Хятад Америкийн хоорондын худалдааны дайнд Бээжин хариу алхам хийж эхэллээ. Америкийн 60 тэрбум долларын импортын бараанд татвар ногдуулах болсон тухай Хятадын Сангийн яам мэдэгджээ. Эл шийдвэр зургадугаар сарын 1-ээс хэрэгжиж эхлэх юм байна. Үүнээс өмнө АНУ Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр улсын худалдааны хэлэлцээр явагдаж байх үеэр Хятадын бараанд ногдуулах татварын хэмжээг нэмсэн билээ. Тэгээд хэрэв Бээжин хариу арга хэмжээ авсан тохиолдолд Вашингтон эргээд хариу барихыг тэрээр анхааруулсан юм. “Олон жилийн турш Хятад улс ашиг олж хожсоор харин АНУ хохирсоор ирлээ. Манай өмнөх ерөнхийлөгчид ажил үүргээ гүйцэтгэж чадаагүй байна. Тиймээс бидний авсан арга хэмжээнд Хятадын тал хариу барих шаардлагагүй юм. Нөхцөл байдлыг улам л хүндэрнэ. Тэргүүлэгч Си болон Хятад найз нартаа илэн далангүй хэлэхэд бидний санал болгож буй гэрээг хүлээж авахгүй бол Хятад улс маш ихээр хохирч, олон компаниуд өөр улс руу шилжинэ” гэж тэрбээр өчигдөр /2019.05.13/ “Твиттер” хуудсандаа бичжээ. Өнгөрсөн долоо хоногт Вашингтонд Америк-Хятадын худалдааны 11 дэх удаагүйн хэлэлцээр болж өнгөрсөн бөгөөд ямар нэгэн үр дүнд хүрээгүй билээ. Хятад улс хоёр талын худалдааны зарчмын асуудал дээр АНУ-тай санал нийлсэнгүй гэж Хятадын төлөөлөгчдийн дарга хэлэлцээрийг дүгнэжээ.