Өчигдөр буюу баасан гарагт (2019.05.03) АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ыг Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьсан тухай Reuters агентлаг Цагаан ордны эх сурвалжийг дурдан мэдээллээ. Ярилцлага цаг хагас үргэлжилсэн бөгөөд хоёр орны тэргүүн нар Умард Солонгосын болон Венесуэл дэх нөхцөл байдал мөн стратегийн довтолгооны зэвсгийг цомтгох арга хэмжээний тухай Гэрээг сунгах боломжийн талаар хэлэлцжээ. Үүнээс гадна ярианы нэг хэсэг тусгай прокурор Роберт Мюллерын АНУ-ын 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Оросын оролцооны талаарх илтгэлийн тухай байжээ. Яриа ерөнхийдөө “эерэг байдалтай” болж өнгөрсөн талаар Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс мэдэгджээ.