Өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын зарим бараа бүтээгдэхүүний импортын татварыг 10 хувиас 25 хувь болгон өсгөнө гэдгээ өөрийн Твиттер хуудсаараа мэдэгджээ. “Өнгөрсөн 10 сарын хугацаанд Хятад улс $50 тэрбумын өндөр технологийн бараандаа 25 хувийн татвар, бусад $200 тэрбумын бараандаа 10 хувийн татвар төлж байгаа. Эдгээр төлбөр тооцоо нь манай эдийн засагт сайнаар нөлөөлсөн. Баасан гарагаас эхлэн 10 хувиа 25 хувь болгон өсгөнө. Бас одоогоор татваргүй байгаа $325 тэрбумын дүнтэй бараанд 25 хувийн татвар удахгүй ноогдуулж эхэлнэ. АНУ-д төлсөн татвар Хятадын бараа бүтээгдэхүүний өртөгт бага нөлөө үзүүлдэг нь харагдсан. Хятадтай хийх худалдааны хэлэлцээр үргэлжилж байгаа ч хэтэрхий удаан байна. Тэд тохиролцсоноо буцаахыг оролдож байна. Үгүй!” хэмээн тэрээр бичжээ. Хэрвээ Трампын шийдвэр хэрэгжвэл Хятадаас АНУ-д нийлүүлдэг нийт 6,000 гаруй бараа бүтээгдэхүүний үнийг өсгөхөөр байгаа тухай The Wall Street Journal тэмдэглэжээ. Өнгөрсөн онд АНУ болон БНХАУ-ын төрийн тэргүүн нар Аргентины нийслэл Буэнос-Айрест уулзахдаа хэсэг хугацаанд харилцан бараа бүтээгдэхүүндээ татвар нэмж оноохгүй байхаар тохиролцсон бол Дональд Трамп дээрх мэдэгдлээрээ худалдааны дайны “галыг” дахин өдөөж буй бололтой. “Харин Ерөнхийлөгч Трампын уг мэдэгдэлд Бээжинд таагүй гайхшрал төрүүлж буй бөгөөд заналхийлэл, сүрдүүлгийн дунд хэлэлцээр хийхийг хүсэхгүй байгаа тухай эх сурвалжууд мэдээлжээ. Өмнө нь “Синьхуа” агентлаг хоёр талын худалдааны 11 дэхь хэлэлцээрийн уулзалт энэ энэ долоо хоногт Вашингтонд болох ёстойг мэдээлж байсан билээ.