Татварын багц хуульд бүхэлд нь тавьсан хоригийг өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд, хүлээж авсангүй. Гишүүдийн зүгээс “Эрдэнэт үйлдвэр”, “Оюутолгой”-н төлж буй татвар, гадаадын хөрөнгө оруулагч компаниудад ногдуулах 20 хувийн татварыг тав болгосон, эсэхийг илүүтэй лавлаж байлаа. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Олон улсын үндэстэн дамнасан санхүүгийн бүлэглэлүүд ядуу буурай, хөгжиж байгаа орнуудад татвар төлөхөөс зайлсхийдэг байдлыг таслан зогсоохын тулд олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас Монголын татварын эрх зүйн орчныг сайжруулахаар татварын хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлага тавьсан.
Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулахдаа бид ОУВС, Дэлхийн банк, ЖАЙКА зэрэг байгууллагын зөвлөгөөг авч ажилласан. Монгол Улс татвараа гүйцэд авах зарчим баримталсан. Цаашид ч төлөөгүй байгаа албан татварыг авахаар эцсээ хүртэл явна” гэсэн бол ажлын хэсгийн зүгээс “Оюутолгой”-н гадагшаа шилжүүлэх орлогод ногдуулах татварыг таван хувь болгосон гэдэг нь ор үндэслэлгүй хэмээн няцаав. Мөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаггүй, албан татвар төлөгчийн хүүгийн орлогод 20 хувиар татвар төлөх заалт хэвээр байгааг дурдаад, уул уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй Монгол Улсын компани дотоод, гадаадын хөрөнгийн биржид нээлттэй бонд босгож чадсан тохиолдолд таван хувийн татвар төлнө гэдгийг тайлбарлалаа.
Татварын дэглэмээр нь авч үзвэл, “Оюутолгой” нь хөрөнгө оруулалтын гэрээгээр тогтворжуулснаас гадна ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөрийн таван хувийг төлж, “өсөн нэмэгдэх”-ийг төлөхгүй байхаар зохицуулсан. 2018 оны байдлаар “Оюутолгой” ХХК 320.2 тэрбум төгрөгийг татварт төлснөөс 246.8 тэрбумыг улсын, 73.5 тэрбумыг орон нутгийн төсөвт төвлөрүүлжээ. “Эрдэнэт үйлдвэр” нь 551.6 тэрбум төгрөгийн татвар төлснөөс 503 тэрбумыг улсын, 48.7 тэрбумыг орон нутгийн төсөвт оруулсан байна. “Оюутолгой” нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар алдагдалтай ажиллаж байгаа бол “Эрдэнэт үйлдвэр”-ийнх ашигтай гарчээ. Өнгөрсөн оны тайлангаар “Оюутолгой” 15.4, “Эрдэнэт үйлдвэр” 171.4 тэрбум төгрөг төлсөн байгаагаас харахад, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувьд 155 тэрбум төгрөгийн зөрүү гарч байна гэж ойлгох ёстой хэмээн Татварын ерөнхий газрын Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал хариулж байлаа.
“ЮУН ДЭЭР АЛДСАНАА МЭДЭХГҮЙ БАЙЖ 2045 ОНД ХИЙХ ЮМАА ЯРИХ НЬ ЗӨВ ҮҮ”
С.Бямбацогт нарын гишүүдээс Ерөнхий сайдад хандан “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн явцын талаар тавьсан асуулгын хариуг сонссон. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийсэн бөгөөд гишүүдийн олонх нь Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтэд сэтгэл дундуур буйгаа илэрхийлж, төрийн холбогдох байгууллагын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байгаагаа хэлж байв. Тухайлбал, асуулга тавьсан гишүүн С.Бямбацогт “Үндсэн хуулийн дараа орохуйц ач холбогдолтой, монгол төрийн бодлогын хамгийн том бичиг баримтыг хэрхэн хэрэгжүүлэх, амьдралд нийцүүлэх, засаж залруулах талаар байнга анхаарч, ажиллах ёстой.
“Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” баримт бичгийн хэрэгжилтийн тайлан байхгүй, бодлогуудын уялдаа холбоог сайжруулах, өөрчлөх, хүчингүй болгох талаар ажил хийгээгүй нь илт байна. Ийм байхад Монгол Улс хэрхэн хөгжих вэ. Бодлоготой, тодорхой шийдэлтэй байж л хөгжинө шүү дээ. Социализмын үед таван жилийн төлөвлөгөөтэй байж түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө дээр, дооргүй ажилладаг байсан. 1996 онд П.Жасрай гуайн Засгийн газрын үед “Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал”, 1998 онд М.Энхсайханы үед “Монгол Улсын XXI зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөр”, 2008 онд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр санаачлан “Мянганы хөгжилд зориулсан үндэсний хөгжлийн цогц бодлого” гэж гаргаж байсан.
Өнгөрсөн УИХ-ын үед бид “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” баримт бичгийг баталсан. Урт хугацаа нь дундтайгаа, дунд нь богино хугацаатайгаа уялддаггүй, төрийн бодлогын бичиг баримтууд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрүүд, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлүүд нь холбоогүй, макро, микро түвшиндээ өөр өөр бодлоготойгоор явж ирлээ. Цаашдаа бид урт хугацааны бодлогоо дунд, богино хугацаанд хэрэгжүүлж, салбар нь өөрийн бодлоготой болж, өөр хоорондоо бодлогоороо уялдах, бүс нутаг, УИХ Засгийн газар аймаг орон нутгийн түвшинд нэгдмэл бодлоготой байх хэрэгтэй. 2015 онд бид Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль баталж, төрийн бодлогын бичиг баримтыг 15-20 жилээр боловсруулахаар хуульчилсан.
Гэтэл бид “Тогтвортой хөгжлийн зорилт-2030”-аа дүгнээгүй байж 2045 онд улсаа яаж хөгжүүлэх вэ гэдгийг яриад сууж байна. Эхний үе шат хэрхэн хэрэгжив, 2025 хүртэл хэрхэх вэ. Юун дээр алдав гэдгээ яриагүй байж 2045 онд хийх юмаа ярих гээд байж байгаа нь зөв юм уу. Үндсэн чиглэлийн болон төсвийн баримт бичиг нь ч уялддаггүй. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хажуугаар “Гурван тулгуурт бодлого” гэж гаргаад ирлээ. Бид хэчнээн олон бодлоготой юм бэ. Үүнийгээ төлөвлөж байх хэрэгтэй. Хэрэв үүнд Засгийн газар анхаарахгүй бол УИХ-ын гишүүд Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хуулийг шинэчлэн найруулж, өөрчлөлт оруулж, бодлогогүй явдаг байдлыг засах хэрэгтэй байна. Үүнээс өөр арга алга” хэмээн бухимдсан. Асуулга тавьснаас хойш жил гаруйн дараа хариуг нь сонссон нь энэ аж.
ХУРАЛДААНЫ ДЭГТЭЙ ХОЛБООТОЙ ХОЁР ТӨСЛИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХЭЛЭЛЦЭНЭ
Дараа нь Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийг батлав. Үүнийг 2020 оны эхний өдрөөс мөрдөх бөгөөд “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн өөрийн хэрэгцээнд 1998 оноос хойш импортоор оруулсан дизель түлшинд төлөх онцгой албан татварыг чөлөөлж буй юм. Өнгөрсөн хугацаанд энэ татварт төлсөн 98.3 тэрбум төгрөгийг илүү төлөлтөөр бүртгэх юм байна.
Мөн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хоёр төслийг хэлэлцэв. Эдгээрийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотойгоор боловсруулсан төсөл нь олонхын дэмжлэг авч, нөгөө нь “унасан”. Энэ удаа нэгдсэн хуралдаанаар хоёуланг нь дэмжиж, үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо.
Түүнчлэн Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэв. Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдад 2021-2022 оны хичээлийн жилээс үдийн цай бус, өдрийн хоол болгохоор тусгасан уг төслийг байнгын хорооны түвшинд дэмжсэн ч МАН-ын бүлэг завсарлага авсан юм. Тус бүлгийн ахлагч үүнийг дахин нягтлах шаардлагатай хэмээн тайлбарлана лээ.
Бэлтгэсэн: У.Наран