Хүүхэд хүчирхийлсэн гэмт хэргийн ялыг чангатган Эрүүгийн хуульд оруулах гэж буй талаар УИХ-ын эмэгтэй гишүүдийг төлөөлөн М.Билэгт, Д.Оюунхорол нар өнгөрсөн баасан гарагт мэдээлэл хийлээ. Гишүүн Д.Оюунхорол “Нялх балчир хүүхдийг хүчирхийлсэн, тамлан зовоож байгаа талаар байнга ярьдаг ч тодорхой шийдвэр гаргалгүй өнөөдрийг хүрлээ. Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр олон хууль баталсан ч ялын бодлого нь ач холбогдолгүй байна. Тиймээс бага насны хүүхдийг хүчирхийлсэн этгээдийг бүх насаар нь гянданд хорих ял оноох өөрчлөлтийг Эрүүгийн хуульд оруулах нь зөв гэж үзлээ. Мөн хүчингийн хэрэг хийсэн хүмүүс Өршөөлийн хуулиар суллагддаг. Тиймээс цаашид ямар ч төрлийн Өршөөлийн хуульд хүчингийн хэрэг хийсэн хүмүүсийг хамруулдаггүй байхаар төсөлд тусгахаар ярьж байна. Хүүхдийн хүчирхийллийн 80 гаруй хувь нь гэр бүлийн хүрээнд үйлдэгдэж буй. Энэ нь Гэр бүлийн тухай хуулийг чангатгах шаардлагатай гэсэн үг. Мөн хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэхээс татгалзсан эцэг, эхчүүдэд тооцох хариуцлагыг чангаруулж, Эрүүгийн хуулиар зохицуулдаг байсныг сэргээх шаардлагатай” гэв.
Түүнчлэн энэ өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын эмэгтэй гишүүдтэй уулзаж, хүүхдийн эсрэг үйлдэж буй хүчирхийллийн талаар ярилцсан юм. Энэ үеэр Ерөнхийлөгчийн иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулахын тулд баримталж буй Төрийн тэргүүний бодлого, зарим шийдвэрийг танилцуулсан. Мөн Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Р.Булгамаа хүчин төгөлдөр үйлчилж буй холбогдох хуулиудыг хэрхэн хэрэглэж байгаа талаар мэдээлэл өгсөн юм. Бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэгт оноох ялын бодлогыг чангатгах талаар тэд санал нэгдсэн бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын төгсгөлд энэ сэдвээр уулзалт, яриа хэлэлцээгээ багасгаж, цаг алдалгүй ажиллахыг сануулав.
Ташрамд дурдахад, өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хүүхдийн эрхийг зөрчсөн, хүчирхийлэлтэй холбоотой үйлдлүүд нийгмийн анхаарал татсан асуудал болсныг онцлоод, УИХ-ын даргын зөвлөл хуралдан, энэ чиглэлд тодорхой ажил хийх болсноо мэдээллээ. Тухайлбал, Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлийн хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хянаж, шалгах зорилгоор энэ долоо хоногт ерөнхий боловсролын 133 дугаар сургууль, хүүхдийн хорих анги зэрэг байгууллагад ажиллах аж. Мөн Хүний эрхийн үндэсний комиссоос өргөн барьсан Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэл болон хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулахыг УИХ-ын Тамгын газрынханд үүрэг болгов. Хүүхдийн эрхийг зөрчиж, хохироосон, хүчирхийлсэн гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах талаар УИХ-ын зарим гишүүн хуулийн төсөл боловсруулсныг яаралтай өргөн барих, хэлэлцүүлэг зохион байгуулах талаар чиглэл өгсөн юм.