-Махны хангамж, нийлүүлэлтийн талаар авч буй арга хэмжээний талаар-
ХХААХҮЯ-наас дотоодын зах зээлд нийлүүлэлтийн улирлын хамаарал болон цаг үеийн шинжтэй үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан махны хангамж, нийлүүлэлтийг сайжруулах талаар авч байгаа арга хэмжээ, мөн цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа.
Нийслэлийн хүн амын махны хангамжийг тогтворжуулах, нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах зорилгоор арилжааны банкны эх үүсвэрээр мал, мах бэлтгэсэн махны үйлдвэрүүдэд зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх замаар мах нөөцөлж, хөнгөлөлттэй үнээр худалдан борлуулж байна.
Арилжааны банкны шалгуурт тэнцсэн “Баатарууд Тэнгэр”, “Дархан меат фүүдс”, “Сүхбаатар мах маркет” ХХК-иуд нийт 4.0 мянган тн мах бэлтгэснийг нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс нийлүүлж байна. Худалдаанд 2019 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн байдлаар нийт 2820 тн мах буюу бэлтгэсэн нөөцийн 70.5 хувийг борлуулаад байна.
Нийслэлийн 8 дүүрэгт хүнсний 137 дэлгүүрээр дамжуулан үхрийн ястай махыг 7200 төг/кг, хонины ястай махыг 6000 төг/кг, ямааны ястай махыг 5500 төг/кг үнээр худалдаалж байна. Энэ нь зах зээл дэх жижиглэнгийн үнээс 16-45 хувиар хямд байгаа юм.
Нийслэлийн хүн амын махны нийлүүлэлт, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор өргөтгөсөн худалдааг 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулахаар шийдвэрлэн ажиллаж байна. Нөөцийн махны худалдааг хүртээмжтэй болгох зорилгоор салбарын яамнаас Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Улаанбаатар хотын холбогдох байгууллагуудтай уулзаж, худалдааны сүлжээ дэлгүүрүүдээр дамжуулан зохион байгуулахаар ажлаа эрчимжүүлж байна.
5 дугаар сарын 10-наас 15-ны өдрийн хугацаанд хүнсний захуудын махны үнэ огцом өсч, ард иргэдийг бухимдуулсан явдал нь цаг агаарын хүндрэлээс үүдэн хот хоорондын тээвэрлэлтийг түр хязгаарласан болон гарал үүслийн баталгаагүйгээс мэргэжлийн хяналтын байгууллагын хориг тавигдсанаас махны нийлүүлэлт саатсан, шатахууны үнийн өсөлт махны үнийн өсөлтөд нөлөөлсөн, дулааны аргаар мах боловсруулах үйлдвэрүүд захаас болон зах руу ирэх махнаас амдан авч, түүхий эдээ бэлтгэсэн зэрэг явдал нөлөөлсөн байна.
Үндэсний статистикийн газрын 5 дугаар сарын 22-ны өдрийн мэдээгээр өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад 62-136 төгрөгөөр буюу 0.5-1.27 хувиар буурсан байна.
Яамнаас 2019 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн тандалт судалгаагаар, Хүчит шонхор захад хонины мах бөөний үнээр нэг кг нь 7000-7800 төгрөг, жижиглэнгийн үнээр 8000-9500 төгрөг, ямааны мах 6500-7000 төгрөг, жижиглэнгийн үнээр 7700-9500 төгрөг, үхрийн мах бөөний үнээр 7500-9000 төгрөг, жижиглэнгийн үнээр 10000-12000 төгрөг, адууны мах бөөний үнээр 6800-7200 төгрөг, жижиглэнгийн үнээр 8500-9000 төгрөг үнэтэй байна.
Мөн орон нутгаас Нийслэл хот руу нийт 67.1 тонн мах, 553 толгой амьд мал нийлүүлэгдсэн байна.