Өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, ажлын хэсэг болон гишүүдээс гаргасан томьёоллоор санал хураав. Тухайлбал, Монголын нотариатчдын танхим нотариатын тойрог, түүнд ажиллах нотариатчийн тоог тогтоох саналаа тухайн нутаг дэвсгэрийн хүн амын тоо, нийгмийн хэрэгцээ, шаардлага, нотариатч үйлчилгээний хөлс, орлогоор санхүүжин ажиллах боломж зэргийг харгалзан гаргахыг олонх нь дэмжив. Мөн Нотариатын цахим санд мэдээлэл хүлээн авах, хадгалах, ашиглах, түүний аюулгүй байдлыг хангах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар болж байна. Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхтэй холбогдсон аливаа хэлцлийг зөвхөн тухайн эд хөрөнгө байгаа тойргийн нотариатч гэрчлэх заалтын талаар гишүүн Х.Нямбаатар “Улаанбаатар хот нэг тойрог учраас Баянзүрх дүүргийн иргэн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхдээ Хан-Уул дүүргийн нотариатчаар гэрчлүүлж болно.
Энэ заалт нь хөдөө, сумдын тойрогт эрх авсан нотариатчид хотод үйлчилгээ явуулж, тойргийн тэнцвэр алдагдуулахгүйн тулд ингэж өөрчлөн найруулсан тухайгаа тайлбарлав. Харин “Танхимын дэргэд нотариатч хууль болон нотариатчийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн, эсэхийг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Сахилгын зөвлөл ажиллана. Зөвлөлийн гишүүдийг дөрвөн жилийн хугацаатай сонгох бөгөөд улируулан сонгохгүй” гэж гишүүн Б.Пүрэвдорж санал гаргасан ч дэмжсэнгүй. Түүнчлэн гишүүн Б.Ундармаа, О.Баасанхүү, М.Билэгт, Д.Дамба-Очир нар “Нотариатч төрийн бус байгуулагын гишүүн, төрөөс цалинждаггүй. Ажил, амьдралын туршлагатай хүмүүсийг насаар нь ялгаварлан гадуурхах нь буруу” хэмээн нотариатчаар ажиллах насны дээд хязгаарыг 70 болгох санал дэмжигдлээ. Үүнээс гадна гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Ц.Гарамжав нарын гаргасан “Танхимын ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа хоёр жил байх бөгөөд түүнийг улируулан сонгохгүй” гэсэн саналын тухайд нотариатын байгууллагын бодлого, үйл ажиллагааг тогтворгүй болгох, улстөржүүлэх эрсдэлтэй талаар Х.Нямбаатар, Ц.Нямдорж нар байр сууриа илэрхийлж байлаа.
Үргэлжлүүлэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайланг хэлэлцэв. Гишүүдийн зүгээс үндсэн чиглэлийн төслийг боловсруулахдаа хүрэх түвшин, шалгуур үзүүлэлтийг бодитой тогтоож, бэлтгэл ажил хангагдаагүй, хөрөнгийн эх үүсвэр тодорхой бус зорилт, арга хэмжээг нэмж тусгахгүй байхад цаашид анхаарах шаардлагатайг сануулсан. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг улсын төсөвтэй уялдуулан батлахгүй бол эл баримт бичиг нь хөрөнгийн эх үүсвэргүй, хоосон цаас болохыг хэлж байсан юм. Сангийн сайд 2019 оны улсын төсөв дэх хөдөө орон нутгийн хөрөнгө оруулалтын дүнг онцолж, нийт 3.2 их наяд төгрөгийн гадаадын зээл, тусламж, төсвийн хөрөнгө оруулалтыг орон нутагт хийхээр төсөвлөсөн нь Монгол Улсын түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт болохыг тодотгосон.
Гишүүн Т.Аюурсайханаас хүүхэд, эмэгтэйчүүдийг хулгайлах, худалдаалах гэмт хэрэгтэй холбоотой асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайдад тавьсан асуулгын хариуг сонсов. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хүн худалдаалах зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн, шалгагддаг тохиолдол цөөн болохыг тэмдэглэсэн. 2016 онд дөрөв, 2017 онд 10, 2018 онд энэ төрлийн найман хэрэг бүртгэгдэж шалгагдсан аж. Энэ оны дүгээр сарын байдлаар хүн худалдаалах найман гэмт хэрэг бүртгэгдэн, найман эмэгтэй хохирсны зургаа нь 14-17 насны хүүхэд гэв. 2010 оноос хойш 25 501 хүн “Алга болсон” гэж бүртгэгдсэнээс 478 нь олдоогүй гэнэ.
“ЭРХ ЗҮЙН ОРЧИН БҮРДСЭН Ч САНХҮҮ, ОРОН ТОО ДУТАГДАЛТАЙ”
Сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүн Ж.Энхбаяр хүн хулгайлах, хүүхдийг боолын хөдөлмөр, бэлгийн мөлжлөгт ашиглах гэмт хэргээс сэргийлэх, таслан зогсоох эрх зүйн орчин бүрдсэн, эсэхийг тодруулахад, салбарын сайд нь “Эрх зүйн орчин бүрдсэн ч санхүү, орон тоо дутагдалтай. Бүтэц, орон тоогоо нэмэгдүүлэх саналыг удаа дараа тавьж ирсэн ч төсөв, санхүүгийн байдлаас үүдэн шийдвэрлэдэггүй” гэв. Мөн цагдаагийн хурандаа н.Отгонжаргалын мэдээлснээр сүүлийн таван жилийн хугацаанд бусдын биеийг үнэлүүлэх зорилгоор гадаад улс орон руу гаргасан, хүн худалдаалсантай холбоотой 49 гэмт хэрэгт 67 хүн холбогдож, 138 хүн хохирчээ. 2018 онд гурав, 2019 онд нэг хүн ял шийтгүүлсэн аж. 2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдсөн Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйл буюу хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн зүйл ангиар нийт есөн хэрэгт долоон хүн холбогдож, долоон хүн хохирсон байна. 2002 оны Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйл ангиар биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэлтийг зохион байгуулах зүйл ангиар 2013-2017 онд 104 хэрэгт 127 хүн холбогдож, 136 хүн хохирсон гэнэ. Эл чиглэлээр цагдаагийн байгууллага Хүйсийн тэгш эрхийн төв, “”Олон улсын шилжилт хөдөлгөөн”, “Талита Ази” зэрэг байгууллагатай хамтран 39 хохирогчийг эх оронд нь авчирчээ.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүхийн мэдээлснээр 2018 оны дүнгээр улсын хэмжээнд 3322 бүтэн өнчин хүүхэд бүртгэгдсэний 18.6 хувь буюу 621 нь 21 асрамжийн төвд амьдарч байна. Үлдсэн нь төрөл садан, гэр бүлийн хамаарал бүхий хүмүүстэйгээ амьдардаг гэнэ. Энэ үеэр гишүүн Я.Содбаатар “Нэн тэргүүнд холбогдох төрийн байгууллагууд зөв, бодит мэдээллийг өгч байх нь чухал. Олон нийтийн сүлжээнд өдөр бүр ийм төрлийн мэдээлэл гарч, нийтийг цочроож байхад албан ёсны тоо, бүртгэл нь өөр байдаг. Хуурамч мэдээ түгээж, олон нийтийн анхаарлыг татах зорилготой байж ч мэднэ” гээд энэ төрлийн мэдээлэлд хяналт тавих талаар онцолсон. Олон нийтийн сүлжээнд 35 мянгаас дээш гишүүнтэй, биеэ үнэлэлтийг зохион байгуулдаг байх магадлалтай группүүдийг хаах, устгах арга хэмжээг холбогдох газруудтай хамтран зохион байгуулж буйгаа цагдаагийн байгууллагын төлөөлөл хэлсэн. Мөн хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийн нөхцөл байдлыг судлахад ял эдэлж байсан, дахин гэр бүл болсон, архидан согтуурсан хүмүүс ихэвчлэн ийм төрлийн гэмт хэргийг өдүүлж байгаа нь ажиглагддаг талаар сайд Ц.Нямдорж тайлбарласан. Ажилгүйдэл, ядуурал, гэр бүлийн тогтворгүй харилцаа, таагүй орчин нь гэмт хэргийн суурь шалтгаан болохыг гишүүн Ц.Цогзолмаа хэлж байлаа.
НАМЫН БҮЛГИЙН АЖЛЫН АЛБАНЫХНЫ ЦАЛИНГ ТАМГЫН ГАЗРЫН АЛБАН ТУШААЛТНЫХТАЙ АДИЛТГАНА
Дараа нь Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Төрийн албаны тухай хуулийн 57.9-ийг үндэслэн төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг хэвээр мөрдөхөөр уг төсөлд тусгасан байна. Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрт Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, шүүгч, улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг хамааруулахгүй байхаар төслийг боловсруулжээ. Түүнчлэн АТГ, аудитын газрын удирдах ба гүйцэтгэх албан тушаалтны цалингийн хэмжээ, сүлжээг салбарын хуулиудаар нь зохицуулж байгаа тул уг төсөлд хамааруулаагүй аж.
Мөн Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцсэн бөгөөд Төрийн албаны 57.4 дэх хэсэгт сум, дүүргийн Засаг дарга, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч, Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тусгай албан тушаалаас бусад улс төрийн болон тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг УИХ тогтоохоор заасан байдаг. Иймд Төрийн албаны тухай хуульд нийцүүлж, төрийн зарим албан тушаалтны цалингийн хэмжээг тогтоохоор уг төслийг боловсруулжээ. Хуульд зааснаар улс төрийн болон тусгай албан тушаалд АТГ-ын удирдах, гүйцэтгэх албан тушаал, бүх шатны шүүхийн шүүгч, прокурор, үндэсний болон орон нутгийн аудитын газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаал, УИХ дахь нам, эвслийн бүлгийн ажлын албаны албан тушаал, сум, дүүргийн ИТХ-ын дарга, хот, тосгоны захирагч, шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтэн хамаарч буй.
Гэхдээ зарим албан тушаалтны цалинг тусгай хуулиар зохицуулдаг тул энэ удаа УИХ дахь нам, эвслийн бүлгийн ажлын албаны албан тушаалын сарын цалингийн хэмжээг Тамгын газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалын цалинтай, сум, дүүргийн ИТХ-ын даргын албан тушаалын цалингийн хэмжээг сум, дүүргийн Засаг даргын албан тушаалынхтай, шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч мэргэжилтнийг цагдаагийн байгууллагын офицер, ахлагчийн албан тушаалыг хамааруулж, адилтгасан албан тушаалын үндсэн цалинтай адил хэмжээгээр тогтоохоор төсөлд тусгасан байна. Эл итгэлцүүрийг баталснаар төсөвт нэмэлт ачаалал үүсэхгүй гэж санаачлагчид нь үзжээ.
“Хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах эрх зүйн зохицуулалт, тогтолцоо чухал”
УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн баасан гарагт НҮБ-ын хүний эрхийг хамгаалагчийн асуудал хариуцсан тусгай илтгэгч Мишел Форстыг хүлээн авч уулзлаа. Тэрбээр манай Засгийн газарт хүний эрхийн чиглэлээр техникийн тусламж, зөвлөмж үзүүлэх талаар ярилцах зорилгоор ажиллаж буй юм байна.
Монгол Улсын парламент өнгөрсөн долоо хоногт хүний эрхийн талаар салбар бүрийн төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг хийснийг УИХ-ын дарга онцлоод, “Манайд хүний эрхийн тулгамдсан асуудлууд байсаар байна. Үүнийг хангах зорилтыг хэрэгжүүлж, хяналт тавих албан ёсны институтийг бэхжүүлэх шаардлага бий. Манай улсын Хүний эрхийн үндэсний комиссын хувьд ноцтой хэрэг, зөрчлийн талаар шийдвэр гаргаж, хяналт тавих эрх нь хуулийн хүрээнд хязгаарлагдмал. УИХ энэ талаар хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөж байгаа” гэв. Тусгай илтгэгч М.Форст Монгол Улс бүс нутагтаа хүний эрхийг хамгаалах талаар мэдэгдэхүйц ахиц гаргаж байгааг онцолсон. Гэхдээ хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах эрх зүйн зохицуулалт, тогтолцоог бий болгох нь чухлыг тэмдэглэж байв. Тэрбээр улс орнуудын туршлагаас хуваалцах нь чухал ач холбогдолтойг дурдаад, олон улсын мэргэжилтнүүдийг урьж, сургалт, зөвлөгөөн зохион байгуулах тухай УИХ-ын даргын саналыг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Тэрбээр хүний эрхийг хамгаалагчдын асуудлаар мэдээлэл, зөвлөгөө өгөх зорилгоор Монголд дахин ажиллахаар төлөвлөж буй юм байна.
Бэлтгэсэн: Б.Уран