Г.Нацагдорж, Д.Отгонбат нарын иргэд нь УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлсөн нь хууль зөрчсөн хэмээн үзэж Үндсэн хуулийн цэцэд хандсан. Тэд "Улсын Их Хурлын 49 дүгээр тогтоол нь Үндсэн хуультай нийцэхгүй байна. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Улсын Их Хурал нь хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэгч, төрийн эрх барих дээд байгууллагын хувьд хууль дээдлэх ёс буюу хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах зарчмыг чанд баримтлан, зөвхөн хуулиар тодорхойлсон, хуульд заасан хүрээ хязгаарын дотор, гагцхүү хуульд үндэслэсэн шийдвэр гаргах ёстой.
Гэтэл Улсын Их Хурлаас Үндсэн Хуулийн хууль дээдлэх зарчмыг баримтлахгүйгээр 49 дүгээр тогтоолыг гаргасан нь Үндсэн хуулийг зөрчсөн зөрчил юм. Өөрөөр хэлбэл ард түмний элч, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримталж ажиллах Улсын Их Хурлын гишүүнийг хуульд заасан үндэслэлээр бус, харин бусдын дарамт шахалтын улмаас ямар ч шалтгаан нөхцөл заахгүйгээр гаргасан хүсэлтийг нь үндэслэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, чөлөөлөхдөө Улсын Их Хурал нь хуулийг дагаагүй байна" хэмээн мэдэгдсэн. Тэгвэл уг асуудлыг Үндсэн хуулийн цэц өнөөдөр Дунд суудлын хуралдаанаар хэлэлцлээ. Дунд суудлын хуралдаанаас гарсан дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго уншиж танилцуулсан бөгөөд УИХ-ын гишүүнийг чөлөөлсөн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй хэмээн үзсэн байна.
Харин нөхөн сонгууль явуулах тов гаргасан, зардал шийдвэрлэсэн 2019 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр гаргасан УИХ-ын 22, 23 дугаар тогтоолыг түдгэлзүүллээ. Ингэснээр 2019 оны зургадугаар сарын 30-нд явагдах Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль явагдах эсэхийг УИХ шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэцээс гаргасан дүгнэлтийг УИХ хүлээж авах эсэхээс шалтгаалан нөхөн сонгууль явагдах эсэх нь шийдэгдэх аж.