Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийлээ. Тэрбээр "Үндсэн хууль зөрчөөгүй асуудлаар өргөдөл хүлээж авах ёсгүй. Зөвхөн хууль зөрчсөн асуудлаар Дунд суудлын хуралдааныг зарлан хуралдуулдаг. Анхнаасаа Д.Гантулга гэдэг хүний өргөдлөөр Дунд суудлын хуралдаан зарласан нь улс төрийн зорилготой гэж хардах үндэслэлтэй болгож байгаа юм. Ямар ч гишүүн өөрийн хүсэлтээр өргөдлөө өгөх эрх нь Үндсэн хуулиар олгогдсон байдаг.
Хоёрдугаарт, нам бүртгүүлж байна гэдэг сонгуульд оролцох гэж л байна гэсэн үг. 180 хоногийн өмнө бүртгүүлэх үү эсвэл хоёр жилийн өмнө бүртгүүлэх үү гэдэг нь хамаагүй. Намаа төлөөлж эсвэл бие дааж сонгуульд ордог хуультай. Тэгэхээр зөвхөн намтай холбоотой асуудлаар хуралдсан бол Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргасан нь зөв гэж бодох байсан. Гэтэл Д.Гантулгын өргөдөлтэй хамт шийдэж байгаа нь улстөрийн захиалгаар ажилласан гэж хардахад хүргэж байна.
-Хэнтийн нөхөн сонгууль болохгүй гэж ойлгож болох уу?
-Нөхөн сонгууль болох ямар ч боломжгүй. Нэгдүгээрт, манай сонгуулийн хуулинд хавар эсвэл намар сонгууль явуулна гэж заасан байдаг. Тэгэхээр түдгэлзсэн гэдэг цэцийн шийдвэр нь автоматаар хуулийг хэрэгжүүлэх боломжгүй болгочихож байгаа юм. Тэгэхээр УИХ хүлээж авах уу үгүй юу гэдэг нь хамаагүй. Хоёрдугаарт, УИХ цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй гэхэд Их суудал хуралдана. Харин шийдвэрийг хүлээн авлаа гэхэд хууль өөрчилнө. Хууль өөрчилнө гэдэг хууль буцаан хэрэглэгдэхгүй. Хэрэгжсэн өдрөөсөө цааш явна гэсэн үг.
-Ард түмнийг 76 гишүүн төлөөлнө гэж Үндсэн хуульд заасан байдаг. Энэ зарчим алдагдах гээд байгаа юм биш үү?
-УИХ нь 76 гишүүнтэй байна гэж заасан байгаа. Иймээс 75-ыг заавал 76 болгох ёстой гэсэн хууль байхгүй гэсэн үг. Төрөөр тоглож байна гэж би хувьдаа харамсаж байгаа юм. УИХ-ыг гацаах, түүнийг муухай харагдуулах, парламентын бус Ерөнхийлөгчийн засаглалтай болгох гэсэн далд явуулгын нэг хэлбэр юм.