-д улаанбуудай, 13.8 мянган га-д төмс, 8.9 мянган га-д хүнсний ногоо тарихаар төлөвлөжээ. Жимс жимсгэнэ, тос болон малын тэжээлийн ургамал тариалах талбайн хэмжээг оролцуулбал энэ онд нийт 480 000 орчим га газарт тариалалт хийхээр төлөвлөөд байна. Одоогоор үр тарианы тариалалтын төлөвлөгөөний 87, төмсний 90, хүнсний ногооны үр суулгах ажлын 54 орчим хувийг биелүүлээд байна. Үлдсэнийг нь 14- 21 хоногт багтаан гүйцэтгэх боломжтойг холбогдох албаныхан хэллээ. ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Болорчулуун “Тариалалтын ажил төлөвлөөгөөний дагуу явагдаж байна. Хөдөө аж ахуй бол байгаль цаг уураас хараат салбар. Одоогоор тариалангийн бүс нутгуудаар хур бороо бага, хуурайшилт их байна. Мөн цаг агаар сэрүүвтэр, өдөр, шөнийн агаарын хэм харьцангуй ялгаатай байгаа нь үрийг “дааруулж”, соёолох хугацааг нь оройтуулж буй. Одоогоор хамгийн гол бэрхшээл гэвэл үүнийг хэлнэ. Хэрэв энэ янзаар байвал буудай, ногооны болц болон хураалт оройтож, ургац алдах ч магадлалтай. Одоогоор үрээ ч бүрэн суулгаж амжаагүй тул ургацын төлөвийг хэлэх эрт байна” гэв.
Тариалалтын явц зургадугаар сарын эхний хагасын байдлаар өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 10-15 хувиар дутуу байгаа аж. Энэ нь тавдугаар сард сэрүүн, салхи ихтэй байснаас болжээ. Түүнчлэн шөнөдөө хүйтэн байгаатай холбоотойгоор хүнсний ногооны үрсэлгээг хүлэмжээс гарган, ил талбайд суулгах ажлыг удаашруулсан байна.
Монгол хүн сард 8-9 кг гурил болон гурилан бүтээгдэхүүн хүнсэндээ хэрэглэдэг гэсэн тооцоо байдаг аж. Ингэж үзвэл зургаан ам бүлтэй нэг өрхийн хүнсний хэрэглээнд сард 50 орчим кг гурил ногдоно гэсэн үг. Эндээс зургаан гишүүнтэй 100 гаруй өрхийн нэг жилийн гурилын хэрэглээ 140 000 орчим кг гэсэн дүн гарч байна. Тэгвэл ийм хэмжээний гурилыг бэлтгэхийн тулд Төв аймгийн Жаргалант сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Хонгор буудай” компани энэ жил мөн л 100 гаруй га талбайд улаан буудай тариалжээ. Нэг га талбайгаас дунджаар 2000 кг ургац авдаг гэсэн. Эл 2000 кг үр тарианы 70 орчим хувь нь гурил болдгийг тооцвол эднийх энэ жил 140 000 кг гурил үйлдвэрлэх боломж бүрдүүлэх юм. Энэ нь дээр дурдсан 100-гаад айлын нэг жилийн гурилын хэрэглээ.
2006 оноос газар тариалан эрхэлж буй “Хонгор буудай”-гийнхан энэ хавар улаан буудайнаас гадна 30 га талбайд төмс, 150 га-д тосны ургамал тариалжээ. Үүний тулд үндсэн зургаан ажилтан дээрээ нэмж 50- 60 хүн туслуулахаар хөлсөлсөн аж. Нэг хүний хөдөлмөрийн хөлс хийсэн ажлаасаа шалтгаалан өдөрт 20 000-40 000 төгрөг гэвэл зуны гурван сард чамгүй хөрөнгө цалинд зарцуулах нь. Мөн бүх төрлийн техникийн болон урсгал зардал, бусад эрсдэлээ тооцвол газар тариалангийн аж ахуй эрхлэх нь зориг, аз шаардсан ажил гэдгийг “Хонгор буудай” компанийн захирал Г.Болормаа хэллээ. Тэрбээр “Манай компанийн энэ хаврын тариалалт бүрэн дууссан. Гэсэн ч тариалалтын хугацаагаа жил жилийнхээс арай орой эхлүүллээ. Учир нь цаг агаарын нөхцөл, төлөвт тааруулж хүлээзнэсэн юм. Өвөл нийт нутгаар цас бараг ороогүй, газар чийггүй байсан нь бороо хүлээн, тариалалт оройтоход хүргэсэн. Тавдугаар сард бага зэрэг бороо орсон ч үр суулгасны дараа огт орсонгүй. Энэ нь газар тариалангийн ажлын үр дүн буюу ургацын хэмжээ, чанарт сөргөөр нөлөөлнө. Одоогоор манайх тариаландаа усалгааны систем нэвтрүүлээгүй тул тэнгэрийн “хараат” гэсэн үг” хэмээн ярив. Сүүлийн хоёр жилд цаг уурын тааламжгүй байдлаас шалтгаалан буудай тариалдаг цөөнгүй аж ахуйн нэгж алдагдал хүлээснийг тэрбээр дуулгасан юм. Учир нь манай улсын үр тарианы талбайд усалгааны систем бараг нэвтрээгүйтэй холбоотой гэнэ. Усалгааны техник нь өндөр өртөгтэй тул жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд ахадсан ажил юм байна. Мөн цаг уурын өөрчлөлт, эрс тэс уур амьсгалаас шалтгаалж үр тарианы салбарынхны ажил доголджээ.
Энэ жил “Хонгор буудай” компанийнхан ямар нэг зээл тусламж авалгүй хаврын ажлаа эхлүүлсэн гэв. Урьд жилийн ургац арвин байж, боломжийн орлого олсон тул санхүүжилтдээ санаа зовоогүй аж. Шатахуун түгээх ганц нэг станцаас түлш зээлснийг өр тавьсанд тооцохгүй хэмээн Г.Болормаа хошигнолоо.
Энэ хаврын тариалалтад 1500 аж ахуйн нэгж, 16 000 өрх, 950 орчим хоршоо оролцож буй. Тэд зүтгэх хүчний трактор 3130, үр тарианы үрлүүр 2200 , хөрс боловсруулах техник 5740, төмс, хүнсний ногооны үрлүүр 570 орчмыг ашиглаж байна. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 242 аж ахуйн нэгж, иргэнд 10.3 мянган тонн үрийн буудайг үнийн дүнгийнх нь 30 хувийн урьдчилгаа авч, жил орчмын хугацаатай зээлээр олгожээ. 383 аж ахуйн нэгж, иргэнд 1.6 мянган тонн шатахууныг 50, 250 аж ахуйн нэгж иргэнд 62 тонн ургамал хамгааллын бодисыг мөн 30 хувийн урьдчилгаатай 12 хүртэлх сарын хугацаатай зээлдүүлсэн байна. Үүнээс гадна газар тариалан эрхлэгчдэд урт хугацаатай зээл тусламж олгохоор төлөвлөн, өгч эхэлснээ ч холбогдох албаны мэргэжилтэн нь дуулгав. Үүнд БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 7.6 сая ам.долларын үнэ бүхий 186 трактор, дарш хураагч техник 34, хадлан, таримал тэжээл үйлдвэрлэх зориулалтай иж бүрэн 60 төхөөрөмжийг 10 хувийн урьдчилгааг нь авч долоон жилийн хугацаатай санал болгожээ. Эл зээлийг авсан аж ахуйн нэгж ч байгаа аж. Түүнчлэн 3000 га талбайг услах боломжтой 40 гаруй бороожуулагчийг 12 жилийн хугацаатай, жилийн хоёр хувийн хүүтэйгээр 20 компанид олгосон гэнэ.
Эндээс харахад манай улсын газар тариалангийн салбарын ашигт ажиллагаанд хамгийн том нөлөө үзүүлэгч нь байгаль орчин болон дэвшилт техник, тоног төхөөрөмжийн хэрэглээ гэхэд болох нь. Улсын хэмжээнд төмс, хүнсний ногоо тариалдаг талбайнхаа 70-80 хувьд усалгааны систем нэвтрүүлсэн ч үр тарианы талбай “цангасан” хэвээр байна. Тиймээс ч сүүлийн хоёр жилд үр тарианы аж ахуй эрхэлдэг цөөнгүй компани санхүүгийн алдагдал хүлээжээ. Мөн газар тариалангийн бүс нутаг дахь малчид, тариаланч хоорондын зөрчлийг мартаж болохгүй. Нэгэнт хаяа хатган амьдарч буй тэднийг хэрхэн бие биедээ хал балгүйгээр, аж ахуйгаа эрхлэхэд нь туслах талаар ямар бодлого баримталдаг бол. Ц.Болорчулуун “Үр тарианы салбарт усалгааны системийг илүү ихээр нэвтрүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, ган гачигт тэсвэртэй чанарлаг үр гарган авч, тариалж хэвших, тариалангийн талбайг малын хөлөөс хамгаалах ажлыг үе шаттай хийж байна. Эдгээрийн заримыг тухайн компани нь санхүүжүүлж буйгаас гадна төрийн оролцоо ч нэмэгдсээр байгаа. Тодруулбал, энэ жил бид БНХАУ-ын Засгийн газрын тусламжаар 24 орчим сая ам.долларын хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж урд хөршөөс авсан. Үүний 14 сая “ногоон”- ыг усалгааны тоног төхөөрөмж авахад зарцууллаа. Ингэснээр 3500 га талбайг услах боломжтой болсон. Өнгөрсөн жил газар тариалангийн бүсийг хамгаалах зорилгоор төсвийн хөрөнгөөр 400 км хашаа барьсан бол энэ жил 300 орчим км хашаа хатгана” хэмээн ярив.
Түүнчлэн Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалан, эрдэм шинжилгээний хүрээлэнд “элит” үр гарган авснаа ч дурдсан юм. Цаг уурын хуурайшилт, ган гачигт тэсвэртэй, манай орны байгалийн онцлогт тохирсон эл үрээр буудай тариалаад хоёр жил болжээ. Одоогоор 10 орчим аж ахуйн нэгж “элит” үрийг ашиглаж буй гэлээ. Жил ирэх бүр манай улсад салхитай өдрийн тоо олширч, салхины хурд өссөөр буй юм байна. Энэ нь хөрсний чийгийг алдагдуулж, үржил шимийг нь бууруулах нэг шалтгаан болдог аж. Иймээс хөрсөө хөндөхгүйгээр үрээ суулгах буюу тэг илдэншүүлгийн аргыг нэвтрүүлж эхэлжээ. Энэ нь газраа огт хагалахгүйгээр үрээ суулгадаг арга гэнэ. Энэ мэтээр аж ахуйн нэгж, хувь хүмүүс, төрийн албад өөрсдийн хүч, бололцоо, нөөц боломжид тааруулан газар тариалангийн ажлаа амжуулж байна. Техникүүдээ хөдөлгөж, ажилчдаа талбайд гарган, үрээ суулгаж, өөрсдөөс шалтгаалах бүхнээ хийжээ. Харин үр дүн нь олон хүчин зүйлээс шалтгаалах ч байгалийн давагдашгүй нөлөөнд автаж болзошгүйг мартаж болохгүй.